Өнгөрсөн оны өдийд УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Рио Тинто”-г гурван үндэслэлээр НҮБ-ын Дээд зөвлөл, Гаагийн олон улсын шүүхэд өгч байв. Учир нь Монгол Улсын иргэд байгалийн нөөцдөө эзэн байх халдашгүй эрх зөрчигдөж байгаа учраас олон улсын төвшинд асуудлыг тавихаар шийдвэрлэсэн нь тэр. Мөн хөрөнгө оруулалтын гэрээ хэтэрхий нэг талыг барьсан, эрх тэгш биш болсныг тухайн үед С.Ганбаатар гишүүн тодотгож байсан. 1803 хэмээх олон улсын конвенцийн шийдвэрийг Оюутолгойн гэрээ зөрчсөн. Энэ гэрээн дээр бага буурай хөгжиж байгаа орон байгалийн нөөцдөө эзэн нь байх халдашгүй дархан эрхийг тунхаглаж өгсөн байдаг. Үүнийг зөрчсөн тохиолдолд Олон улсын Гаагийн шүүхэд хандана гэсэн заалт ч бий. Иймээс Гаагийн шүүхэд “Рио тинто”-г өгч, НҮБ-ын удирдлагад мэдээлэл явуулах болсноо хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа дурьдаж байлаа. Өмнийн говийн ус сүүлийн 40 мянган жил бүрэлдэн тогтсон. Гэтэл энэ усыг гурван жилийн дотор л ашиглана гэсэн тооцоо гарсан байдаг. Монгол Улсын Засгийн газраас жилд 27 сая м/ куб ус ашиглахаар заасан заалт бий. Гэтэл энэ компани өдөрт 100- 150 тонн хүдэр боловсруулна гэж тооцоолсон. Нэг тонн хүдрийг 1.5 м/куб усаар боловсруулдаг. Үүгээр тооцоолоод үзвэл жилдээ 50 орчим сая м/куб ус ашиглах бөгөөд гурван жилд л бүх усыг ашиглана гэсэн үг. Энэ нь Монгол орны байгаль орчин аюултай байдалд орж, говь нутаг элсэн цөл болон хувирна гэсэн үг юм. Уг нь Оюутолгойд зөвшөөрөгдсөн усны хэмжээ нь 27.4 сая м/куб. Гэтэл Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн өнөөдрийн хүчин чадлаар усны хэрэгцээг нь тооцвол уг үйлдвэр нь гүний хоолойн усны тогтоогдсон нөөцөөс /жилд 35.4 сая м3/ хамаагүй давж байгаа. Энэ мэт уул уурхайн салбарт томоохон хөрөнгө оруулж Монголын ард түмнийг баян чинээлэг амьдруулах гарцыг нээсэн гэх “Рио Тинто”-ийн үйл ажиллагаа Монгол орны говийн бүсийг устгаж үгүй болгож байна гэвэл нэг их буруудахгүй болжээ. Нөгөө талаар “Рио Тинто”-ийн удирдлагууд яаж дуугарч байна тэр хэрээр Монгол Улсын Засгийн газар өмнө нь бөхөлзөж байна гэсэн хардалтыг давхар дагуулж байгаа юм. Ер нь “Рио Тинто”, Монгол Улсын Засгийн газар хоёр хэл амаа ололцолгүй зөрөлдөх, зөрчилдөх үе бий. Тухайлбал босоо амны хөрөнгө оруулалт дээр манай хоёр хэл амаа олохгүй бөөн юм болж байв. Үүнээс үүдэн Монголын тал эхэлж буулт хийн алдаа завхралаа засч “Том толгой” гаргасан Ц.Сэдванчигийг өөрчилж, Да.Ганболдоор сольсон түүхтэй. Айл гэрийн хооронд болоод геополитикийн асуудалд ч хувь хүмүүсийн харилцаа асар хүчтэй нөлөө үзүүлдэг. Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөх эрхтэй “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн удирдлагыг сольсон нь үнэндээ зөв шийдвэр байсан уу үгүй юу гэдгийг ард түмэн сайн мэдэж байгаа. Өмнө нь ч тус компанийн ТУЗ-ийг сонгосон. Харин энэ удаа гадаад дотоод явж, галуу шувууны мах идсэн орчин цагийн бизнесийн “олон улсын хэлтэй” Ч.Отгочулуу, Г.Тэмүүлэн нарыг энэ албан тушаалд томилсон. Үүгээр Монголын тал асуудлынхаа нэгээхэн хэсгийг шийдлээ гэж харж болно. Үүнтэй адил “Рио Тинто”-д багагүй “но” байсан. Монголчуудын дотоодын үл ойлголцлыг ашиглан Хөрөнгийн бирж дээр хувьцааныхаа үнийг унагах, босгох замаар өөрийн эзэмшлийн хувийг тэд нэмсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа “Эрдэнэс Оюутолгой” ХХК- ийн захирал асан Ц.Сэдванчиг ингэж мэдэгдлээ хэмээн гаднын нөлөө бүхий хэвлэлээр бичүүлж хувьцааныхаа үнийг навс унагаад өөрсдөө эргүүлэн худалдан авах замаар багагүй хөрөнгөжөөд авсан сураг ч бий. Энэ мэт бизнесийн арга ашиглан олон зүйлийг өөрийн гарт оруулсан “Рио Тинто” нэг л өглөө босоход Монгол Улсын Засгийн газрыг гартаа оруулчихсан сууж байхыг үгүйсгэх арга алга. Ийнхүү ажилгүй хүнийг ажилтай болгож алтан дээр суусан гуйлгачин заяаг нь өөрчилнө хэмээн томрох “Рио Тинто” хэмээх мөнгө ихтэй газар Оюутолгойг эзэмшилдээ бүрэн аваад зогсохгүй монгол ажилчдыг хэдэн зуугаар нь гудамжинд хөөж гаргаж эхэллээ. Сүүлийн үед уул уурхайн салбарууд үүд хаалгаа барьж, үйл ажиллагаагаа явуулах нь хэцүүхэн болж байгаа нь үнэн. Гэхдээ 300 хүнийг нэг өдөр ажлаас нь чөлөөлчихөөд үүнд Монголын тал буруутай гэж хэлэх нь тэдний хувьд энгийн зүйл байж болох ч ажилгүй болсон хүмүүст юм. Энэ асуудлаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат хэлэхдээ “Оюутолгой” ХХК 300 орчим ажилтанд цомхотгох мэдэгдэл өгсөн талаар мэдээлэл тархсан. МҮЭХ-ны үзэж буйгаар аливаа цомхотгол, бүтцийн өөрчлөлт хийхдээ үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай гэрээ хэлэлцээ хийдэг байх ёстой. Ажлаас хална гэдэг бол хамгийн сүүлчийн арга хэмжээний нэг гэж үзэж байгаа юм. Тиймээс МҮЭХ-ноос “Оюутолгой” ХХК-д хандаж, хуулийн дагуу Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон салбарын үйлдвэрчний эвлэлүүдтэй ажилчид цомхотгох, бүтэц зохион байгуулалтын асуудлаар хэлэлцээрийн ширээнд суух, нийгмийн хамгааллын асуудалтай холбоотой асуудлаар тусгай гэрээ байгуулахыг нэг талаас уриалж, нөгөө талаас шаардаж байна гэсэн юм. Хүнийг ажилгүй болгох шиг амархан зүйл байхгүй. Эргээд энэ ачаалал Монгол Улсын Засгийн газар, төр нийгэмд сөргөөр нөлөөлнө. Хоёрдугаарт “Оюутолгой” ХХК удирдах албан тушаалтнууд хичнээн хүн яаж цомхотгох талаар албан ёсны мэдээллийг өгөхгүй байна. Жишээлбэл эдийн засгийн хүндрэл гарах болгонд ажилчдаа цомхотгоод байх уу, хамгийн түрүүнд монголчуудыг халах уу гэсэн шаардлагыг мөн тавьж байна” гэж мэдээлсэн.Үүнээс үзэхэд монголчууд “Рио Тинто” буюу Оюутолгойд бүрэн дарлуулчихсан бололтой. Мөн баттай эх сурвалжаас харахад Оюутолгой зөвхөн 300 хүний ажлын байр төдий бус 2000 гаруй хүн ажилгүй болж байгаа гэнэ. Яг Оюултолгой компаниас 62 хүн одоогоор ажилгүй болох бичгээ гардан авсан бол түүний дагавар нэг компани л гэхэд 700 гаруй ажилчнаасаа 300 хүнийг халах болсон гэнэ. Энэ мэтээр 2000 хүн ажилгүй болох албан бичиг гардан авсан сурагтай. Үүнд Монгол Улсын Засгийн газар хэрхэн хандаж байна гэдэг нь хачирхалтай. Ийнхүү зуны халуун өдрүүдэд ажилгүйчүүдийн тоо хэдэн мянгаар нэмэгдэж байна. Ер нь энэ сар гарсаар зөвхөн Оюутолгой ч биш уул уурхайн толгой компаниуд ажилчдаа халах шийдвэр гаргаад байгаа. Жилийн жилд “Оюутолгой” ажилчдаа хэдэн мянгаар нь хоморголон халах шийдвэр гаргалаа хэмээн шуугиан тарьдаг. Тэр бүхэнд Монголын тал л буруутай болж үлддэг гаж тогтолцоо бий боллоо. Ер нь эх орондоо ажиллаж амьдарч байгаа энгийн иргэд зүгээр сууж байгаад гэнэт ажлаасаа халагдах шийдвэр хүлээж авдаг ёс сүүлийн үед тогтоод байгаа. Үүний бурууг “Рио Тинто” үүрдэггүй. Тэдэнд хүн алжаасаа халагдах нь тийм ч их чухал зүйл биш гэдэг санаагаар ханддаг. Хэрэв Монголын тал “Рио Тинто”-г буруутгавал өөр хэлбэрээр өшөөгөө авах гэж зүтгэдэг өш хонзон санадаг хүүхэд шиг хачин зантай гэж зарим хөндлөнгийн ажиглагчид дүгнэдэг. Ийнхүү өнөөх бидний сандайлж байсан хөрсөн доорх баялгийг ил гарган эзэмшиж буй хөрөнгөтнүүд монголчуудыг хэдэн зуугаар нь ажилгүй болгосоор л байх уу. Үүнд анхаарал тавьж тэмцэл хийдэг цорын ганц байгууллага нь МҮЭХ-ныхон. Гэвч тэдний дуу хоолой шаргал ордон хүрээд л замхран алга болдог. Энэ нь мөн л хөрөнгө оруулагчидтай холбоотой байж болох юм.
 
В.НЭРГҮЙ