Баабарын далд томилгоо
2014/06/06
Энэ бөх хэний бөх вэ гэдэг шиг шинэ томилогдсон дарга болгоныг хэний хүн бэ гэж харддаг. Монголд мэдлэг чадвараараа төрийн албанд дэвших нь хумигдаж, аль нэг том даргын татаасаар юм уу, намын харьяаллаар дэвшүүлдэг моод дээдсийн хүрээнд дэлгэрээд удаж байна.
Тун саяхан ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Ядамдоржийг албан тушаалаас нь чөлөөлж, оронд нь тус газрын “Хэрэмт цамхаг” УҮГ-ын дарга С.Баяндалайг томилов. Хурандааг ажлаа хийж чадахгүй байгаа тухай яриа Цагдан хорих 461 дүгээр ангид жилийн өмнө дуучин Баавар буюу Ш.Батбаяр гавтайгаа шатаж түлэгдсэн үеэс гарч, хамгийн сүүлд Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан камертаа нас барахад бүр ч хурцадсан юм.
Иймээс Хүний эрхийн үндэсний комисс ч сэрж, МАН-ынхан ч гишүүнээ өмөөрөн Д.Ядамдоржийг огцруулахыг шаардсан нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг байж суухын аргагүй болгож, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дэмжлэгээр С.Баяндалайг томилжээ. Харин гадуур эрхэм гишүүн О.Баасанхүүг өргөх бичиг барьж, өөрийн хүнээ томилуулсан мэтээр цуурч байна.
Бас болоогүй ээ. Бүр хэдхэн хоногийн өмнө төрийн өмчит “Мон Атом” компанийн гүйцэтгэх захирлаар У.Энхтүвшин гэдэг залууг томилсон нь О.Баасанхүүгийн үй зайгүй найз юмсанж. Иймээс албан тушаал горилогсод эрхэм гишүүний зүг гуйж аргадсан харц илгээх болжээ. Харамсалтай нь энэ бол эндүүрэл. У.Энхтүвшин угаасаа Баабарын туслах байсан, сая түүний түлхээс лавхан орсон бололтой. Яагаад гэвэл Баабар “Мон Атом”-ыг байгуулах талаар С.Баярыг ятгаж, энэ УҮГ бий болсон түүхтэй. Сүүлийн үед ураны асуудал нэлээд газар авч, манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр В.Путинтэй ээлжилж уулзаад л байгаа.
ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.П.Патрушевын айлчлалын үеэр “Мон Атом” эзэнгүй байж болохгүй учраас 1995 оны АН-ын гишүүн, нийслэлийн Сүхбаатар дүүргийн АН-ын тэргүүлэгч байсан энэ залууг шууд томилсон юм. Цагтаа З.Энхболдын дор ТӨХ-нд ажиллаж, Ерөнхий сайдад зөвлөгөө өгч, Японд улс төр, эдийн засгийн боловсролоо чамбайхан дээшлүүлсэн У.Энхтүвшингийн хувьд ажиллагсдынхаа цалинг хэдэн сараар тавьж чадаагүй, данс нь улайсан тус компанийг хөл дээр нь босгох хатуухан даалгавар ногдож байна. Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компани Монгол Улсын Засгийн газар болон “Мон Атом”-аас 300 сая ам.доллар нэхэмжилж, Парисын худалдааны арбитрын шүүхэд дэнтэй дунтай байгаа. Гэсэн ч Баабар бас л бэлчээр томтой байна даа, туслахаа мартсангүй.
Манайхны эрэл заримдаа хэтэрхий тулга тойрч, ойрын хүнийг лхардах юм. АН засаглаж, “Шударга ёс” эвсэл дотроо ч даргын суудал олдохгүй байгаа О.Баасанхүү ийм том томилгоог яг хийлгэж харагдаач. Тэгээд ч Ц.Нямдоржоос эхлээд түүнийг оймсны тасархай масархайгаар нь дуудан доромжилж, Х.Тэмүүжинг огцруулах шаардлагаа татсанд нь дайрч давшлан дайран дээр давс нэмж сууна. Ер нь эрхмүүд чуулганы танхимд бие биеэ дайрч доромжлох нь хуульгүй ч хүн гүтгэх нь хуультай баймаар.