Монгол Улсын Засгийн газраас улсынхаа ойрын 30 жилийн ирээдүйн хөгжлийн чигийг нарийвчлан тодорхойлсон “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг баталсан.

Энэ бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлан хэрэгжүүлж байна. Зургаан салбарт томоохон өөрчлөлт хийх энэ бодлогын нэг салбар нь Эрчим хүчний сэргэлт юм. Манай улсын тухайд эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээж байгаа үнийг үйлдвэрлэж байгаа өртгөөс бага тарифаар тогтоосон нь энэ салбарт хийх шинэчлэлүүдийг хойш татах, хөгжлийг нь зогсонги байдалд оруулах үндсэн нэг шалтгаан болсон юм. Тухайлбал, сүүлийн жилүүдэд том чадлын цахилгаан станцуудыг шинээр ашиглалтад оруулаагүйгээс өнгөрсөн онд эрчим хүчний системийн нийт хэрэглээний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, үлдсэн хэрэглээг импортоор авсан. Гэтэл цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэглээ жилд 6-7 хувиар тогтмол нэмэгдэж, эрэлт жилээс жилд өссөөр байна. Тиймээс шинэ эх үүсвэрүүдийг барьж, хүчин чадлаа нэмэгдүүлэх, санхүүгийн хувьд бие даасан, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй тулгарлаа. Эдгээрийг хэрэгжүүлэх нэг гарц нь хэрэглэгчдэд түгээж байгаа эрчим хүчний үнийг нэмэгдүүлж, үйлдвэрлэж байгаа өртөгтэй тэнцүүлснээр дулааны цахилгаан станцуудын алдагдлыг нөхөж, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх гэдгийг салбарынхан онцолж байна.  Үүнийг бид Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын бодит нөхцөл байдалтай танилцсан сурвалжлагаараа баталгаажуулан уншигчдадаа хүргэсэн. Харин энэ удаа Дарханы дулааны цахилгааны станц төрийн өмчит хувьцаат компани болон Шарын гол нүүрсний уурхайд тулгамдаж байгаа асуудал хийгээд шийдвэрлэх гарцын талаар сурвалжиллаа.

 

 

 

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААНЫ СТАНЦ ЕС ХОНОГИЙН НҮҮРСНИЙ НӨӨЦТЭЙ

 

 

Дарханы дулааны цахилгааны станц 58 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тус станц одоогоор 18 мянган тонн нүүрс буюу ес хоногийн нөөцтэй байна. Гэтэл аюулгүйн нөөц багадаа 14 хоног буюу 30 мянган тонн нүүрс байх ёстой. Цахилгаан станц алдагдалтай ажиллаж байгаа санхүүгийн асуудлаас үүдэн эрчим хүчийг үйлдвэрлэх гол эх үүсвэр болох нүүрсээ хангалттай хэмжээнд нөөцөлж чадахгүй нөхцөл байдалд хүрчээ. Тус цахилгаан станцын нийт зардлын 44 хувийг нүүрс эзэлдэг. Жилд 430 мянган тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд нэг тонныг нь Шарын гол нүүрсний уурхайгаас 35 мянган төгрөгөөр авдаг байна.

 

Энэ талаар Дарханы ДЦС-ын Гүйцэтгэх захирал М.Жаргалсайхан “Сэлбэг материалын үнийн нэмэгдэл, валютын ханшны үнийн өсөлт зэргээс шалтгаалан зарлагаа танаж, орлогоо нэмсэн ч  4.4 тэрбумын алдагдалтай ажиллалаа. Цахилгаан болон дулааны эрчим хүчний түгээлтийн үнэ тариф үүнд хамгийн их нөлөөлсөн. Мөн түлшний зардал өссөн. Компанийн найдвартай ажиллагааг хангахад 10 тэрбум төгрөг шаардлагатай байна. Тодруулбал, эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээж байгаа тариф 141 төгрөг байгааг 28 хувиар нэмэхэд алдагдалгүй ажиллана гэсэн тооцооллыг бид гаргасан” гэв.

 

Дархан хотын дулааны эрчим хүчний хэрэглээ жилд 3-5 хувиар өсч байна. Тиймээс энэ эрэлтийг хангахын тулд бойлерын байгууламжийг өргөтгөх, хуучин хөргөх цамхагийг сэргээн засварлах, хөргөх цамхаг шинээр барих, хурц уур, тэжээлийн усны шугамын коллекторууд шинэчлэх гэсэн хэд хэдэн бүтээн байгуулалтийг хийх шаардлагатай болжээ. Хөргөх цамхаг нь түлшний зарцуулалтыг бууруулж, эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлдэг ач холбогдолтой юм. Шинэ хөргөх цахим барихад 10 орчим тэрбум төгрөг шаардагддаг аж.

 

Дарханы ДЦС-ын тухайд цалин багаас үүдэн  энэ жил 20 хүн ажлаасаа гарсан байна.  Мөн тендерийн асуудалтай холбоотойгоор ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцсыг олгоогүй зургаан сар өнгөрчээ.Энэ талаар тус станцын Үйлдвэрчний хорооны дарга Б.Болд “Хүний нөөцийн хомсдолд ороод ажилчдын ачаалал эрс нэмэгдлээ. Үүнээс үүдэн осол, саатал гарах эрсдэл өндөр. Тиймээс ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлээсэй гэж хүсэж байна. Ирэх онд  багадаа 30 хувиар нэмэгдүүлэх шаардлага бий. Өвлийн ачаалал нэмэгдвэл хоёр зуухыг нэг хүн хариуцан ажиллах шаардлага үүснэ. Энэ нь эрсдэл өндөртэй” гэсэн юм.

 

 

 

“НЭГ ТОНН НҮҮРСНИЙ ҮНЭ 55400 БОЛОХОД АЛДАГДАЛГҮЙ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ”

 

сонин mn

 

Станцын үйл ажиллагаатай танилцсаны дараагаар бид Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцууд төдийгүй хойд бүсийн эрчим хүчний гол эх үүсвэр болсон нүүрсийг нийлүүлдэг Шарын гол нүүрсний уурхайг зорилоо. Тус уурхай наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20-нд үйл ажиллагаагаа зогсоосон нь хойд бүсийн эрчим хүчний систем доголдох нэг үндэс болсон юм. Тухайн үед яагаад ийм шийдвэр гаргах болсон талаар “Шарын гол” ХК-ийн захирал Б. Мэндсайханаас тодрууллаа. Тэрбээр “Манай уурхай түлшнийхээ өрийг төлж чадаагүйгээс түлшгүй болж, нэг сарын хугацаанд тэг зогсолт хийсэн. Эрчим хүчний зохицуулах хорооноос 2020 онд нүүрсний үнийг 44500 мянган төгрөгөөр тогтоосон. Энэ үед дизель түлш 1600 төгрөг байсан. Одоогийн дизель түлшний ханш 3800 төгрөгөөр бодоход хоногт  60 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Энэ нь сард 1.8 тэрбум төгрөг болно.Түлшнээс  бусад сэлбэг материалын үнэ 60 гаруй хувиар нэмэгдээд байна. Харин нэг тонн нүүрсний үнэ 55400 болоход алдагдалгүй ажиллах боломжтой. Гэвч  эхний есөн сарын байдлаар нүүрсний өртөг 60 мянгад хүрсэн” гэв.

“Шарын гол” компани нүүрсний үнийг нэмэгдүүлж чадаагүйгээс бэлтгэн нийлүүлэгч болоод татварын байгууллага, нийгмийн даатгалын байгууллагад төлөх өр төлбөрийг хойшлуулж үйлдвэрлэлд нэн шаардлагатай засвар үйлчилгээг хийжээ. Гэвч Татварын ерөнхий газар болоод Нийгмийн даатгалын байгууллагаас хуримтлагдсан өр төлбөрөө төлөхгүй бол компанийн харилцах дансыг хаахыг мэдэгдэж үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эрсдэл үүссэн байна.

 

Үүнээс гадна  нүүрсний үнийг бодит өртөг зардлаас нь бага тогтоосноос компанийн өр төлбөр жилээс жилд өсч байна. Мөн Хөдөлмөрийн хуульд нэмэлт өөрчлөлт орж, дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсч, түүхий эд материалын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор  тус уурхай ДЦС-уудад нийлүүлж буй үнээр цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байгаа юм.

Энэ онд нэг сая 400 мянган тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа Шарын гол нүүрсний уурхайн нүүрсний үнийг нэмэгдүүлэхгүй бол бид цахилгаан, дулаангүй өвөлжих эрсдэл үүсчээ. Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Засгийн газраас ойрын хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай шийдвэрүүдийн нэг нь эрчим хүчний хэрэглэгчдэд түгээж байгаа үнийг нэмэгдүүлэх нөгөө нь эрчим хүчний нүүрсний үнийг нэмэгдүүлэх юм гэдгийг бид бодит нөхцөл байдалтай танилцсан сурвалжлагаараа хүргэлээ. Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний эрэлтийг бүрэн дүүрэн хангахад дан ганц төрийн оролцоо хангалтгүй гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар буй. Иргэдийн зүгээс оргил ачааллын үед цахилгаанаа хэмнэж, төрөөс дулааны цахилгаан станцуудын хэвийн, алдагдалгүй ажиллах боломжийг тарифыг өөрчилснөөр ямар нэгэн эрчим хүч, дулааны хязгаарлалтгүйгээр бид айдасгүй өнтэй өвөлжих нөхцөл бүрдэх юм.

 

 

Б.ДОЛЖИНЖАВ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин