Зээлийн үйл ажиллагаа явуулдаг ломбардууд бүртгэлгүй, иргэдийг хохироодог зэрэг асуудалтай холбоотойгоор хуульчилж, зохицуулах шаардлага үүссэн.

Үүнтэй холбоотойгоор урган гарч ирсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн талаар тус төслийг Байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар өнөөдөр Хууль зүйн байнгын хороонд танилцуулж, гишүүд асуулт асуув. 

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн хүрээнд дараах зохицуулалтуудыг хийхээр тусгасан талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар болон Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг асуултад хариулах үеэрээ мэдээлснийг хүргэж байна. 

  • Ломбардын үйл ажиллагаа эрхлэгчдийг бүртгэлжүүлнэ. Бүртгэлийг хийхдээ тодорхой шаардлага тавина. 
  • Ломбардын бизнесийн эргэлтийн хэмжээг зааж өгнө. Эргэлтийн мөнгөн дүнгээс хамаарч бага эргэлттэйг нь дүүрэг, аймаг, сумын Засаг дарга, том эргэлтийн хөрөнгөтэйг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэхээр тусгаж байна. 
  • Үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулах шаардлагагүй гэж үзсэн. 
  • Ломбардын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын гүйцэтгэх удирдлагад тодорхой шаардлага тавина. Шаардлагад нийцээгүй хүн ажилласан нь тогтоогдвол хариуцлага тооцно. 
  • Хүүгийн дээд хэмжээг зөвлөл тогтооно. Хүүгийн мэдээллийг ил тод тавих ёстой. 
  • Барьцааны өмчийг дураараа зарж борлуулахгүй байх хариуцлагын асуудлыг тусгасан. 
  • Хувь этгээдүүд томоохон зах, худалдааны төвүүдэд зээл олгож байгаа, өдрийн зээл ч юм уу. Эдгээр нь заавал бүртгүүлж байж зээл олгохоос гадна зөвлөлөөс тогтоосон зээлийн хүүгийн дээд хэмжээг мөрдөх ёстой болж байгаа. Хэрэв давуулаад хүү тогтоовол хүү шаардах эрхээ алдана.