Л.Энхболд: Нүүрсний хулгайд хэн хэн холбоотойг мэдэж л байна
2022/11/04
УИХ-ын гишүүн асан Л.Энхболдтой ярилцлаа.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрс зөөдөг улс төрийн бүлэгтэй тэмцэнэ гэдгээ зарласан. Таны хувьд УИХ-ын гишүүн байхдаа “Эрдэнэс таван толгой” ХК-ийн эзэмшлийн талбайгаас их хэмжээний нүүрс хулгайд алдагдсан гэх мэдэгдлийг та олон нийтэд дэлгэж байсан. Нүүрсний хулгайгаар шүгэл үлээсэн гэж харахаар байна. Өнөөдөр энэ асуудал юу болсон бэ?
-Нүүрсний хулгайтай хожуу тэмцэж эхлэх гэж байна. Гэхдээ эхэлж байгаа нь сайн хэрэг. Хамгийн гол нь тодорхой шийдвэрт хүрээсэй л гэж бодож байна. 2018 онд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хамт Өмнөговь аймагт очиж иргэдтэй уулзалт хийсэн юм. Энэ үеэр иргэд нэг асуудал сөхсөн нь юу байсан гэхээр Орон нутгийн өмчит Таван толгой буюу Эрдэнэс таван толгойн удирдлагуудын хамтын ажиллагааны нэг гэрээ байсан юм. Тэр нь 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн Таван толгой лицензтэй талбайгаас хил давуулж олборлосон учраас нүүрсийг нүүрсээр төлнө гэсэн гэрээ байсан. Өмнөговиос сонгогдсон гишүүний хувьд 268 мянган тонн нүүрсийг үнэхээр Өмнөговьчууд төлөх юм уу, эсвэл хэн нэгэн этгээдийн өмнөөс төлөх гээд байна уу гэж бодоод олон нийтэд гаргаж тавиад бодит байдлыг шийдвэрлүүлэхийн тулд анх АТГ-т өгч байсан юм.
Тухайн цаг үед их хэцүү байсан л даа. Хил дээр Мэргэжлийн хяналт, хилийн цэрэг, гааль, иргэний харьяатын дөрвөн байгууллага бий. Төрийн дөрвөн байгууллагыгг дамжиж 100 тонны машинаар хууль бусаар нүүрсийг хил давуулсан гэдэгт хэн ч итгэхгүй байсан. Иргэд бүр итгэхгүй байсан. Яагаад гэвэл иргэд хилээр 5,10 кг ноолуур гаргах гэж ямар олон даваа туулдгийг мэднэ л дээ. Тухайн цаг үедээ 4.2 сая тонн нүүрсний асуудал үүссэн байсан. Нөхдүүд ч гэсэн намайг нүүрсний хулгайг яриад эхлэхээр ийм зүйл байх боломжгүй гэдгээр маш ихээр харлуулсан. Би нүүрсний хулгайг гаргаж ирж тавьсан гол зүйл нь нэгдүгээрт, хэн хулгай хийгээд байгааг ил болгоё. Хоёрдугаарт, экспортоор гаргаад байгаа нүүрсний эх үүсвэр яг хаанаас гараад байна гэдгийг олох байсан. Өмнөговийн хилээр нүүрс гарвал мэдээж Таван толгойн бүлэг ордоос л гарсан байна гэсэн үг. Таван толгойн бүлэг ордод Энержи ресурс, Эрдэнэс таван толгой, Орон нутгийн өмчит таван толгой хамаарна. Энэ гурван ордын алинаас нь тэр нүүрс гарсныг тогтоож нүүрсний хулгайтай тэмцсэн бол илүү их үр дүнд хүрэх байсан. Тухайн цаг үед гурван төрлийн хулгайн асуудал байсан. Нэгдүгээрт, Орон нутгийн өмчит таван толгойгоос бүх эрх мэдлийг нь аваад нүүрсийг нь хууль бусаар гаргаж борлуулдаг байж болзошгүй гэж.
Хоёрдугаарт, Орон нутгийн таван толгой, Эрдэнэс тавантолгойн хил дундаа мөргөцгөөр халхлагдаж байсан. Тэр байхгүй болсон. Орон нутгийн таван толгойгоор дамжиж Эрдэнэс таван толгойн нүүрсийг хулгай хийж болзошгүй гэж. Гуравдугаарт, нүүрсний үнийг их барьдаг байсан. Жишээ нь, Орон нутгийн таван толгойн нүүрсийг 25 ам.доллараар барьдаг байсан. ч бага үнээр зарж байсан. ЭТТ 50,60 ам.доллараар зардаг байсан. Энержи ресурс 90 ам.доллараар зардаг байсан үе. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, хилийн цаана хэн нэгэн хятад нэртэй компани байгуулчихаад Монголоос нүүрсийг 25 ам.доллараар аваад хилийн цаана хэд нугалж зардаг байсан. Тэр мөнгө чинь өнөөдрийн ярьж байгаа 2.5 тэрбум ам.доллар. Тэр мөнгөнүүд оффшор бүс рүү явчихдаг. Томчуудын Хятадад байгуулсан бусад бүс нутагт байгуулсан компаниуд руу явчихдаг. Эргээд Монголд бараа бүтээгдэхүүн болоод ороод ирдэг. Ийм том нүүрсний бүлэг хулгай яваад байгаа юм. Үүнийг л Ерөнхий сайд хамгийн сүүлийнх нь процессыг одоо гаргаад ирэв үү гэж харж байгаа. Яагаад гэвэл ЭТТ-той оффтейк гэрээгээр хийгдсэн үнэ бол мэдээж бага байгаа. Урьдчилаад гэрээ хийчихэж байгаа болохоор. Тэгэхээр өнөөдрийн шууд борлуулалтын үнэ хоёрын хооронд зөрүү байгаа. Оффтейк гэрээ хийсэн нөхдүүд цаашаа яаж борлуулалт хийсэн, хэнтэй яаж хуйвалдсан нь хаалттай. Тийм учраас өнөөдөр УИХ дээр өндрөө аваад яриад байна гэж ойлгосон. 2011-2013 онд анх 379 мянган тонн нүүрс буюу 3758 машин нүүрсийг хоосон гэж бүртгээд хилээр татваргүй буюу хулгайгаар гаргасныг хууль хяналтынхан тогтоочихсон. Ганцхан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэргийг хаасан. Нүүрсний хулгай гэдэг зүйл 2011 оноос эхэлсэн байна. Цаг тухайд нь хууль хяналтынхан шударга ажиллачихсан бол Монгол Улсын эдийн засаг өнөөдрийн ханшаар 12 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хэмжээний алдагдалд орохгүй байсан. Яагаад 12 тэрбум ам.доллар гэж ярьж байна гэхээр би Эрдэнэс Монголд дэд захирлаар нэг жил ажилласан. Тэр үедээ Монгол Улсын гаалийн албан ёсны сайтад тавигдсан экспортын мэдээ, Хятадын гаалийн ерөнхий газрын импортын мэдээ хоёрыг сарын 30 доллар төлж авч үздэг байсан юм. Үүгээр нийтдээ 2008 оноос 2021 он хүрэхэд 6.6 сая тонн нүүрсийг манайх илүү экспортолчихсон байсан. Хятадын талд илүү бүртгэлтэй байна. Тэгэхээр бид 12 тэрбум ам.долларын нүүрсийг хил давуулаад алдчихсан байна гэсэн үг. Би уурхайгаас нүүрс хулгайлж байгаа проццессыг гурван үе шатлалтай гаргаж ирж тавьж байсан.
-Та уурхайгаас нүүрс хулгайлж байгаа процессыг гурван үе шатлалтай гаргаж ирж тавьсан гэж байна. Энэ талаараа дэлгэрүүлээч?
-Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсэгт Хилийн цэргийн удирдах газар оролцсон. Ингээд экспортод гарсан машины тоо, гаалиар бараатай гарсан машины тоо хооронд зөрүү гарч ирсэн. Нэг нь 815 мянган машин, нөгөө нь 849 мянган машин хил давсан байна гэх тоо гаргаж ирсэн. Эндээс 34 мянган машины зөрүү гарч ирж байгаа юм. 34 мянган машин хилээр хоосон гарна гэдэг байж боломгүй асуудал. Нэг машин 400 удаа хоосон гарсан гэх бүртгэлтэй байдаг. Нэг машин эвдрээд явах анги нь болохоо больсон цагт л үйлдвэрт нь засуулах гэж нэг удаа гарч болно. Жил бүр Хятадын талаас ямар машин явах гэж байгаа талаар бүртгэл мэдээлэл авдаг. Нэг машин 365 өдрийн өдөрт хоёр удаа хил гараад байгаа юм уу. Үнэхээр ойлгомжгүй. Би экспортод нь фокуслаагүй. Нүүрс алдаад байгаа уурхайг нь олох хэрэгтэй гэж явсан. Тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар маш сайн дэмжиж ажилласан. Ажлын хэсэг ч байгуулсан. Үүний дагуу Эрүүгийн долоон хэрэг нээсэн. Өнөөдөр нэг нь ч шийдэгдээгүй. Түүнчлэн 2017 оны тавдугаар сарын 22-ноос зургадугаар сарын 22-ны хооронд Орон нутгийн таван толгойн үйл ажиллагааг бүрэн зогсоогоод ямар ч хамгаалалтгүй болгоод 220 мянган тонн нүүрсийг сарын дотор зөөчихсөн. Яаж 220 мянган тонн нүүрсийг зөөсөн гэж мэдсэн бэ гэхээр машинаар нь тоолсон юм. Гашуунсухайт авто замын шалган нэвтрүүлэх мэдээг харахад тухайн цаг үед орон нутгийн таван толгойн тэр мөргөцгөөс ачиж гарсан машинуудын тоо гараад ирсэн. Ганцхан сарын дотор үйл ажиллагааг нь зогсоож байгаад 220 мянган тонн нүүрс Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө алга болсон. Оройны 18 цагаас өглөөний 06 цаг хүртэл ачилт хийсэн байдаг. Энэ бол тухайн үеийнхээр 20 гаруй сая ам.доллартой тэнцэх нүүрс байсан. Үүнийг холбогдох байгууллага буюу АТГ-т шалгуулах гэж өгч байсан. Гурав дахь нь, ЭТТ толгойн лизенцтэй талбайгаас Мэргэжлийн хяналтын шалгалтаар 340 мянган тонн нүүрс алга болсон. Бүхэл бүтэн цуварсан гурван хэрэг гараад байхад нэгийг нь ч хууль хяналтынхан шалгаж тогтоогоогүйн гай нь өнөөдөр гарч ирж байна.
-Хууль хяналтынхан яагаад хянаж шалгаад гаргаж ирээгүй юм бэ?
-Үүнийг хянах ёстой субьектүүд нэгдчихсэн. Хууль хяналтын байгууллага, төрийн байгууллага, өндөр албан тушаалтнууд, компаниудын нийлсэн том бүлэглэлд биднийг хэн ч шалгаж, хариуцлага тооцож чадахгүй гэх сэдлийг 2011 оноос хойш тавиад өгчихөж. Өнөө хэд нь хулгай хийгээд болдог юм байна. Хоосон машин гэж гаргаад болдог юм байна гэх ойлголттой болчихсон. Төрийн өндөр албан тушаалтнууд, тэр тусмаа хууль хяналтын өндөр албан тушаалтнууд прокурорын маш өндөр албан тушаал хашиж байсан хүний төрсөн дүү нь оролцсон хэрэг. Тэр хүн намайг яллах гэж гадагшаа нүүрсний аймгийнхантай прокуроруудтай нийлж аялсан. Их нарийн юм гарч ирнэ. Ийм байдаг учраас хэрэг илрэхгүй өнөөдрийг хүрсэн. Би өнөөдөр итгэл төрөхгүй л байна. Үнэхээр шүүх цэвэрлэгдсэн үү, прокурор цэвэрлэгдсэн үү. Өнөөдөр улс төрийн өндөр албан тушаалтнууд үүнд оролцоогүй юу гэдэг бас л асуудал. Оролцсон учраас тэдний нөлөөний хүмүүс хууль хяналтаар томилогдчихсон байгаа юм. Гэхдээ өнөөгийн Ерөнхий сайд, Хууль зүйн сайдад итгэж байна. Энэ асуудлыг урагш явуулчихаасай гэж харж байна.
-Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Нүүрс гараад орлого нь мөнгө болж орж ирэлгүйгээр бүтээн байгуулалтын төслийн бараа материал болоод Хятадад үлдчихээд байгаа юм. Энэ нь хичнээн хэмжээний мөнгө үлдэж байгааг нарийн тооцоолохоор Засгийн газраас ажлын хэсэг байгуулсан. Төлбөрийн балансыг тооцдог манай аргачлалаар зөрүү нь 2-2.5 тэрбум ам.долларын хэмжээнд яригдаж байгаа” гэсэн. Энэ бол маш том асуудал үүссэнийг хэлж байгаа биз дээ?
-Төрийн өндөр албан тушаалтан ярихааргүй ноцтой асуудал ярьж байна лээ. Үүний мөрөөр явах л ёстой. Шалгах ёстой. 2.5 тэрбум ам.доллар орж ирээгүй гэдэг бол маш том асуудал. Монголбанкны ерөнхийлөгч шууд хэлж өгөөд байна л даа. Хятадын ямар компани ямар байгаа нь маш сонин. Үнэхээр уул уурхайн бүтээгдэхүүн аваад цаашаа төмрийн үйлдвэр рүү явуулдаг юм уу, үгүй юм уу. Үндсэн худалдан авагч нь мөн үү, биш үү. Энэ бүхэн ил болох л ёстой. Уурхайн лицензтэй талбайгаас алдаад байгаа нүүрсээ ч олох хэрэгтэй. Ч.Хүрэлбаатар сайд саяхан экспортод гарч байгаа нүүрсний гэрээг цахимд бүртгэхээр болж байгаа гэж байсан. Энэ бол маш зөв. Үүнийг ил тод болгох ёстой. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг ажиллуулах шаардлагатай. Хөрөнгийн бирж дээр гаргаад ирвэл далд эдийн засгууд ил болж ирнэ. Жилийн өмнө ханш тогтчихно. Экспортод гарч байгаа тээврийн компаниудын ашиг нь ч тодорхой болчихно. Энэ хууль УИХ дээр байгаа. 2016 онд тухайн үеийн Засгийн газар, УИХ Монголбанкийг 600 орчим сая ам.долларын нөөцтэй хүлээж авсан. Валютын нөөц байхгүй бол ханш өсөх нь ойлгомжтой. 2020 онд гишүүнээс буухад 4.2 сая орчим ам.доллартай болсон. Өнөөдөр 2.4 сая ам.долларын валютын нөөц байх шиг байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоо тэр тусмаа нүүрсний экспортоосоо хулгайлаад байхаар валютын нөөц арвижихгүй. Ялангуяа оффтейк гэрээ эдийн засаг хүндрэлтэй үед тухайн улсынхаа эдийн засагт хүндээр нөлөөлж эхэлж байгаа юм.
-Нүүрсний хулгайтай холбоотой хүмүүс одоогийн УИХ дотор бий юү?
-Байгаа. Одоо бол би процессыг ажиглаж байна. Би хэн хэн холбоотойг бүгдийг нь мэдэж байна л даа.
Сайханаа · 2022/11/07
Нэр усаар нь хулгайч нарыг зарлах хэрэгтэй шүү дээ !!! Юунаасаа эмээгээд байдаг юм айн ...
Зочин · 2022/11/06
Эзэн Богдын минь үлдээсэн газар шороо минь даанч яавдаа?
Зочин · 2022/11/04
za chi byy hyz!!!ardchilsan nam bas olon jil ydirdaa biz dee!!!eleb deleb geed tanai ardchilsan nobsnyydiin chini hiisen hereg odoo her ni Mongoliin tor niigem ediin zasagt asar ikhe hohirol abchirsanaa martchihaa yu?....muusain eersdiigee bodson holiin yhaangyi tenegyyd,byeen emeerch baigaa ni sanaa ni yyum baih daa;gemgyi zarailj gene gemt heregtnyyd zygtaagaad eh orondoo irj chadahgyi tag sohor baigaa s dee!!sayhan bayarzogt hylgaich chini gem zemgyi hemeen gelbelzeed hylgain argaan barj yadsaar haragdsan,tanai Elbegdiorj gej bosoo oroolongoo yahaan siidsenii daraa eneeder tor barij baigaa MAN-iig doromjlooroi!!!muusain manuuhainuud?????????????????????Manuuhai ch yyrgee byelyyldeg yum suu!syns syydergyi gamingyyd aaaaaaaaaaaaaaaa
Зочин · 2022/11/04
meddeg yum bol il tod bolgood egeech?....Mal aa!!!
ган · 2022/11/04
Хэрэг нуун дарагдуулвал хариуцлага хүлээх заалт байдаг билүү
Зочин · 2022/11/04
hen hen holbootoi be ymar ch bsan gishuun adiyasuren jenko uur hen be
Зочин · 2022/11/04
Мэдэж байгаа бол хэлээч. Нуун дарагдуулвал бас гэмт хэрэг шүү
Ургамал · 2022/11/04
Ээ,чааваас, монголын Төрийн байж байгаа царай нь. МАН монголыг бараг 100 жил халаагүй удирдсан шүү. Луйварчид жижиг хувьцаа эзэмшигчдыг доромжилж басамжилж байгаа юм байна.