Сая үзэгчийн өмнө “Хэн эх оронч вэ” реалити шоунд оролцож байна
2014/06/09
УИХ-ын чуулганыг телевизийн хоёр сувгаар шууд дамжуулж байна. Сая үзэгчийн өмнө хүн өөрийнхөөрөө байж чадах уу.
Чаддаггүйг нь бид хангалттай харлаа. Жүжиг тавихаас өөр арга байхгүй юм байна. Уг нь УИХ-ын гишүүдтэй хоёулхнаа уулзахаар “Тэр нь болохгүй байна, тэрийг тэгмээр байна” гэхчлэн зөв юм ярьдаг. Гэтэл тэгж бодож байгаагаа яагаад чуулган дээр хэлж болдоггүй юм бэ. Яагаад гэвэл нэг сая үзэгч өөрсдийг нь харж байгааг мэдэж байгаа болохоор “эх оронч” зүйл ярихгүй бол болдоггүй. Болох гээд ч болдоггүй юм шиг байна. Энэ зовлонгоос нь Их хурлын гишүүдийг ангижруулж УИХ-ын чуулганыг хаалттай хийдэг болгоё. Тэгэх нь хэн хэндээ амар байна, эх оронд минь хэрэгтэй байна.
Чуулганыг хаалттай болгох талаар өмнө нь бичиж байсан, одоо ч бичиж байна, цаашид ч бичих болно. Ингэж л хаалттай болгохгүй бол энэ төр засагт үнэн юм гэж алга болж, баахан жүжигчдээр дүүрсэн төрийн эрх барих дээд байгууллагатай болох нь. Жүжиг бол зохиол.
Амьдрал бол бодит байдал. Жүжиг, бодит амьдрал хоёр засаглалын орчинд байж болохгүй. Байсаар, газар авсаар байх юм бол тэгээд л сүйрэл. 1700 төгрөг хол давчихсан байсан ам.долларыг 1300 төгрөгт барьж улсын төсвөө зохиосон нь жүжиг биш үү.
Хэн ямар жүжгийг, ямар тавилттай тавьдаг нь өнөөдөр хэний ч өмнө ил болж. Энэ Их хуралд сайдыг огцруулах тухай асуудал бол жүжгийн хамгийн чухал хэсэг нь. Яагаад гэвэл үзэгч, уншигч олон түмэн их анзаарч хардаг учраас. Жүжгийн энэ хэсэг дээр л популист гишүүд жүжиглэлтийг өндөр түвшинд тавьж байна. Бараг урьдчилаад сургуулилт хийчихсэн, найруулагчтай, тавилттай, хүртээмжтэй жүжиг дэглэдэг болж. Камер руу нүд буландсан, чухал царайлсан гишүүд эхлээд асуулт тавина. Сүр сүр асууна. Асуулт нь урт, удааныг яана. Тэгж тэгж үг хэлнэ. Хэлэлцэж буй асуудлаас хол хөндий, огт холбоогүй, хамаагүй үгийг хэлдэг. Хэлэлцэж байгаа хуультай холбоотойгоор судалгаа хийж, нухацтай суусан гишүүд байхгүй нь ярианаас нь шууд ойлгогдоно. Хамгийн чухал, хэрэгтэй хэсэг рүүгээ одоо л орох нь дээ гэж бодтол яг тэр хэсэг дээрээ хэдхэн секундын үг хэлсэн болоод дуусчихаж байгаа юм. Энэ нь эх оронч үгээ хэлж, эх оронч жүжгээ тавьж, эх оронч дүрдээ орж байгаа хэлбэр нь.
Одоогоор “Хэн эх оронч вэ” реалити шоуны хамгийн сайн оролцогч бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Тэр хамгийн түрүүнд, бусдаас өрсөн үг хэлдэг. Ганцхан зүйлийн тухай л ярьдаг. Тэр нь Оюутолгойг болиулахаар цуг тэмцэж явсан нөхөд минь намайг хаялаа. Тэд одоо хаана байна хэмээн хэдэн гишүүдийн нэрийг дурддаг. Та нар бол урвагч, би л ганцаараа үлдлээ гэсэн утгатай үгийг бас хэлнэ. Цааш халбал уул уурхай улс орон, байгаль дэлхийг мөхөөлөө гэнэ. Ингээд л болоо. Энэ нь бөөн оноо авчирна. Хамгийн эмгэнэлтэй нь Б.Бат-Эрдэнэ аваргад очсон оноо Монгол Улсын эдийн засагт бөөн хор хохирол авчирдаг. Парламент дахь энэ мэт “эх оронч” гишүүдийн жүжиг улс орны эдийн засаг, гадны хөрөнгө оруулалтыг урьд онуудынхаас 50, 60 хувиар бууруулж байгаа юм. Телевизийн дэлгэцээр хүмүүст таалагдаж харагдах гэсэн жүжиглэлт нь үнэндээ санаанд багтамгүй том гамшиг дагуулж байгаад одоо цэг тавих цаг болчихоод байна. Дараа нь босоо Ганбаа гишүүн орно. Түүнийг телевизээр эх орноо аврах тухай бэлдсэн үгээ хэлж эхлэхтэй зэрэгцээд ОУ-ын хөрөнгийн биржүүд дээр манай хувьцааны ханш унаж, хөрөнгө оруулагчид Монголоос улам дайждаг.
Эдний дэргэд бол Ц.Нямдорж гишүүний хэлж байгаа үг гайхамшигтай. Ингэж хэлэхээс өөр арга алга. Аль ч талаараа ард түмнийг ангайтал үг хэлж байгаа юм. Түүний сүүлд хэлсэн үг нь “Оюутолгойн хөрөнгө оруулалтын эсрэг та нар найман жил шүлсээ үсчүүллээ. Ард түмэн та нарын шүлсээр хооллох юм уу” гэсэн. Энэ бол улс төрд хат суусан, ухаажсан, ухаантай хүний үг юм. Яагаад гэвэл энэ цаг үед уул уурхайг л дэмжвэл ард түмэн намайг дэмжинэ гэдгийг тэр хэдүйн мэдэрчихсэн, олоод харчихсан байна. Жүжиг тавихдаа ядаж Ц.Нямдоржийн хэмжээнд, түүний хэрийн нийгмийн сэтгэл зүйг мэдэрч сур л даа. Хэзээ нэгэн цагт ард түмэнд уул уурхай таалагдахаа байвал Ц.Нямдорж мөн л өрсөөд мэдэрчихсэн, өөр хүн болчихсон “Уул уурхай улс орныг минь аварна гээд шүлсээ үсчүүлээд байсан яасан. Улс орны минь онгон байгалийг сүйд хийж дууслаа шүү дээ” гээд ард түмэнд таалагдаад зогсож байна. Ямар цаг үед, яаж ард түмнээс оноо цуглуулах вэ гэдгийг улс төрч ухаантай юм бол Ц.Нямдоржийн хэрийн мэдэрч байж та бүхэн улс төрд өгсөж барилдана.
Агуу жүжигчид Их хуралд өөр ч байгаа. Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Оюунбаатар, Д.Дэмбэрэл, Цог... эд бас агуу жүжиглэх юмаа. Өсч торниж буй залуу жүжигчид гэвэл Батзандан, Баасанхүү, Уянга... гэхчлэн бас байна. Тэд олигархиуд, албан тушаалын хэнээтнүүд ард түмнийг шулаад гэж ангийнхаа тохой залган суугаа нөхөд рүүгээ дайрдаг. Өөрсдөө эрх баригчид биш юм шиг жүжиглэдэг. Тэднийг харахаар гудамжнаас орж ирээд Их хурлын индэр дээрээс үг хэлж байгаа мэт. Өөрсдөө та бүхэн эрх баригчид болчихсон шүү дээ гэдгийг энэ нэг хэдэн хүнд хичнээн удаа хэлэх юм бэ. Ерөөсөө эрх баригч болж төлөвшихгүй юмаа.
Ердөө ийм л жүжиг тавьдаг тайз нь УИХ-ын чуулган болчихоод байна. Энэ тайзан дээр тоглогчдын зорилго нь тодорхой. Тэдний сэтгэл зүрхэнд эх орон, ард түмэн ч байгаа юм биш. Дараагийн сонгуульд яаж ялах нь л чухал. Энэ зорилго нь тэднийг мундаг жүжигчид болгож, хүмүүст таалагдах л үг хэлж байвал улс орны ирээдүйн хувь заяанд энэ ямар үр нөлөөтэй тухай бодохыг ч хүсэхгүйд байгаа юм.
Ийм хөгийн байдлаас Их хурал өөрийгөө хэрхэн авч гарах ёстой вэ. Улс орны амин чухал шийдвэр УИХ дээр гардаг. Өнөөдрийн хагаралдаан яахав, хоёрхон өдрийн дараа эх оронд минь хэрэг болж, эерэг үр дагавар авчрах шийдвэр гаргадаг газар гэдгээ нэн түрүүнд ухамсарламаар байна. Тийм болохоор үнэн үгээ хэлдэг гишүүдтэй, үнэн шийдвэр гаргадаг парламент байхын тулд өнөөдөр шууд дамжуулалтыг хаая. Хоёр сувгаар шууд дамжуулдгаа зогсооё. Ийм л эрс тэс шийдвэр гаргахгүй бол Их хурал гэдэг байгууллага чинь үнэн бөгөөд хатуу үг хэлдэг, тас хийтэл алгадаад авдаг эцэггүй болсон айл шиг боллоо. УИХ-ын чуулган дээрээс л үнэн үг сонсож, үнэн нүүр царайг ард түмэн харж байхгүй бол өөр хаанаас харна гэж. Өөр юунд итгэж найдна гэж. Төрийн эрх барьж байгаа хүмүүс нь бүгд нүүрэндээ багтай жүжигчид болчихоор энэ улс орон чинь жүжгийн тайз болох нь байна шүү дээ. Бүх зүйл нь хуурамч болчихсон улс оронд мөхлөөс өөр хувь тавилан байдаг юм уу. Энэ бүхэнд одоо л цэг тавихгүй бол гадныхны олз болж хоёр хөршийнхөө нөлөөнд бүрэн автах нь.
УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны хувьд зөвхөн ирцээ л албан ёсоор, үнэн бодитой мэдээлчихэж бай. Энэ л байхад болно. Сөрөг намууд нь тэртэй тэргүй гарч ирээд юу болсон талаар хангалттай ярьчихаж байна. Ганц сөрөг ч гэлтгүй аль ч Их хурлын гишүүнд ямар ч мэдээллийн суваг нээлттэй байгаа. Зүгээр л чуулганы үйл ажиллагаа, хэлэлцэх асуудлын порцессыг шууд дамжуулахаа больё. Улс төр дэх худал хуурмагаас сэргийлэх эхний дорвитой алхам энэ л байна. “Эх оронч” нэртэй реалити шоуг энэ мөчөөс эхлэн үзмээргүй байна.
Б.НЯМАА
Зочин · 2014/06/14
hooe nyamaa guia chi bol setguulch bish zugeern l byalduuch doldoi.haha.dolignuur gulug