Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлаас болж АН дотроо “дайн” зарлах вий дээ
2014/06/10
УИХ дахь МАН-ын бүлгээс өнгөрсөн сарын 29-ний өдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тогтоолыг өргөн барьсан. Тэд Н.Батбаяр сайдыг огцруулах үндэслэлдээ:
1. Засгийн газрын гадаад өр сүүлийн хоёр жилийн хугацаанд огцом нэмэгдэж, төсвийн зээлийн үйлчилгээний зардал 3-4 дахин өссөн. Засгийн газар өмнөх 22 жилд бий болсон нийт өр зээлээс 800 сая ам.доллараар илүү буюу 3 тэрбум ам.долларын өр үүсгэж ирээдүй хойч үеэ өрийн дарамтад орууллаа. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа Эдийн засгийн хөгжлийн сайд биелүүлж чадсангүй. УИХ-аас хэчнээн сайхан хууль, эрх зүйн орчныг бий болгож өгсөн ч түүнийг ажил хэрэг болгох чадвар салбар хариуцсан сайдад алга байна.
2. Төсвийн тухай хуульд заасан "Засгийн газар улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг дөрвөн жилд нэг удаа баталж, жил бүр тодотгоно” гэсэн заалтыг биелүүлээгүйн улмаас Монгол Улс өнөөг хүртэл хөрөнгө оруулалтын нэгдсэн төлөвлөлт, хөтөлбөргүй, хөрөнгө оруулалт зүг чиггүй хийгдэж байна.
3. Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу "Чингис" бондын санхүүжилтийн нэг ам.долларыг гурван ам.доллар болгож, эдийн засгийн үр ашиг бүхий төсөлд зарцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлсэнгүй. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл энэ заалтыг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцохыг зөвлөсөн нь Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах хангалттай үндэслэл болно.
4. Улс орны ирээдүйн хувь заяагаар дэнчин тавьж авсан “Чингис”, “Самурай бонд”-ын хөрөнгийг төсвийн бүрэлдэхүүн хэсэгт тусгахгүй дур мэдэн зарцуулж хууль зөрчсөн.
5. Ерөнхий сайд Н.Алтанхуяг 10 хоногийн хугацаатай хариуцлага тооцох шаардлагад хариу өгөлгүй эдийн засгийн хямралын буруутнуудынхаа үйл ажиллагааг ил далдаар дэмжиж, улс орноо улам туйлдууллаа. Тиймээс МАН-ын бүлэг эдийн засгийг хямралд хүргэсэн албан тушаалтнуудын нэгийг нэр зааж огцруулахаар УИХ-д хандах нь зүйтэй гэж үзлээ гэсэн юм.
Тэгвэл Н.Батбаяр сайдыг огцруулах эсэх асуудлыг өчигдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх байв. Харин тухайн үед АН-ын бүлгээс Н.Батбаяр сайдыг огцруулах тухай асуудлыг хойшлуулах горимын санал гаргасан. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах шаардлага бол бүдүүлэг, хүний нэр төрд халдсан, асуудлыг хэт гуйвуулсан өнгө аястай байна. Жишээ нь, улсын өр, төсвийн алдагдал зэрэгт алдаатай тоог дурджээ. Тиймээс бид шаардлагыг үндэслэлтэй эсэхийг тодруулахаар холбогдох газруудад албан бичиг явуулсан байгаа. Хариу нь ирээгүй байна. Уг асуудлыг нягталж, шалгах шаардлагатай байгаа тул хурлыг хойшлуулах горимын санал гаргаж байна" гэсэн юм. Ийнхүү Н.Батбаяр сайдыг огцруулах тухай асуудал хэлэлцэгдсэнгүй.
Үүнээс харахад АН-ын бүлгийн даргад Н.Батбаяр сайдыг суудалд нь үлдээх хүсэлтэй байгаа бололтой. Өмнө нь Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх тухай асуудал яригдахад мөн л энэ мэтээр цаг хожсоор О.Баасанхүү гишүүн тогтоолын төслөө эргүүлэн татсан юм. Ингэснээр багагүй хэл ам таталж, оймсонд хавчуулагдаж Их Хуралд орж ирснээрээ хүртэл дуудуулаад амжсан. Гэсэн ч түүний тогтоолын төслөө татсаны цаана томоохон наймаа явагдсан гэж хардагсад олон байсныг дурдах хэрэгтэй. Энэ сар дамжин үргэлжилж, багагүй хугацаанд сунжирч байсныг уншигчид санаж буй биз ээ.
Тэгэхээр Н.Батбаяр сайдыг огцруулах асуудал ч дээрхийн адил сунжирч магадгүй болоод байна. Тодруулбал, Х.Тэмүүжин сайдыг огцруулах тухайд АН-ын бүлэг завсарлага авч, асуудлыг шалгана, тодруулна гэж байлаа. Гэсэн ч үнэн хэрэгтээ тийм асуудлыг ингэж шалгалаа гэсэн тайлбар лав хийгээгүй. Тиймээс дээрх үйлдэл нь хугацаа хожиж, өөр ямар гарц байгааг хайх гэсэн оролдлого гэж хэлж болох юм. Угтаа бол Н.Батбаяр сайдын суудал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа. Учир нь өмнө нь Х.Тэмүүжинг огцруулахыг эсэргүүцэж иргэд жагсаж байсан бол энэ удаа “Фортуун сайдыг огцруул” гэж жагсаж ч мэдэхээр байна. Түүний ажилд ч эхнээсээ ангийн нөхөд нь, ард түмэн, Ерөнхийлөгч, намын генсек нь хүртэл хэдийнэ муу дүн тавьчихаад байгааг дурдах нь зүйтэй биз. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Н.Батбаяр сайдыг “Ажлаа хийж чадахгүй байгаа, улс орны эдийн засгийг элгээр нь хэвтрүүлснийхээ төлөө Н.Батбаяр сайд өөрийн хүсэлтээр огцрох ёстой” гэсэн юм.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ер нь эдийн засгийн хөгжлийн яам байгууллаа гээд энэ эдийн засаг хөгжихгүй байна. Би маш тодорхой байр суурийг Ерөнхий сайдад бүр оны өмнөөс л "За Ерөнхий сайд аа, эдийн засгийнхаа хөгжлийг гартаа ав" гэж хэлж байсан. Монголын өнөөдрийн хамгийн том чухал асуудал юу юм гээд ярихад эдийн засгийн хөгжил шүү дээ” гэжээ. Харин АН-ын генсек Ц.Оюундарь “Шинээр байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн яам яаж ажиллах арга хэлбэрээ одоо хүртэл сонгоогүй. Тухайн сайд, яам нь ажлаа сайжруулах хэрэгтэй. Н.Батбаяр сайд багаар ажиллаж чадахгүй, харилцаа холбоо муутай, шинжлэх ухаанч бус байгаа нь таатай сайхан харагдахгүй байгаа нь үнэн” хэмээн хатуухан хэлээд авч.
Түүнчлэн УИХ-ын дарга З.Энхболд “2017 оны 12 дугаар сарын 6-нд бондын мөнгийг хүүгийн хамт палхийтэл төлөх ёстой. Үүний тулд 2014 оны төсвийн тодотголоос эхлээд өрөнд өгөх мөнгөө нөөцлөх ёстой. Бид хэмнэлтийн горимд шилжихээс өөр аргагүй болно. Гэтэл үүгээр боссон юм гэвэл "Боинг" онгоцноос өөр үзүүлэх юмгүй болчихоод байна. Бондын мөнгөөр боссон бодитой үйлдвэр алга. Бусад нь бүтээн босголтын шатанд явна” гэсэн бол Э.Бат-Үүл “Чингис бонд Н.Батбаярын мөнгө биш, ард түмний хөрөнгө. Тодорхой төслүүдийн санхүүжилтийг зогсоох эрх түүнд байхгүй. "Гудамж" төслийг аймагт хийх нь ямар ч ашиггүй. Анхнаасаа л хотод хийхээр төлөвлөсөн төсөл” гэсэн байх юм.
irged · 2014/06/11
Hort utaa baga gargadag undur tehnologotoi dulaanii nuursnii stants olniig barih heregtei. 2 tom hursh ruugee hulduu buuz hatsan borts zarj chadval ih sain