УИХ-ын чуулганы /2014-05-30/ нэгдсэн хуралдаанаар улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн 80.8 хувийн саналаар "Тогтоолыг хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзэж хэлэлцсэн юм.

Энэхүү хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар "Инфляци хоёр оронтой тоонд шилжсэн, мөнгөний ханш 40 орчим хувиар унасан зэрэг сөрөг үр дагавраас болж УИХ-ын гишүүний цалин амьдралд хүрэлцэхгүй, өөр эх үүсвэрээс амьдралаа залгуулахаас аргагүйд хүрч байна. Засгийн газар ашигтай ажиллаж байгаа салбараа төр нь хувааж авах тухай яриад байгаа болохоос биш ашиггүй ажиллаж байгааг ашигтай болгохын төлөө бодлого оруулж ирж хэрэгжүүлэхийн төлөө ажиллахгүй байна. Төсвийн орлого сараар, улирлаар, жилээр тасарч байхад яагаад хариуцлага ярихгүй байна вэ" гэсэн юм.

УИХ-ын гишүүдийн цалин амьдралд хүрэлцэхгүй байгаа бол жирийн ард иргэдийн цалин бидний амьдралд яаж хүрэлцэж байгааг ойлгохгүй байдаг нь аргагүй юм байна. Хамгийн багадаа УИХ-ын нэг гишүүн сарын цалин гэж 1 сая 200 мянган төгрөгийг авдаг. Мөн дээр нь унаа, шатахууны зардал нэмэгддэг. Эрүүл мэндийн асуудал гарлаа гэхэд улсын эмнэлгээр үнэ төлбөргүй эмчилгээ үйлчилгээгээ авчихна.

Бүх зүйлээ улсын төсвөөс гаргаад авчихдаг улс. Ард иргэдийн өмнөөс сонгогдон УИХ-ын суудалд суучихаад цалингүй хүрэлцэхгүй гэж сууж байгаа нь эмгэнэл.

Хувийн байгууллагад нойр, хоолгүй зүтгэн байж нэг иргэн 600 мянган төгрөгийн цалин авч байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөгийн цалингаар амьдралаа өрх гэрээ тэжээгээд явж байгаа олон мянган иргэн бий. Гудамжинд гараад иргэдээс хэдэн төгрөгийн цалин авдаг талаар асуухад ихэнхи нь доод тал нь 500 мянган төгрөг гэж хэлнэ. Учир нь Монголд уул уурхай, Хүнд механизмын жолооч мэргэжилтэй хүмүүс л 1 сая төгрөг хүрэх үгүй цалин авдаг.

Үүнийг мэдэхгүй дээ ард иргэдийг доромжилж буй мэт Ц.Оюунбаатарын хэлсэн үг олон хүнийг дургүйцлийг хүргэж байгаа юм.

Манай улсад нэг иргэн нэг байгууллагад орсон бол өөр давхар ажил хийгээд явах боломж бололцоо байхгүй. Өглөө 8 цагаас ажил таран тартал ажлаа хийгээд заавал өрөндөө сууж байх ёстой. Ажлын цагаар гадагшаа гараад явах л юм бол нөгөө авдаг хэдэн цааснаас нь хасч орхино. Энэ мэтчлэн маш олон асуудал сөхөгдөн гарч ирдэг. Гэтэл бидний төлөөлөл болж гишүүний зөөлөн сэнтийд заларчихаад миний цалин хүрэлцэхгүй байна хэмээн таахалцаж суух нь хэр ёс зүйтэй вэ? Ядаж жирийн иргэн хөлсөө дуслуулан байж хэдэн төгрөгийн цалин авдагийг мэдчихээд ийн ярьж суувал дээр байхсан.

 

Х.Даваа