Сайжруулсан түлшинд хэдэн арван иргэн угаартаж эмнэлэгт хүргэгдсэн ч дөрөв нь амиа алдаж байсан харамсалтай жишээ саяхных. Бид энэ хэргийн хохирогч Х.Тунгалагтай ярилцлаа. Түүний нөхөр нь сайжруулсан түлшинд угаартаж амьсгал хураасан юм.


-Сайн байна уу та. Эхлээд та ханийнхаа талаар ярихгүй юу. Ямар ажил эрхэлдэг хүн байв?

-Миний хань үндэсний хэмжээний том үйлдвэрт ажиллаж гэр бүлээ тэжээгээд явдаг байлаа. Гурван жилийн өмнө байшиндаа угаартаж өөд болсон юм. Би гэдэг хүн тухайн үед бие давхар, бага насны гурван хүүхэдтэй үлдсэн.

-Ер нь танайх сайжруулсан түлшийг хэзээнээс хэрэглэж эхэлсэн юм бэ. Түлэхэд нүүрснээс ялгаатай чанар их биз?

-Хар нүүрснээс ялгаатай л даа. Сайжруулсан түлшний шатамхай чанар нь нүүрстэй харьцуулахад маш удаан. Шатаж дуусахаараа их хэмжээний хог гарна. Нүүрс бол цогшоод л нунтаг болтлоо шатдаг. Сайжруулсан түлшнээс чулуу шиг хэлбэртэй хог маш их гардаг. Үнсийг нь авахад хамар цоргиж, хоолойгоор гашуун оргино. Тогтмол маск зүүхгүй л бол үнс бариад хэсэг алхахад л нүднээс нулимс гараад толгой эргэж, дотор эвгүйрхэнэ. Энэ бүхэн сайжруулсан түлшний орц найрлагатай л холбоотой асуудал гэж би хардаг. Одоо бол чанар нь бүр муу болсон байна лээ.

-Таны гэр бүлийн хүн угаартаж нас баржээ. Тухайн өдөр ямар үйл явдал өрнөсөн юм бэ?

-Миний хань осол болдог өдөр нам даралтын цахилгаан халаагуураа янзалж байгаад оройн 00:00 цагийн үед байшиндаа унтсан. Гал түлж шалаа хатаах хэрэгтэй байсан болохоор л тэр. Тухайн үед бид шинэ байшинд орохоор төлөвлөөд байсан юм.

Би хүүхдүүдтэйгээ хажуу талын гэрт амрахаар хэвтсэн ч сэрвэлзээд унтаж болдоггүй. Ингээд шөнийн 03:00 цагийн алдад байшин руу ороход миний нөхөр зуухны хажуу талын орны дэргэд өнгөрчихсөн байсан даа. Цагаан хөөсөөр бөөлжиж байгаад цусархаг зүйл гарсан байна лээ. Хамгийн сүүлд нь хар тортогтой зүйлээр бөөлжсөн байгаа юм. Энэ бүхэн 00:00-03:00 цагийн хооронд л болсон.

-Тухайн өдөр таныг байшинд ороход доторх нөхцөл байдал ямар байв?

-Ур,д өдөр нь бага зэрэг угаар үнэртэж байсан л даа. Нөхөртөө цонхоо онгойлгохыг хэлж байсан ч шал хатахгүй гэж хэлээд хаагаад байсан юм. Тухайн шөнө байшин руу ороход их хэмжээний угаар үнэртэж байсан. Миний хань унтах үедээ зуухаа дүүртэл нүүрс хийчихсэн юм билээ. Ингээд л эргэж сэрээгүй. Би гэдэг хүн бага насны гурван хүүхэдтэй, дөрвөн сартай бие давхар үлдсэн. Гэдсэнд байсан хүү маань одоо хоёр ой гарантай.

-Угаар мэдрэгч, дохиоллын систем суурилуулсан байсан уу?

-Тухайн үед манайх шинэ байшинд орсон юм. Гэтэл шалаа дутуу хатааснаас болж тавилгуудаа бүгдийг нь зөөж гаргаад зөвхөн зуух л үлдсэн. Ингэхдээ угаар мэдрэгчээ түр зуур гаргасан. Гэхдээ яаж ашиглах талаар бидэнд хэн ч заавар зөвлөгөө өгөөгүй байсан. Манайх энгийн зуух хэрэглэдэг байсан.

-Таны гэр бүлийн хүний онош яаж гарсан бэ?

-79 хувийн нүүрс хүчлийн угаарын хийнд хордсон гэх онош гарсан. Их хэжээний тортогтой бөөлжсөн байсан даа, миний хань. Дөрвөн сартай бие давхар үлдсэн намайг тухайн үед цагдаа, прокурорууд байцаалт аваад амар заяа үзүүлээгүй дээ. Ханиа алдсан хүний сэтгэл зүй ямар байх билээ, тэр бүхнийг цагдаа прокурор огт тоодоггүй юм билээ. Шууд дуудаад л байцаана. Хүний эрхийн мэдрэмжийн талаар ямар ч ойлголтгүй.

-Ингэхэд та хавтаст хэрэгтэй нь танилцсан уу?

-Хавтас хэрэгтэй нь танилцахад хорооны хүмүүс бидэнд сайжруулсан түлш түлэх заавар өгсөн гэж ор үндэслэлгүй худлаа мэдүүлэг өгсөн байна лээ. Асуудлыг ингэж өөрөөсөө түлхсэнийг нь сүүлд мэдсэн. Анхааруулаад явсан бол бас яах ч байсан юм билээ. Тухайн үед дохиоллыг айлууд хэрэглэж хэвшээгүй байсан шүү дээ. Гүйцэд танилцаж амжаагүй байсан л гэсэн үг.

-Та бага насны дөрвөн ч хүүхдийн хамт үлджээ. Нийслэлээс ямар дэмжлэг үзүүлэв?

-Нийслэлийн Тамгын газраас нарийн бичиг гэх хүн 49 хоног болохынх нь урьд өдөр 10 сая төгрөг гэрт авчирч өгсөн. Ингэхдээ “Нийслэлээс шаардлагатай гэж үзсэн учраас өгч байгаа юм шүү” гэж хэлж байсан. Тухайн үед хэд хэдэн хүн угаартаж нас барсан шүү дээ. Тэдэнд тусламж үзүүлсэн эсэхийг би мэдэхгүй.

-Одоо танд ямар санал байна вэ?

-Миний хань өөд болоод гурван жил болж байна. Сургуулийн болон цэцэрлэгийн насны дөрвөн хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхлэх боломж алга. Манай хүн байшингаа гүйцэд барьж чадалгүй өнгөрсөн. Би өөрөө цэвэрлээд орсон ч нялх хүүхэдтэй учраас болдоггүй юм билээ. Одоогоор эгчийнхээ хамт байр түрээсэлж амьдарч байна. Тухайн үед сайжруулсан түлш хэрэглэх талаар хэн ч, ямар ч заавар өгөөгүй. Нэг л өдөр нүүрс түлэхгүй гэх захирамж гараад л зөвхөн сайжруулсан түлш хэрэглэхээс өөр аргагүйд хүрсэн. Төдийлөн хэрэглээнд нэвтрээгүй түлш хэрэглэж хэдэн арван иргэн угаартаж амь насаа алдсаны нэг нь миний хань. Сайжруулсан түлш түлэх талаар ямар ч заавар зөлөмж өгөөгүй байж шүүхийн өмнө зөвлөгөө өгсөн гэх үндэслэлгүй худлаа мэдүүлэг өгсөн хорооны ажилтнуудад гомдолтой байгаа. Орц найрлага нь тодорхой биш түлш иргэдэд шахалтаар хэрэглүүлж олон хүн угаартуулсан нийслэлд ч дэндүү гомддог доо. Бие давхар үлдсэн намайг цагдаа, прокурор нь хэд хэдэн удаа байцаагаад л алга болсон. Өрх гэрээ авч явсан хань минь огт өвчин зовлон хэлдэггүй байлаа. Энэ түлшинд угаартаад л өөд болсон.