Хүчтэй төр, хүчтэй улстөр, хүчтэй төр улс босгож л чадвал Монгол үлдэнэ
2014/06/08
Америкийн улстөр судлаач Францис Фукуяамагийн бичсэн “State building” гарчигтай ном төрийг хэрхэн босгож ирэх вэ гэж буурай хөгжилтэй орнуудад зориулсан ном.
Энэ номонд Африкаас авахуулаад Латин Америк хүртэлх орнууд олигтой төр босгож чадалгүй уул уурхайгаар баяжсан баячууд болон цөөхөн гэр бүлүүдийн гарт орсоныг өөрчлөх тухай бичжээ. Фукуяама энэ л олигтой өөдлөж чадахаа больсон орнуудыг хэрхэн төрөө босгож улс орон шиг болж чадах вэ тухай бичжээ.
Ядуу буурай орнууд төрөө босгож чадахгүй бол ардчилал, эрх чөлөө, эдийн засаг ярих ямар ч боломжгүй гэжээ. Яагаад гэвэл мөнгөгүй ард түмэн эрх чөлөөгөөр юу хийх вэ дээ. Эрх чөлөө бол мөнгөтэй л хүний хийдэг ажил. Түүнээс гадна хүчтэй төр байхгүй газар эрх чөлөө биш анархизм гаарч хууль яагаад ч ажиллаж чадахгүй тул нийгэм тэр чигээрээ гэмт хэргийн л нийгэм болж хувирна.
Ардчилал ч гэсэн хоосон боловсролгүй мөнгөгүй ард түмэн дээр хэзээ ч тогтохгүй. Ардчилал босгоход төрд элитүүд хэрэгтэй. Гэтэл Монгол оронд сүүлийн 20 жилд нийт иргэд жигд амьдралтай орлоготой болж чадалгүй хар маас үүсжээ. Хар маас ихэсвэл элитүүд дээш гарах ямар ч боломжгүй болдог.
Үүний жишээ бол сонгуулиар хар маас өөрсдийнхөө адил хүмүүсийг сонгодог. Тиймээс улс орныг авч явах элитүүд улстөрд орж ирсэнгүй. Элитгүй улстөр бол наймаа, хуйвалдаан, авлигал, хээл хахууль гээд л хамгийн муу муухай л дэлгэрдэг л улстөр гэдгийг харлаа.
Сингапурын ерөнхийлөгч Ли Куан Юу Ази хүмүүс ардчилалыг барууны орнуудаас арай өөрөөр л байгуулах ёстой тул эхлээд хүчтэй төртэй болох ёстой гэсэн. Тиймээс өнөөдрийн Сингапур орон бол төрийн капитализм гэсэн 20-р зууны эхэнд маш их яригддаг байсан төрийн системээр хөгжиж явна. Ли Куан Юу хэлэхдээ мөнгөнд дуртай хүмүүсийг хэзээ ч улстөрд оруулж болохгүй гэж анхааруулжээ. Монгол орон яг үүний эсрэг 20 гаруй жил явлаа шүү дээ.
Америкийн Фукуяама болон Сингапурын Ли Куан Юу нар юуг чухалчилж төрийг хүчтэй байлгахыг захиж буй вэ гэхээр төр улс ерөөсөө этик болон моралийг л эхлээд Үндсэн хуулиндаа бичихийг зөвлөж сайн сайхан үйлс дээр л төр улс тогтоно гэжээ. Тухайн улс орныг цөөхөн элитүүд л авч явдаг гэж анх Англи оронд парламент гэдгийг байгуулж доод зиндааны эрсийг хэзээ ч улстөрд оруулах боломжгүй болгожээ.
Гэтэл Монгол оронд УИХ нэрийн дор хамгийн доод зиндааны эрс улстөрөөр дүүрчээ. Яг л жинхэнэ парламентийн агуулга болон зорилгын эсрэг байсан байна шүү дээ. Ингээд л ердөө мөнгө хөөсөн хүмүүс улстөрөөр дүүрсэн тул Монголын төрийг төр биш болгожээ.
Өнөөдөр Монгол оронд хүчтэй төр байж л хүчтэй Монгол орон болж чадна. Түүнээс биш баян гэр бүлүүд улам л баяжна. Баян компанууд татвар хэзээ ч төлөхгүй. Тэр ч бүү хэл татвараас чөлөөл гэж төрийг улам л хүчгүй болгоно. Мөнгөгүй төр бол хүчгүй л төр шүү дээ. Төр хүчгүй бол эрүүл мэнд устана.
Төр хүчгүй бол боловсролгүй иргэд дүүрнэ. Төр хүчгүй бол хаашаа ч залж удирдах боломжгүй хар маас улам л залуургүй болж тэдний тоо ихэснэ үү гэхээс хорогдохгүй.
Монгол орон өнөөдөр яг хаана яваагаа тогтоох цаг иржээ. Хүчтэй төр, хүчтэй улстөр, хүчтэй төр улс босоход ерөнхийлөгч хүчтэй байх чухал гэдгийг Фукуяама болон Ли Куан Юу нар анхааруулжээ. Хүчтэй ерөнхийлөгчтэй Америк орон хэзээ ч төрийг сулруулах биш харин ч хүчтэй болгож чадаж байна.
Хүчтэй төртэй газар ард түмэн ч улстөржөөд байдаггүй. Хүчтэй төртэй оронд тийм ч олон намууд байх шаардлагагүй. Монгол орон хүчтэй болох гэвэл эрх мэдлийг тарааж хаяж хэн ч хариуцлага хүлээхгүй болгох биш харин цөөхөн хүмүүст эрх мэдлийг төвлөрүүлж үүгээрээ хариуцлагыг цөөн хүмүүст даалгах хэрэгтэй болжээ.
Хятад, Орос хоёр хамтарсан олон жилийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ хоёр орон эдийн засгийн хамтарсан маш том төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Түүний цаана Англиар “BRICS” гэж товчилсон нэртэй Бразил, Орос, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африк гэсэн орнууд хамтран банк санхүүгийн нэгдэл зохион байгуулахаар боллоо.
Энэ орнууд 2016 онд Дэлхийн банк болон Дэлхийн Валютийн сангийн эсрэг хамтарсан банк санхүүгийн байгууллага байгуулахаар тохиролцлоо.
Урд болон Хойд хоёр хөрш ингэж идэвхитэй эдийн засгийн бодлого явуулж байхад Монгол орон хаана явна вэ? Монгол орон хэнтэй хамтарч ямар ирээдүйн том төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ? Зоригтойхон ил тод хөгжлийн чиг хандлагын тухай ярих тийм төрийн нууц хар хайрцагны бодлого байна уу?
Орос орон цаашлаад Беларус болон Казакстан хоёртой хамтран Евро-Азийн холбоо байгууллаа. Энэ гурван орон шинэ он гарангуут эрчим хүч, аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зуржээ.
Хаашаа л харна вэ хамтарсан нэгдсэн улс орнууд эдийн засгийн хүч чадлаа идэвхжүүлсээр. Улс орны хөгжлийн төлөө цаг завгүй ажиллаж мэдлэг боловсролоо уралдуулах тийм элит улстөрч байхгүй Монгол оронд ямар ч их болхи залхуу бялдууч хоосон заль бас хэнд ч хэрэггүй амбицууд бөөгнөрөв дөө.
Улс орнууд уулзаж учирч ирээдүйгээ төвлөж явахад Монголын сайдууд болон Их хурлын гишүүд түүх ярицгааж өвөг дээдэсээ дурсаж одоо тэгээд наадамаар морио уралдуулах гээд л завгүй явах шивдээ.
Хөөрхий Монгол орон ингэж ч ирээдүйн зорилго байхгүй маргаашийг төлөвлөхгүй найз нөхөд болох олигтой хамсаатан орон байхгүй дотроо бүгж хамгийн хоцрогдсон орнуудын тоонд багтаж боловсролгүй мэдлэггүй мухар сүсгийн ёстой л дундад зууны орон болсон гэмээр.
Монгол орон одоо яах вэ? Монгол орон цаашид юу хийх вэ? Экс ерөнхийлөгчидийн гэдэс цадаад чимээгүй болжээ. Экс ерөнхий сайд нарын хөрөнгө овоороод алаг болцгоожээ. Монгол орны эдийн засгийн төлөө тэд юу хийнэ вэ? Гэр орон авгай хүүхдээрээ хязгаарлагдсан энэ хүмүүсийн хөрөнгийг шалгах цаг болжээ.
Эксүүдийн экс авгай нөхөрүүдийг хүртэл шалгах хэрэгтэй. Яагаад энэ хүмүүс ийм болов яагаад гэвэл хүчтэй төр биш хүчтэй наймаачид л үүссэн байна шүү дээ. Ийм байдал үүсгэхгүйн тулд өнөөдөр ерөнхийлөгч Элбэгдорж хүчтэй төрийг босгох үйл ажилдаа ормоор байна.
Шийдэмгий зоригтой ажиллахгүй бол том намуудаас төрсөн феодал улстөрчид улс орныг цааш хөгжих ямар ч боломжгүй болгохын тулд идэвхитэй ажиллаж байгааг хэн ч харж л байна шүү дээ.
Монголын улстөрийн намууд өнөөдөр хүртэл элитүүд бэлтгэж чадсангүй. Элит байхгүй болохоор бүгд л адилхан чөтгөрийн тогоонд суухтай адил. Ерөөсөө Монголын улстөрийн намууд бол чөтгөрийн тогоонууд.
Цаашид ажиллах сонирхолгүй, хөдөлмөр хийж чадахгүй, номын бараа харах дургүй ерөхийдөө залхуу хүмүүс л улстөрийн нам руу сүүлийн 20 гаруй жил зүтгэж гудамжинд явсан хүмүүс шууд сайд болж эсвэл УИХ-ын танхимаар дүүрлээ.
Улстөрийн намуудыг цэвэрлэж өрчлөлт хийж ажилгүй хүмүүсийн нам биш элит хүмүүсийн нам болох тийм улстөрийн намуудын хуулийг ерөнхийлөгч Элбэгдорж одоо байгаа хугацаандаа хийж ард түмэндээ бэлэг барих цаг болжээ. Тэгэхгүй бол одоо ийм намууд 2016 онд сонгуульд ороод ямар ч хэрэггүй бас утгагүй.
Ерөөсөө 90 оноос хойш төрийн сайд болон орлогч сайд мөн төрийн нарийн бичгийн даргын алба хашсан бүх хүмүүсийн нэрсийг жагсааж хөрөнгийн шалгалт хийж Монгол орны хөрөнгө хэрхэн хэний гараар орж одоо гадаадын ямар банкинд хадгалаастай байгаа олж тогтоох цаг иржээ. Төрийн мөнгийг буцааж авч болно шүү дээ.
Сайдын алба хашсан бүх хүмүүсийн нэрсийг гаргаж тэдний гэр бүл болоод хүүхдүүдийн нэр дээр буй бүх хөрөнгийг шалгаж хаана ямар сургуулиудад хэний мөнгөөр төгсөж одоо хаана ямар ажил хийж явааг бас олж тогтоох цаг болжээ.
90 оноос хойш аж үйлдвэр болон бүхий л өнгөтэй өөдтэйг хувичлал нэрийн дор хулгай хийцгээсэн. Тэр том хулгай байсан. Өнөөдөр газар доорхоо хувааж идэх их Хулгай эхэллээ. Том хулгайн дараа Их хулгай эхэлжээ.
“Чингисийн этик” номондоо би Монгол оронд хэрхэн хүн чанар бүтээх яаж хүний ёсны нийгэм болох вэ талаар бичсэн. Үнэхээр л Монголын улстөрчид сайд босс гээд л мөнгө төгрөгтэй хөрөнгө мөнгөтэй гээд л яваа хүмүүс яасан ч хүний ёсны гадуур юм бэ дээ.
Америкийн баячууд хөрөнгөнийхөө тал хувийг шууд л улс орныхоо хөгжлийн төлөө зориулж бэлэглэсэн гэсэн. Монголын экс ерөнхийлөгч, экс ерөнхий сайд, экс сайдууд, олон ч банкнуудыг нурааж баяжсан хүмүүс улс орондоо хөрөнгөнөөсөө бэлэглэж эдийн засаг босгоход туслаж дэмжих цаг нэгэнт болжээ.
Ямар ч улстөрийн нам, ямар ч Үндсэн хууль, ямар ч компани, ямар ч төрийн бус байгууллага хүн ёс болон хүн чанар дээр л суурилах ёстой. Хүний ёс болон хүн чанарыг уландаа гишгэсэн улстөрийн болон эдийн засаг цаашлаад банк санхүүгийн байгууллагууд Монгол оронд ажил хэргээ явуулах ямар ч боломжгүй тийм л хүчтэй төрийг босгох үйл хэрэг Монголын төрд иржээ. Үүний дараа л улс шиг улс болох боломжтой. Үүний тулд Монголчуудын эв нэгдэл хэрэгтэй. Тус болохгүй ус болох гэсэн хүмүүсийг зайлуулах л хэрэгтэй.
Доктор С.Молор-Эрдэнэ
Зочин · 2014/06/09
Яг зөв хэлсэн байна.Одоо Элбэгдорж ерөнхийлөгчөөс л бүх юм шалтга******** болоод байна.Түүнийгээ ч мэдэж байгаа байлгүй.Одоо энэ захирах захирагдах ёс гэдгийг мартсан хэдэн улс төрчдийг буланд шахах хэрэгтэй.Үгэнд нь орж амиа авч гарах уу эсвэл өөрөө өөрсдийнхөө хүзүүнд олс углах уу гэдгээ шийдэх цаг нь ирж.