Сүүлийн үед нэг сайдыг огцруулж нөгөөг нь сайдын суудалд томилох асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр "давхар дээлээ" тайлах эсэх болон УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж "давхар дээл" өмсөх талаар өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм.

Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт ҮХАА-н сайдад Ш.Түвдэндоржийг нэр дэвшүүлээд буй. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд асан Х.Баттулга “давхар дээлээ” өөрийн хүсэлтээр тайлж, ажлаа өгсөн байхад тус салбарыг хариуцах дараагийн сайд нь “давхар дээл” өмсөх гэж байгаад олон нийт дургүйцэж байгаа. Гэсэн ч сааль сүүний цаг эхэлж, төлийн дуу цангинасан энэ үед салбарын сайдыг томилох нь зайлшгүй шаардлагaтай. Тиймээс ч асуудалд эсрэг байх суурьтай байгаа АН-ынхан энэ үйлдэлдээ улайран зүтгэж буй.

ҮХАА-н сайдыг томилох асуудал өнгөрсөн долоо хоногт УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байсан ч Засгийн газраас дараагийн сайдын нэрийг өргөн бариагүй байсан учраас долоо хоногоор хойшилж, өнөөдрийг хүрсэн юм. Ямартай ч өнөөдрийн байнгын хорооны хурлаар түүний асуудал хэрхэн шийдэгдэхийг хүлээх л үлдлээ.

Мэдээж олон нийтийн анхаарлын төвд байгаа дараагийн эрхэм бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр юм. Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүн Н.Батбаярыг чөлөөлөх буюу Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. МАН-аас эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон эдийн засгийн хүндрэлд  буруутгай гэж үзэн огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьсан билээ. Өнгөрсөн долоо хоногт Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан ч сайд өөрөө өвчтэй байсан учраас огцруулах асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж, өнөөдрийг хүргэсэн юм.

Ийнхүү хоёр эрхмийн цаашдын сандал суудлын асуудал улс төрчдийн дундах өндрөө авсан үйл явдлын нэг болж байна.  

Б.Оргил