Төв талбайн жагсаалд өдөрт дунджаар 800-2,500 орчим хүн ирж, суулт зарлахад 56 иргэн оролцсон
2022/12/16
Нүүрсний хулгайг эсэргүүцэн төв талбайд жагсаал хийж буй. Энэ үеэр гарсан зөрчил, хэчнээн хүн оролцож байгаа талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан "Жагсаал, цуглааны нөхцөл байдалд дүгнэлт хийхэд өдөрт дунджаар 800-2,500 орчим иргэн жагсаалд оролцсон байна. Энэ оны арванхоёрдугаар сарын 8-наас эхлэн давхардсан тоогоор 56 иргэн суулт зохион байгуулахад оролцжээ.
Жагсагчдыг эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангах, бага насны хүүхдийг жагсаал цуглаанд оролцуулахгүй байх зөвлөмжийг ХЭҮК-той хамтран хэвлэл мэдээллийн байгууллага болон тухайн газар оронд чанга яригчаар тасралтгүй хүргэн ажиллаж байна. Гэсэн хэдий ч жагсаалд оролцогчдоос морь мал, амьтан авч ирэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусдыг хууль бус үйлдэлд өдөөн хатгах, өөрийгөө шатаах зэрэг үйлдэл гарсаар байна.
Арванхоёрдугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд жагсагчид руу дайрч, биед нь халдах оролдлого хийснийг таслан зогсоож, 15 иргэнд холбогдох шалгалтыг явуулсан. Найман иргэнийг эмнэлгийн байгууллагад хүргэн анхан шатны тусламжийг үзүүлээд байна" гэв.
Иргэд төв талбайд арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн жагссан бөгөөд өнөөдөр 14 дэх өдрөө үргэлжилж байгаа билээ.
Зочин · 2022/12/17
хүүхэд авч очих эрүүл бус өвчтэй хүмүүс хэрэггүй л байхгүй юу даа