Хэдэн хоногийн  өмнө хэвлэл мэдээллийн TV, сайт, сонин гурав нийлэн Засгийн газрын агентлагуудаас шилдэгийг шалгаруулах уралдаан зарлаж, үүнийгээ дүгнэн сайхан жаазтай өргөмжлөлийг тухайн агентлагийн дарга нарт гардуулсан ажээ.

Гэхдээ ингэж шалгаруулахдаа “жааз”  тус бүрийг 10 сая төгрөгөөр үнэлсэн тухай яриа гарах болсон. ШӨХТГ-ын дарга О.Магнай дарга эдгээр шагнал шударга бус болсон тухай    жиргэсэн юм билээ.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулган дээр эл асуудал яригджээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр гишүүдийн асуусан асуултанд хариулахдаа:  “Шилдэг агентлагуудыг хэн, хаанаас шалгаруулсныг би мэдэхгүй. Шалгарлаа гэснийх нь төлөө гүйж очоод, тэр жаазыг нь авсан нь агентлагийн дарга нарын буруу. Хариуцлага тооцно” гэлээ. УИХ-ын дарга З.Энхболд “Тэр жаазыг чинь 10 сая төгрөгөөр худалдаж авсан гэсэн. Буцааж авахуулаад, улсын төсөвт тушаалгачих” гэж хэлэв. Харин Ерөнхий сайд “10 сая төгрөгийн үнэтэй жааз гэж арай байхгүй байлгүй дээ. Тодруулъя” гэжээ.

Үнэндээ элдэв номинаци бүхий иймэрхүү  хуурамч урлдаан, шалгаруулалтын цаана амар хялбар аргаар  мөнгө олох гэсэн увайгүй үйлдэл нуугдаж  байдгийг одоо хэн хүнгүй мэдэх болсон. Бүр зарим ТББ-ууд ийм төрлийн шалгаруулалт, шагнал, цол өргөмжлөлөөр дагнаж “ажиллаад” байгаа дүр зураг харагддаг. Иймэрхүү нөхцөл байдлыг одоо цэгцлэх цаг нь болсон.  Мөн Засгийн газрын агентлагийн дарга нар үнэхээр 10 сая төгрөгөөр дээрх жаазтай өргөмжлөлийг авсан нь үнэн бол үүнийгээ буцааж өгөх ёстой.

А.Галт

Ugluu-logo1