Зогсож байсан машины араас мөргөсөн ослын улмаас нэг хүн нас баржээ
2022/12/22
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хустайн даваа”-нд осол гарч, машины бүхээгт нэг хүн хавчуулагдан нас барсан тухай дуудлага өчигдөр /2022.12.21/-ийн 23:05 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Хустайн даваа”-ны хойд бэлийн замын зорчих хэсгийн хажууд зогсож байсан “FVR33P” загварын ачааны автомашин /эзэнгүй, орхиж явсан/-ны араас “Ранжер” маркийн ачааны автомашин мөргөж, жолооч М/59 настай, эрэгтэй/ автомашиныхаа бүхээгт хавчуулагдан нас барсан байжээ.
Албан хаагчид цогцсыг гаргаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.