Ямартай ч АН даргатай боллоо. “...Ямартай ч” шүү. Уг нь энэ нам даргатай болж, дараалаад эв түнжинтэйгээр үйл ажиллагаа явуулах нь монголчуудын эрх ашиг юм л даа.

Яагаад гэвэл 2016 оноос үнэмлэхүй засаглаж, “чих нь хатуурахдаа” тулж буй эрх баригч намд сөрөг хүчин, хүчтэй шүүмжлэгч хэрэгтэй. Тэр орон зайд тоглочих улс төрийн хүчин одоогоор АН-аас өөр алга. Гэхдээ цаашид хэрхэх нь хүчээр шахам эвлэж буй эд нараас шалтгаална. 

 

Яалт ч үгүй л 2000 онд нэгдсэн олон намын араншин нь АН-ынхныг байнгын зодоон нүдээнтэй байлгах юм. Өөрөөр хэлбэл, АН-ынхан эв нэгдлийн дайснаа гаднаас хайгаад байх шаардлагагүй. Ямар нэг дажин болоход АН-ын фракц нь фракцтайгаа л зууралдчихсан байдаг. Хаа нэгтээгээс хэн нэг рүү нь “чулуу” нүүхэд чавх нь нөгөөхөд нь байж таардаг. Ийм байдалтай лав хоёр жил гаруй болсон. Эцэстээ тамга ч үгүй, дарга ч үгүй, ер нь бол нам ч үгүй болохдоо тулсан. 

 

 

Харин энэ сарын 9-ний өдөр Дээд шүүх тэднийг хүчээр эвлүүлэх шийдвэр гаргалаа. Бүх шүүгч нь хуралдаад Лу.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн. Дээд шүүхийн тухайд “...АН” гэхээр үстэй толгой нь арзайхаар болсон. Хэд хэд хуваагдчихаад, тус тусдаа гомдол өргөдөл шиднэ. Дандаа “...Тэр хууль бус, би хууль ёсны дарга” гэсэн өргөдөл байдаг. Тэр бүхнийх нь араас “улс төр” үүсч, Дээд шүүх “хаданд хавчуулагдсан халиуны зулзага” шиг явсаар хоёр жилийг үдсэн. Тиймээс яаж ийгээд бүртгэж аваад элдвийн “улс төр”-ийг дарж авахаар шийдсэн бололтой юм.

 

 

Уг нь Дээд шүүх 2022 оны гуравдугаар сарын 31-ний хурлаасаа АН-ынханд гарц гаргалгааг нь хэлж өгсөн тогтоол гаргасан. “...С.Эрдэнэ, Д.Ганбат, Ч.Өнөрбаяр гурвын өгсөн Үндсэн дүрмийг хүлээж авлаа. Учир нь энэ гурван хүн хуулийн дагуу АН-ыг төлөөлж байна.Тэгэхээр энэ Үндсэн дүрэмд зааснаар ҮБХ-гоо хуралдуулаад, дарга цэргээ сонгоод, дотоод зохион байгуулалтаа хийгээд хүрээд ир” гэсэн. Ийм тогтоол гаргасан. 

 

 

Гэтэл жил шахам хэрэлдэж суугаад, саяхан томоохон хэмжээгий хурал хийсэн. Тэндээсээ Лу.Гантөмөрийг сонгосон юм. Гэвч тэр хурал нь Дээд шүүхийн 2022 оны гуравдугаар сарын 31-ний бүх шүүгчийн хурлын тогтоолоос тэс өөрөөр явчихсан. Товчхондоо, С.Эрдэнэ, Д.Ганбат, Ч.Өнөрбаяр гурвын Дээд шүүхэд өгсөн Үндсэн дүрмийн хүрээнд явсангүй. Наад зах нь С.Эрдэнийн АН-ын ҮБХ-ны бүртгэлд байгаа гишүүд Лу.Гантөмөрийг сонгох байв. Тэгээгүй. С.Эрдэнийнх ч, Х.Баттулгынх ч холилдож ороод хуралдсан байдаг. Харин С.Эрдэнэ ч, Х.Баттулга ч “гудамж”-нд үлдсэн. Энэ утгаараа Дээд шүүх арван сар гаруйн өмнө гаргасан гарцаар гарсангүй. Гэсэн ч Дээд шүүх тогтоолоо зөрчин байж АН-ыг албажууллаа л даа. Олигтойхон заргалдвал хаана ч очоод годройтохоор л шийдвэр гаргачихсан байгаа юм. Гэхдээ одоо бүх зүйл АН-ынхнаас, тэр дундаа Лу.Гантөмөрөөс шалтгаална. Тэгвэл АН-ын шинэ дарга, энэ хүн ер нь хаа хүртэл явж чадах вэ. Яалт ч үгүй ингэж харагдаж байна. 

 

Лу.Гантөмөрийн тухайд АН-ыг ид явахад “Нэг ардчилал” фракц үүсгэж, түүнийхээ толгой явсан гэдгээр улс төрийн хүрээнийхэн мэднэ. Боловсролын сайд байсан. Гоц гойд “сэтгэл татам байдал” байдаггүй. Япон боловсролтой, жирийн нэг хариуцлагатай төрхтэй улстөрч байж ирсэн. АН-ын нэгэн үеийг төлөөлсөн фракцыг толгойлдог учир дотооддоо явагдсан даргын төлөөх сонгуулиудад нэр дэвшдэг. Хоёр ч удаа дэвшсэн. 

 

Харин түүний АН-ын дарга болсных нь дараа улс төрийн хүрээнийхэн арай илүү сонирхож эхэллээ. Улс төрд хэн хөтөлж орсон, хэнтэй нөхөрлөж, хэнийг жийж явсан бэ гэдгийг ярьцгааж  байна. Сонсох нээ, тал талтай, толгой эргэм холбоо сүлбээтэй тоглогч аж. АН-ынхаа нөлөө бүхий улстөрчидтэй бүгдтэй нь ойр шадар юм. Намын дарга болонгуутаа Ч.Өнөрбаярыг генсекээр “сонгох”-оор болсон нь олон асуултад хариулт өгчих шиг боллоо. Чухамдаа энэ бүгдээс нь, С.Баярцогтыг ялж намын дарга болсных нь учир шалтгаан тодорч байна. 

 

 

С.Баярцогт аль ч талаараа Лу.Гантөмөртэй жиших аргагүй. Дээрээс нь, өнгөрсөн зунаас хойш “...Би АН-ын дарга болно” гээд бараг ил зарлаад явчихсан. Үнэндээ, АН-ынхан ингэж олуулаа цуглаж намын даргаа сонгохоор шулуудсан нь С.Баярцогттой шууд холбоотой. Түүнийг АН-ын дарга болно гээд намынхан нь итгэсэн. Харин яг сонгууль нь болоход зунаас хойш явсан С.Баярцогт унаж, гэнэт нэр дэвшсэн Лу.Гантөмөр гараад ирсэн.

 

Өөрөөр хэлбэл, хөшигний ард улс төр ингэж зурагдчихсан бололтой юм. Тэгээд ч АН-ын нэлээд тулхтай, аналитик гишүүд “...С.Баярцогт яг намын дарга болчихъё гэж зүтгэхгүй байгаа харагдсан” гэж сүүлд дүгнээд байна лээ. Тэгж харагдсан байгаа юм. Энэ нь түүнийг АН-ын дарга болоход арай л хүнд “зүүлт”-тэй нь холбоотой байсан байх магадлалтай. Дарга болло, шүүхийн асуудал нь босоод л ирнэ. Гэхдээ “...АН-ын даргад үзнэ” гэж ярьж эхлэхэд нь нөхцөл байдал өнөөдрийнхөөс хүнд байсан.  Энэ бүгдээс харахад С.Баярцогт зүгээр л сүрийг үзүүлж “зодоглосон” болж таараад байгаа юм. Намынх нь нөхдийн яриагаар “...Түүнийг намын дарга болно гэхээр бүгд нэрээ татчихна. Барахгүй” гэцгээв. Товчхондоо, АН-ынхны хувь заяаг атгагчид С.Баярцогтоор “үргээлэг” хийлгээд, Лу.Гантөмөрийг “ялуулсан” болж таарч байна. За, ямар ч байсан АН энэ удаад даргатай боллоо. Хэрвээ Лу.Гантөмөр улс төрөө зөв хийж, цаг хугацаатай уралдаж ажиллахгүй бол өөрийг нь бүртгэсэн шийдвэр Захиргааны шүүхээс Цэц хүртэл яваад хаа нэгтээ нь “осолдож” мэдэх л юм. Уржигдар анхны мэдэгдлээрээ л АН-ын улс төрийн үзэл баримтлалын яг эсрэг дуугарч, зүүнийхний хийдэг ажлыг амлаад л попорч харагдана лээ. 

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин