АМНАТ-ыг боловсруулах үйлдвэрүүдээс авч байгаа нь дампууралд хүргэж байна
2022/11/14
Ашигт малтмалын тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш АМНАТ (royalty)-ыг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төлж ирсэн.
Гэвч агуулга багатай төмрийн хүдэр, жоншны хүдэр, түүхий нүүрс АМНАТ шингэсэн, НӨАТ-тай үнээр худалдан авч баяжуулж экспортлоход олон улсын зах зээлийн жишиг үнээр борлуулсан гэж үзэж, дахин өндөр АМНАТ ногдуулдаг болсон билээ. Уул уурхайн салбарынхан Нягтлан бодох бүртгэлийн хуулиар олон улсын зах зээлийн үнээр буюу орж ирээгүй орлогоор тайлагнах боломжгүйгээ хэлдэг.
“Хүнд үйлдвэрийн эрдэс холбоо” төрийн бус байгууллага салбарын аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллүүд АМНАТ-ын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулав. Тус төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал М.Буянбадрах “2019 онд АМНАТ шингэсэн НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс хүдэр худалдан авч баяжуулж, боловсруулаад экспортлоход олоогүй орлогоос нь олон улсын зах зээлийн үнээр борлуулсан гэж үзээд, борлуулсан орлогоос нь өндөр хувь хэмжээгээр дахин АМНАТ ногдуулдаг болсон. Хэдийгээр хасалт хийдэг болгосон ч үйлдвэрлэгчдэд татварын дарамт хэвээр үлдсэн. АМНАТ-ын ийм зарчим дэлхийн ямар ч улсад байхгүй” гэж хэлэв.
Хэлэлцүүлэгт оролцогчид “АМНАТ-ыг давхардуулж олгосноор өнгөрсөн гурван жилийн хугацаанд компаниудыг өрөнд оруулж, дампуурахад хүргэж, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх боломжийг хааж байна” гэв. Мөн тэд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж батлахдаа АМНАТ-ын асуудлыг шийдвэрлэж, аж ахуйн нэгжүүдэд үүсээд байгаа дарамтыг бууруулах хэрэгтэй. Татварын алба нь АМНАТ-ын авлагатай, татвар төлөгчид төлбөрийн өртэй болж байгаа өнөөдрийн гажиг үзэгдлийг засч залруулахад аж ахуйн нэгжүүд дуу хоолойгоо нэгтгэн төр засагтаа хүргэх нь зүйтэй" гэж байр сууриа илэрхийлцгээв.
Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкнаас Монгол Улсад ашигт малтмалын салбарын эрх зүйн орчин тогтворгүй, АМНАТ-ыг давхардуулж ногдуулахгүй байх, хувь хэмжээ өндөр байгаа талаар Засгийн газарт зөвлөмж хүргүүлжээ.
Мөнхөө · 2022/11/14
Баялгаа зүгээр ухаад хямд зарчдаг компаниудыг бодвол ажлын байр үүсгэж тэр хэмжээгээрээ нэмүү өртгөө эх орондоо үлдээж баялаг бүтээж байгаа баяжуулах компаниудаа ингэж амыг нь баримааргүй байна өө