УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Нүүрсний хулгай илэрч, 17 хүний нэр зарлагдсан. Эдгээр хүмүүсийн тав нь УИХ-ын гишүүн... АН-ын зүгээс “Бүх хулгайн мөр МАН-ын цагаан байр луу чиглэж байна” гэж мэдэгдсэн. Нүүрсний гэх энэ хулгайн асуудлаархи таны байр суурь?

 

Нүүрсний хулгай байгаа гэдэг нь гарцаагүй боллоо. Нүүрсний хулгайг тээвэр ложистик, гааль, оффтэйк гэрээ, албан тушаалтнуудын мөнгө угаалт гэх мэтээр ангилж болохоор байна. Бид өнөөдөр нүүрсний хулгай гэх ерөнхий сэдвийн дор таван УИХ гишүүн зарлаад, маазрах гэдэг шиг асуудлыг мартагнуулж байгаа нь харамсалтай. Нөгөө талаас “вакцинжуулна” гэж ярьдаг юм даа, урьдчилсан байдлаар, түрүүлээд хулгай биш зүйлийг хулгай юм шиг яриад жинхэнэ хулгайгаа нуух гээд байдаг тал бий. Жишээлбэл, Л.Энхболд гэж нөхөр “ЖДҮ”-гээс авсан мөнгөө өндөр хүүтэй зээлүүлж мөнгө угаасан хэрэгт ороод ял авах гэж байсан этгээд гэнэт Тавантолгойн мөргөцгийн маргаан яриад эхэлсэн. Би өөрийнхөө намынхныг өмөөрч байгаа юм биш. Гэхдээ АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргын хувьд намынхаа гишүүдтэй, тэр дундаа УИХ-ын хоёр гишүүнтэй нилээн тулж ярьсан. Мөргөцгийн маргааныг шийдээд явж байгаа, энэ бол эрүүгийн хэрэг биш ээ гэсэнойлголтыг надад өгсөн. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хувьд гишүүн болохоосоо өмнө тээврийн компанитай байсан гэдгээ нуудаггүй. Гэвч МАН-ынхан дээрэмдээд авчихсан, одоо ямар нэгэн бизнес хийдэггүй гэсэн тайлбар өгч байна. 

 

Харин цаана нь яригдаад байгаа жинхэнэ их наядын хулгайнууд бол аймшигтай хулгайнууд харагдаж байна л даа. Жишээлбэл, оффтэйк гэрээнүүд. Би  “Голомт”-ын Д.Баясгаланг гайхаж байна.

 

Түүний тайлбарыг би харж байсан. Яг дээр нь төмрөө тавьсан, төмөр зам гэж нэрлээд байгаа зүйл нь 1.4 сая долларын өртөгтэй гэсэн. Тэгвэл доод талын суурь нь хэдэн доллар юм бэ? Би УИХ-д байхдаа төмөр замын талаар мэдээлэл авч байхад нийт ажлын 70 хувь буюу газар шорооны ажил хийгдчихсэн шүү гэсэн. Тэгээд үүн дээр ямар ч аудит оруулаагүй. Яг хоосон шороо юмуу гэдэг нь мэдэгдэхгүйгээр шууд мөнгийг нь өгчихдөг гэнэ ээ. Тэгээд өөрсдөө нэг км төмөр замыг 5 сая доллараар барилаа гэж. Хоёр дахь маш ноцтой зүйл нь Богд төмөр замын асуудал байна. Баригдаагүй төмөр замдаа 26 сая долларын нүүрс авсан ч гэх шиг...

Тэгээд аман дээрээсээ хэдэн төгрөгөөр авсан юм. Цааш нь хэдээр зарав. Зөрүү нь хэд вэ гэдэг нь ойлгомжгүй байна л даа. МАН-ынхан чинь юмыг булзайруулахын тулд аудит оруулна гэж хэлээд тэгс ингэсхээд 2024 онтойгоо золгох юм шиг байна. МАН-ынхан хоёр жил сайхан идчихээд үлдсэн хоёр жилд нь хэн идсэн бэ гэж яриад л суух нь... 

Энэ 17 хүн нүүрсний хулгайч мөн, бишийг би мөрдөгч биш учраас мэдэхгүй. Гэхдээ хулгай баталгаатай байсан уу гэвэл байсан юм байна. Энэ хулгайг эрх баригчид зохион байгуулалттай, нууцын гэрээ гэдгийг ашиглаж хийсэн юм байна гэдэг нь өдөр ирэх тусам улам тодорхой болж байна.  

 

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн бизнесийг МАН-ынхан дээрэмдсэн гэдэг яриа АН-ынхнаас эхэлж гарсан. Энэ яг юу болсон юм бэ?

 

Би сайн мэдэхгүй байна. УИХ-ын гишүүн бизнесийн үйл ажиллагаа явуулахыг хуулиар зөвшөөрдөггүй. Тиймээс хувьцаагаа зарах юмуу шилжүүлдэг. Зарим нь хувьцааны ашиг хүртээд явдаг. Надад А.Адъяасүрэн гишүүний зүгээс одоо ямар нэгэн тээвэрлэлтийн компани байхгүй гэсэн. Явж байгаа тээврийн зарим компаниудын зүгээс, Монголчууд ярьдаг даа, би тэрний хүн, энэний хүн гэж тийм маягаар үл ойлголцол үүсээд байхыг үгүйсгэхгүй. Түүнээс бус бодит байдал дээр УИХ-ын гишүүн болсноос хойш нэг ширхэг ч машин тээвэрлэлт хийгээгүй гэж тайлбар өгсөн. 

 

Иргэдийн хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэл алдарсан. Нүүрсний гэх хулгайчдад ч зохих шийтгэлийг нь өгч чадахгүй гэж дор дороо ярьж байна. Та хуульч хүний хувьд энэ асуудлыг юу гэж бодож байна?

 

Би хоёр талтай гэж харж байна. Нэг талаас шулуухан хэлэхэд 44 их наядын хулгайг шалгаж байгаа хуулийн байгууллагынхныг бид хамгаалах ёстой юм. Шүүгч угаасаа 100 хувь нэр хүндтэй байдаггүй юм. Онолын хувьд 50 хувь байхад л хангалттай гэж үздэг. Яагаад гэвэл шүүгчийн гаргасан шийдвэр нөгөө хүнд таалагдахгүй байж болно. Гэхдээ хуулинд захирагдаж, хараат бус байх ёстой. Шүүхэд итгэх ард түмний итгэл сул байгаа нь үнэн. Гэхдээ үүнийг далимдуулж авлигачид шүүх, хуулийн байгууллагыг барьцаалчих вий гэж би их санаа зовж байгаа. Сүүлийн жишээ С.Батдөл гээд хүний асуудал байна. Өмгөөлөгч хүний хувьд хөндлөнгөөс харахад шүүхэд ямар ч буруу байхгүй байна. Яагаад гэвэл цагдаад 48 цаг цагдан хорих эрх нь байгаа. Өмгөөлөгчийг оролцуулах ёстой юу гэвэл ёстой. Өмгөөлөгч нь оролцож амжихгүй шалтгаантай бол хойшлуулдаг. Хойшлуулсан асуудлыг л хэлэлцээд, таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй байна гэдэг сошиал дайралт, гүтгэлгийг зохион байгуулалттайгаар хийж байгааг би цаанаа өөр зорилго байна уу гэж харж байгаа.

 

Ер нь эцсийн шийдвэр гаргадаг шүүх рүү дайрах хандлага улам нэмэгдэж байгаа юм билээ. Өмнө нь шүүгч ямар нэгэн алдаа гаргавал засаж болдог байсан. Дээд шатны шүүгч нь доод шатны шүүгч рүүгээ материалыг нь буцаагаад наана чинь алдаа байна, зас гэдэг байсан. Тэгсэн сая энэ нөхдүүд чинь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэдэг дээрээ 34.16 гэдэг заалт оруулаад түүн дээрээ хэрэг буцаахгүй байна гэдэг зүйл оруулчихаж байгаа юм. Үүнээс шүүгчийн алдааг хэн засах юм бэ гэдэг ойлгомжгүй байдал үүсэж байгаа. Хоёрт, шүүгч нь прокурорт 1-ээс 60 хоногийн хугацаатай даалгавар гэчихээд жижигхэн алдааг нь засуулна гээд байгаа юм. Тэгээд ялла эсвэл цагаатга гээд гарцаагүй байдалд хийчихсэн. Сүүлийн үед 44 их наядын хулгайч нарын зүгээс хууль, шүүхийнхэн рүү хийх дайралт нилээн байна уу гэж харж байна. Сая авлигачдад нэн таатай хуулийг баталчихаж байгаа юм. Дэлхийн бүх оронд авлигыг илчилбэл ялаас чөлөөлдөг. Авлига өгнө гэдэг чинь мөнгөндөө дургүй болоод өгч байгаа хэрэг биш. Төрийн албан хаагчийг хайрлаад, баяжуулаад өгье гэсэн хэрэг огт биш. Авлигын зорилго нь давуу эрх олж авах, өөрт ашигтай шийдвэр гаргуулахад оршдог. Эсвэл гарцаагүй байдалд ороод өгдөг. Уг  нь авлига өгч байгаа хүнийг ялаас нь 50 хувь багасгадаг, хялбаршуулсан журмаар шийддэг. Чи 10 авлигачийг зарла, захиалагчаа хэл, нуусан хөрөнгөө авчир. Тэгвэл чамайг харж үзье гэдэг. Харин жинхэнэ авлигач нараа хатуу шийтгэдэг. Гэтэл одоо хялбаршуулсан журмыг зогсоо гэхээр хэн авлигач нарыг илчлэх юм бэ? Хэн гадаадад байгаа хөрөнгөө авчрах юм бэ? Тэгэхээр эд нар мөнгөтэй, хэвлэл мэдээлэлтэй, сошиал троллтой, жагсдаг, нүцгэлдэг нөхдүүдтэй учраас ийм тархи угаалт хийгээд байна. Нүүрсний хулгай дээр хуулийн зүгээс буулт хийх юман дээрээ буулт хий, хатуурхах юман дээрээ хатуурх. Ингэхгүй бол явахгүй. Эцсийн зорилго нь гэм хорыг нь арилгуулах. Тэр их алдагдсан мөнгөөрөө ядаж метротой болмоор байна, утаанаасаа салмаар байна, замаа засмаар байна шүү дээ.

 

Өнгөрсөн 12 сард болж, олон хоног үргэлжилсэн жагсаалын эхлэл, өрнөл, төгсгөлийг та хэрхэн харж, дүгнэж байв? Өнөөдөр ч гэсэн төлөөлөл болсон цөөн иргэд талбай дээр байсаар л байна...

 

Ер нь бол энэ хавар л их юм болно доо гэж харж байна. Аль ч улс оронд аливаа жагсаал цуглаан тодорхой зохион байгуулалттай байдаг. Дагаад янз бүрийн хүмүүс, янз бүрийн үзэл бодол илэрхийлдэг. Жагсах ёстой юу гэвэл жагсахаас өөр гарц алга. Өөр яаж ойлгуулах юм бэ? Жагсаал бол улс төрийн ба эдийн засгийн гэсэн хоёр зорилго агуулдаг. Улс төрийн зорилго нь эрх мэдлийг сольё гэдэг бол эдийн засгийн зорилго нь цалин, тэтгэвэр, ажлын байр нэмүүлэх, нийгмийн болон шударга ёсны асуудлуудыг шийдүүлэхэд оршдог. Ер нь залуус сэрэх цаг нь болсон байна. Би шүүх, прокурор, цагдаа, тагнуулын олон засуусыг мэднэ. Тэд нар бид ч гэсэн жагсмаар байна гэж хэлдэг. Надад эхнэр, хүүхэд, мөрдөс байгаагүй бол, би тангараг өргөөгүй бол, би тэнд чинь очиж зогсмоор байна гэдэг. Яагаад гэвэл би таниас илүү үүнийг чинь шалгаад, уншаад, ард талынх нь нөхцөл байдлуудыг мэдээд байгаа учраас дотор арзагнаад, уур хүрээд байна гэж байгаа байхгүй юу. Ийм хүмүүс өнөөдөр даргадаа захирагдахгүй ажлаа хийгээд явж байна. Тэр нь эрх баригчдын, улс төрчдийн уурыг хүргэдэг. Тэгээд хавчин гадуурхагдаж эхэлдэг. 

 

МАН үнэмлэхүй засаглаад долоо дахь жил рүүгээ орлоо. Гэтэл ард иргэдийн амьдрал бодит байдал дээр дордсон байна. Та эрх баригчдын бодлого, үйл ажиллагаанд ямар үнэлэлт, дүгнэлт өгч байна?

 

Амласнаа л биелүүлэх ёстой. Эдийн засаг болон шударга ёсны хоёр асуудлыг шийдэх ёстой. МАН-ын дарга нь манай намд ЖДҮ-чин, 60 тэмбумынхан, концесчин байгаа, хүн амины, хүчингийн хэрэгтэн байгаа, гэхдээ хүчээ нэгтгэе гэхэд нь ард түмэн хүчээ нэгтгээд л өгсөн шүү дээ. Тийм биз дээ? Бид чинь өөрсдөө хэвийн бус сонголттой хүмүүс байхгүй юу. Хөгжлийн банк, ЖДҮ, 60 тэрбум, концес, одоо нүүрсний хэрэг, төмөр замын хэрэг гэх мэт хэргүүд шийдэгдсэн үү? Хичнээн хүн ял авав. Хичнээн хохирол төлөгдөв. Төгрөгийн ханш ямар байна, валютын нөөц ямар байна. 2016 онд МАН АН руу битүү дайрсан шүү дээ. Талхыг таллаж байна, 1 доллар хэдэн төгрөгтэй тэнцэж байна гээд л... Гэтэл одоо МАН АН-ын эхлүүлсэн, хийсэн ажил дээр л суурилаад амь голтой амьдарч байна шүү дээ. Жишээ нь, Дубайн гэрээ, далд уурхайг эсэргүүцээд, үзэн ядаад гэрээг хүчингүй болгож, далд уурхайг зогсооно гэж гарч ирсэн. Одоо болохоор Оюутолгойн ачаар эдийн засаг сөнөчихгүй шиг явж байна. Далд уурхайн ажил эхлэхээр бидний төсөв нэмэгдэнэ гээд ярьж байгаа биз. Төмөр замын асуудлыг бид асар эсэргүүцнэ, шороо овооллоо гээд нэг мэнгэтэй хүн яриад байсан даа. Тэр хүн л хуулиа явуулаад зогсоосон шүү дээ. Одоо төмөр замын ачаар л бид нар боомтын сэргэлт хийе гээд байж байна. Одоо утаа гээд ярьж байна. Ипотекийн зээлийн буянаар 95 мянган айл орон сууцанд орж, 95 мянган яндан алга болсон шүү дээ. Богд уулын зам, Гудамж төслийн ачаар түгжрээ 0 зогсолтонд байгаа ч харьцангүй байна шүү дээ.

 

Одоогийн хотын дарга хэдэн граж буулгасан, өөр хийсэн юм юу байна?

 

МАН-ынхан биднийг тэнгэрийн замтай, дүүжин тээвэртэй болгоё гэсэн. Тэгсэн ганцхан түгжрэлийн сайдтай л боллоо шүү дээ. Өөр юмгүй л байна даа. Би одоо Эрдэнэтийнхнээсээ асуумаар санагдаад байдаг юм. Шулуухан хэлэхэд би жирийн иргэн байсан бол тухайн үед МАН-ын гурван нөхрийг сонгох байсан байх. Нэг нь Эрдэнэтийг хувьчлаад 34, 33, 33 хувь болгоод танд бэлэглэе гээд амлачихсан хүн шүү дээ. Нэг нь тоосыг чинь тос болгоод өгнө гээд амлачихсан. Нөгөө нь намынхаа ярьсан 150 мянган ажлын байрыг гаргаад өгнө гээд амлачихсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсэхээ дэмжээд гоё амьдруулна гэсэн. Одоо Эрдэнэтийнхэн хөөрхий муу Д.Батлут маань л ирж чихэр, боовоо өгөх юм даа, энд амьдардаг юм болохоороо хааяа үзэгдэх юм даа гэж ярьж байна лээ. Тэгээд үзэгдээд яах гээд байгаа юм. Шударга ёсны төлөө дуугараад явах хэрэгтэй шүү дээ. 

 

“Борооны дараах мөөг” шиг олон сайдтай боллоо. Сая сайд нарын халаа сэлгээ явагдлаа. Энэ олон сайд нар Монголын хөгжил дэвшилд ямар бодитой хувь нэмэр оруулах юм бол доо?

 

Шившигээ хутгаж байна шүү дээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Б.Жавхлан сайдыг хулгайч гэж зарласан. Хулгайч гэдгийг нь нотлоно, огцруулна гэсэн. Тэгсэн өөрөө засагт ороод бид нэг үгээр, нэг замаар Б.Жавхлан сайдынхаа бодлогыг хэрэгжүүлье гээд явж байна. МАН-ынхан гадны пиарын нөхдүүд авчраад иргэд юунд амархан баярлаж, хөөрөх нь үү гэсэн судалгаа хийлгэж. Тэгсэн та нар тойрог дээр хэцүү байна. Бүгдээрээ худлаа хэлчихсэн байна. Ард түмэн чинь хоёр удаа хууртчихсан, гурав дах удаагаа хууртахгүй нь гэсэн судалгааны дүн гарчээ. Ингээд эд нар Үндсэн хууль өөрчилж, жагсаалтын хууль оруулах гээд байгаа юм. Ер нь сонгодог зураг гэж байдаг болохоос сонгодог парламент гэж дэлхий дээр байхгүй. Тэгээд хулгайтай тэмцэнэ гэж өчигдөрхөн хэлсэн мөртлөө өнөөдөр хулгайч нараа сайд болгочихлоо шүү дээ. Санаж байгаа бол Б.Бат-Эрдэнэ гээд нөхөр ЖДҮ-тэй холбогдчихоод одоо сайд хийгээд л явж байна. Яагаад ингэж байна вэ гэвэл Үндсэн хуулийн өөрчлөлтөн дээр кноп даруулахад тоо хүрэхгүй болчих вий л гэж тэр шүү дээ. Айгаад аманд нь алт цутгана гэдэг нь болж байна.

 

Ядаж байхад УИХ дээр сая тэр бэлгийн дарамт ямар муухай харагддаг юм бэ? Шулуухан хэлэхэд эмэгтэй хүний, эх хүний лээвчигний араас нь хуруугаараа дарж байгаад хошуу амаа нийлүүлж байгаа нь маш бузартай харагдаж байгаа байхгүй юу.

 

Ийм ёс зүйгүй. Удахгүй наадуул чинь бөгс бөөрний асуудлаа байнгын хороогоор хэлэлцэнэ гээд зарлачихлаа шүү дээ. Ес зүйгүй хүмүүс Ёс зүйн байнгын хороон дарга хийж байсан шүү дээ... Асуудлын гол нь ард түмэн л үүнийг өөрчлөнө. Хоёр л арга байна. Хуулийн дагуу эсвэл хууль бус. Хууль бусаар гэвэл мэдээж гэмт хэрэг. Хуулийн дагуу гэдэг нь сонгуулийн аргаар. Гэтэл сонгуульдаа очдоггүй. Тэгэхээр гадаадад байгаа болон эх орондоо байгаа залуучуудад шулуухан хэлэхэд энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийлгэмээргүй байна.

 

Үндсэн хуулийн өөрчлөлт хийж болохгүй гурван шалтгаан байна. Нэгт, сэжигтнээр, яллагдагчаар татагдсан хүн Үндсэн хуулинд хүрч болохгүй. Нүүрсний таван гишүүн байна. Миний дуулснаар энэ таваас УИХ дахь нүүрсний хулгайчдын тоо гуч гарчихаар юм билээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн кнопны тоо дутчих вий гээд одоогоор байлгаж байгаа юм билээ. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт холбогдсон хүмүүс Үндсэн хуулинд хүрэх гэж байна. Хоёрт, дэлхий дээр байхгүй өөрчлөлт хийх гэж байна. Дэлхийд нэг УИХ-ын гишүүн багадаа 35 мянгаас 100 мянга хүртэл хүн төлөөлдөг. Манайд одоо 29 мянга байгаа. Үүнийг хоёрт хуваахаар нэг УИХ-ын гишүүн 13-хан мянган хүнийг төлөөлөх болчихоод байна. 7.2 тэрбум төгрөг гэрт нь байдаг хүнд бол дэндүү амархан биз дээ, энэ чинь. 3 тэрбумыг нь л зарлагдана шүү дээ. Тэгээд Монголыг сүйрүүлэх үү?  Гуравт нь эд нар 2019 онд Үндсэн хуулинд өөрчлөлт оруулсан. Болохгүй гээд байхад л хүчээр оруулсан. Өнөөдөр тэгээд хүчээр оруулснаас болоод Монгол улсын үндэсний аюулгүй байдалд нилээн том хор учрах гэж байна.

 

Жишээ нь 6.2 гэж ярьдаг. Нийтийн, төрийн хоёрт зарчмын ялгаа бий. Оросоос Хятад руу хийн хоолой тавилаа гэж бодьё. Төрийн өмчийн газар дээр тавьж байгаа бол Монгол төрөөс зөвшөөрөл авахаас гадна Монгол төр хамгаалалтаа тавина. Тэр аюулгүй байдлыг Монголын төр хариуцна. Нийтийн эзэмшлийнх болвол тухайн компани газрынхаа төлбөрөө төлөөд өөрсдөө хамгаалалтаа хариуцна. Тэгэхээр энэ хоолойг хэн хамгаалах юм. Ийм явуулга шиг юм хийсэн байхгүй юу. Ганцхан үг солигдоход шүү дээ. Нийтийн төрийн гэдэг үгэн дээр л ийм юм гарч байна. Би хуульч учраас үүнийг мэдээд байна. Одоо нэг яриад байгаа юм нь энэ бүгдийн буруу нь тогтолцоо гэнэ ээ. Тэгээд тогтолцоог өөрчилж сонгодог парламент болгох гэнэ ээ. Сонгодог парламент гэж хаана ч байхгүй. Тогтолцоо гэж юу яриад байгаа юм. Тогтолцоо чинь хүн юм байгаа биз дээ. УИХ-ын гишүүд чинь сонгуулийн аргаар гарч ирдэг биз дээ. Бид үнэхээр өөрчлөлт хийе гэвэл УИХ нь гэмт хэрэгт холбогдсон, сэжигтэн, яллагдагчаар татагдсан этгээдийг нэр дэвшүүлэхгүй байхад болоо юм биш үү. Тэгээд сонголт нь нөгөө л МАН-аа, авлигачаа, ах дүүгээ, хамаатан саднаа, Увс нь Увсаа, Ховд нь Ховдоо, Архангай нь Архангайгаа сонгодог тэр сэтгэлгээнээсээ салахгүй байгаа цагт ямар ч мянган тогтолцоо яриад нэмэргүй. УИХ-ын гишүүдийн тоо 150 боллоо гэж үзье. Ямар ч тоонд 10 хувийн асуудал байдаг гэж үзье. УИХ-ын 76 дотор 16 нь шаардлагагүй юм шиг мөртлөө бас л нийгмийн төлөөлөл байж болно. Гэмт хэрэгт холбогдсон ч юм шиг, попорсон ч юм шиг, ажлаа хийдэггүй ч юм шиг иймэрхүү хүмүүс байдаг. Тоо нэмэхээр энэ 16 чинь 32 болно шүү дээ. Янз бүрийн хачин хүмүүс орж ирнэ. Тэгээд тэр хүмүүс чинь жинхэнэ төрийг самрана. Маш аймшигтай нь энэ байхгүй юу.

 

Би найман жил УИХ-д байхдаа долоохон сар Өргөдлийн байнгын хороон дарга хийсэн. Би гав ганцаараа 65-ын эсрэг зогсож байсан. 49-н ЖДҮ-чинг зарлахад л нийгмээрээ, сошиалаараа О.Баасанхүүг хэн ч биш болгоод л явчихдаг байсан. О.Баасанхүү бол баас юмаа болоод л явчихаж байгаа байхгүй юу. Миний аав, ээжийн өгсөн нэр хэнд гай болсон юм бэ? Нөгөөдүүл чинь нийгмээр ингэж дайралт хийлгэдэг байхгүй юу. 

Тиймээс УИХ-ын гишүүдийн тоо 140, 150 болсон тохиолдолд тархи угаалтын эсрэг явах боломж улам багасна. Тиймээс эрх баригчид гэмээ нуухын тулд, үүрдийн дарга хийхийн тулд, 2050 он хүртэл бидний толгой дээр шээж, бааж, хулгайлж байхын тулд энэ  жагсаалтын хууль руу дайраад байгаа хэрэг. 

 

Одоо хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг кнопоор өөрийнхөө ялыг наймаалцаж байна гэж хэлээд байна уу, та?

 

Наймаалцаж байна гэж шууд хэлж чадахгүй. Гэхдээ нэг зүйл үнэн байна. Тэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтөнд нүүрсний хулгайд ч юмуу, жолоочоороо дамжуулаад нэг компаниас авлига авсан ч юмуу, ямар нэгэн хэрэг төвөгт холбогдчихсон, яллах дүгнэлтээ авчихсан хүн кноп дарах гээд сууж байна. Тийм хүмүүс бол юу ч хийж магадгүй. Энэ маш аюултай. Үндсэн хуулийг өөрчилж болох уу гэвэл болно. Гэхдээ нийгмийн бүх төлөөллийг оруулж, зөвшилцөл хийгээд, юуг өөрчлөх вэ гэдгээ шийднэ. Сая эд нар чинь “хуруу шилний нам”-аараа дамжуулаад давхар дээлтэй болчихлоо шүү дээ. Би гайхаж байна. Давхар дээл 4-өөс илүү байхгүй гэсэн. УИХ чинь Засгийн Газартаа хариуцлага тооцдог байсан. Гэтэл УИХ эхлээд хоёр жил ажил хийхгүй гэдэг хууль баталсан. Тэр нь ковидын хууль. Тэгээд Засгийн Газраа хүссэнээрээ яв гэсэн.

 

Өнөөдрийн энэ бүх хулгай Засгийн Газрын асуудал. “Эрдэнэс тавантолгой”-н дарга нь хэн юм бэ? ЗГХЭГ-ын дарга биз дээ. “Эрдэнэс тавантолгой” муу ажилласан, “Эрдэнэт” муу ажилласан, хулгай байсан гэвэл ЗГХЭГ-ын дарга хариуцлагыг нь үүрдэггүй юм уу? Муугаар нь, зөөлөн юм гээд Б.Ганхуяг гээд ямар ч хамаагүй залууг шоронд хийчихэж байна. Би бол тэр залууг гаргах хэрэгтэй гэж бодож байна. 50 хүнийг хийгээд 7 хүнийг үлдээгээд байдаг. Нөгөө 50 хүн нь хаачсан бэ? Энэ жүжгээ болих хэрэгтэй. 

 

АН эвлэрчихэв үү? Нэгдчихэв үү?

 

Та С.Эрдэнэ даргыг дэмжээд байсан одоо дургүй болчихсон юм уу гээд манай намын нэг хүн над руу ярьж байна л даа. Тэр хүнд би ингэж хэлсэн юм. Аливаа нам бол даргатай байна. Дарга нь 4 жил байдаг юм. Намаа ялуулбал хугацаагүйгээр сунгагдаад явна. 30 жил намаа ялуулсан бол 30 жил намынхаа даргаар явах ёстой. Гэтэл манай С.Эрдэнэ дарга намаа 3 удаа шившигтэйгээр ялагдуулсан. Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын нөхөн сонгууль, парламентын сонгууль гээд. Тэгэхээр С.Эрдэнэ гэдэг хүн бол намын дарга биш. Гэрчилгээ гээд байгаа юм. Гэрчилгээн дээр Дээд шүүхийн бичиг ирэнгүүт өөрчилж бичих ёстой юм л даа. Тэгсэн үүн дээр өөрчлөөгүй учраас би дарга гээд тэнэг юм яриад байгаа юм. Би тэр хүнд ганцхан зүйл хэлээд байгаа. С.Эрдэнэ даргаа, та ёс зүйгээрээ ч тэр, ухамсраараа ч тэр дараагийн дарга хэн болох нь танд ямар ч хамаагүй. Та жирийн гишүүний хувьд ҮБХ дээр очоод ганцхан санал л өгнө. Түүнээс бус даргаа хэн нэгэнд өгмөөр байна, өгмөөргүй байна. Хэн нэгэнд өгчихвөл зарах гээд байна, хэн нэгнээр тоглуулахгүй гэж яриад байх юм. Ингэж байгаа бол өөрийг нь дэмжиж байгаа хүмүүстэй нийлээд шинээр нам байгуулах хэрэгтэй. Намын жинхэнэ дарга бол ҮБХ. ҮБХ бол намын гишүүдээ төлөөлсөн хүмүүс байгаа. Эд нар маань хуралдаад, энэ сарын 13-нд шийдвэрээ гаргана. Гаргах ч ёстой. Ингээд байгаад байвал БЭТ-ээс салахгүй шүү дээ. БЭТ гэж мэдэж байгаа, тийм үү.

 

Бүрэн эрхт төлөөлөгч. МАН чинь коммунизмын үзэлтэй учраас бүрэн эрхт төлөөлөгчийг маш сайн тавьж байгаа шүү дээ. Сая сошиалыг нь хариуцдаг нэг хүүхэн Оросуудтай ярьж байгаад “Улаанбаатар төмөр зам “дээр БЭТ тавья гэж байна лээ. Ёстой нөгөө дураараа юу вэ гэдэг шиг... Хятадууд Шинжаан Уйгар иргэдийн гэр бүлд нь БЭТ тавьдаг байсан шүү дээ. МАН яг л ингэх гээд байна шүү дээ. Тэгээд БЭТ-ээрээ шүүх рүү, янз бүрийн хүмүүс рүү дайруулаад л... 

 

МАН-аас АН-д томилсон БЭТ бол С.Эрдэнэ гэж хэлэх гээд байна уу?

 

Өөр хэн байх юм бэ? С.Эрдэнэ гуай өөрөө ийм байхыг хүсэхгүй байгаа шүү дээ. Дүрмээрээ сунгагдах боломжгүй гэдгээ мэдэж байгаа шүү дээ. Соёлтой хүн бол намайг солиод өгөөч ээ гээд гуйгаад явж байгаа. Хэн нь ч хамаагүй энэ тамгаа, даргаа аваач ээ гэх байсан. Тэгтэл Оросын тролл авчих гээд байна гэж ярьж байсан хүн нөгөө Оросын троллтойгоо өчигдөрхөн гар барилцсан гээд явж байна шүү дээ. Хэн тэднийг гар бариулж чадах юм бэ? Нэг нь Оросын тагнуул, нөгөө нь авлигачин гээд зарлуулчихсан хоёр нэг ширээн дээр суугаад нэгдэж чадах уу? Ах нь л чадна шүү дээ. БЭТ томилж байгаа хүмүүс нь л нэгтгэнэ шүү дээ. Би тэгж л ойлгож байна. 

 

Тогтолцоог өөрчлөх шаардлагатай юу?

 

Болно. Гэхдээ хэн, яаж. Хулгайч хувьсгал хийдэг юм уу? Хулгайч тогтолцоог өөрчлөх эрхтэй юм уу? Нэг гараараа эд нар нүүрсний хулгайч гээд нөгөө гараараа та нар минь Үндсэн хуулиа өөрчлөөд жагсаалтын хуулиар парламентад ороод ирээч ээ гэж болох юм уу?

 

Жагсаалын үеэр хувьсгал хийх хэрэгтэй гэсэн санаа бодолтой хүмүүс цөөнгүй байсан. Таны бодлоор Монголд өнөөдөр хувьсгал хийх хэрэгтэй юу? 

 

Ерөөсөө Үндсэн хуулийн аргаар л тогтолцоо, эрх мэдэл солигдож байх ёстой. Энэ арга нь сонгууль шүү дээ.

 

Иргэд саналаа сонгуулиар луйвардуулчихдаг биш билүү? 

 

Яаж луйвардуулсан юм бэ?  Шулуухан хэлэхэд 100 хувь худлаа байвал сонгуулиа луйвардуулсан гэнэ. Та нар бод, 200 мянган төрийн албан хаагч байна. Тогтмол цалин авч байна. МАН-ынхан төрийн албаны гайгүй хэлтэс, салбар бүрт сонгуулиар ажилласан хүмүүс, ах дүү, цүнх баригч, нууц амрагуудаа даргаар тавьчихна. Тэд нар нь эс үйлдлээрээ ямар ч ажил хийхгүй. Фэйсбүүкээр хүн муулаад л сууж байна. Аргаа бараад тэднийг халахаар шүүх рүү явчихна. Тэгэхээр төрийн албаны шинэчлэлийг хийх ёстой юм. Дээрээ УИХ бол яахав сонгуулиар солигдоод, шинэчлэгдээд явна.

 

Яг төрийн албаны дунд, доод шатны, нууц амрагуудын, хамаатан садангуудын, намын, томилгооны албан бус төрийн ухуулах багийг өөрчлөх ёстой. Тиймээс улс төрийн ямар нэгэн намын ажиллагаанд шууд болон шууд бусаар оролцсон ямар ч хүнийг төрийн албанаас халдаг байхыг хуулинд хатуу оруулах хэрэгтэй. Ажлын бус цагаар үзэл бодлоо илэрхийлж болно. Улаан цагаан төрийн байгууллага дээрээ ухуулах сурталчилгаа хийгээд явж байдаг хүн бий шүү дээ. Тэд нар чинь энэ МАН-ыг 30 жил байлгаж байгаа юм. Энэ бохирыг л арилгах хэрэгтэй. Түүнээс хоёр танхимтай болоод, Дээд шүүхийн шүүгчийг ард түмнээс сонгодог болоод гоё болчихгүй. Ард түмнийг ухаантай сонголт хийдэг болгох нь нэгдүгээр зорилт. Ингэвэл Монголыг хөгжүүлэх бол амархан. Монгол ямар баян юм бэ? Их наядаар нь хулгай хийж болдог л юм байна шүү дээ. Өнөөдөр бид нэг, хоёр их наядтай байсан бол метро юу юм бэ. Хямдхан шүү дээ.

 

Тэгэхээр эцсийн эцэст ард түмэн нам, намд байгаа сэтгэлтэй, мэдлэгтэй, туршлагатай хүмүүсийг олж сонгох хэрэгтэй. Мөн Монголын залуучууд мэдлэгтэй байх хэрэгтэй байна. Тогтолцоо өөрчилье гэвэл боловсролын, цалингийн, мэдлэгийн, шударга ёсны тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.

 

Шүүгч нарыг л хар л даа. “Их засаг” сургуульд дуу дуулж, урлагийн үзлэгээр явж байгаад ямар нэг аргаар шүүгч болчихсон нөхдүүд явж л байна шүү дээ.

 

Би өөрөө багш байсан хүн мэднэ шүү дээ. Эд нар маань яана даа. Ажил дээр гараад яаж хүнийг шийтгэх бол гэж боддог. Тэгэхээр тогтолцоог өөрчлөе гэдэг дээр би улс төрийн тогтолцооноос илүү боловсролын тогтолцоо, нийгмийн ухамсрын тогтолцоо, эдийн засгийн тогтолцоо зэргийг өөрчлөх нь хамгийн чухал байна л гэж хэлэх гээд байгаа юм. 

 

Ярилцсан Ч.Явуухүү