Томуугийн вакциныг ажлын цагаар бүх өрх, дүүргийн эмнэлгүүдээр хийж байна
2022/10/26
Амбулаториор үйлчлүүлж буй хүмүүсийн ес орчим хувь нь томуу, томуу төст өвчин оношлогдож байгаа аж. Мөн хүүхдийн тасгуудад хэвтэн эмчлүүлэгсдийн 60 гаруй хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байгаа нь өмнөх долоо хоногоосоо нэмэгдсэн үзүүлэлт юм.
Түргэн тусламжийн дуудлага ч мөн нэмэгдсэн бөгөөд нийслэлийн түргэн тусламжийн дуудлагын 60 орчим хувь нь томуу, томуу төст өвчинтэй холбоотой байгааг албаныхан мэдээллээ.
ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан "Энэ жил хоёр эх үүсвэрээс 500 гаруй мянган хүн тун томуугийн эсрэг вакциныг авахаар төлөвлөсөн.
Энэ удаад 1-5 насны 214,000 хүүхэд, 42,200 жирэмсэн эх, 65-аас дээш насны, архаг хууч өвчтэй 218,000, эрүүл мэндийн ажилтан болон бусад мэргэжлийн байгууллагын ажилчдад томуугийн вакцин хийхээр төлөвлөгдсөн. 21 аймагт бүрэн түгээгдсэн байгаа.
Өнөөдрийн байдлаар 2,540 хүүхэд, 13 жирэмсэн эх, 65 насны 942 хүн, эрүүл мэндийн байгууллагын 852 ажилтан томуугийн вакцинд хамрагдсан байна. Вакциныг ажлын цагаар бүх өрх, дүүргийн эмнэлгүүдийн вакцины нэгжээр дамжуулан хийхээс гадна 2-5 хүртэлх насны хүүхдүүдийг хамруулахын тулд асран хамгаалагчаас зөвшөөрөл авч, цэцэрлэгүүд дээр хийж байна" хэмээлээ.