Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудал хойшилсоор гуравдахь өдрийн нүүрийг үзлээ. Түүнийг огцруулах болсон шалтгааныг дурдвал, Н.Батбаяр сайд Засгийн газрын тухай хуулиар хүлээсэн “хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл, зээл, тусламжийн нэгдсэн бодлогын төлөвлөлт, боловсруулалт, удирдлага, зохицуулалт”-ын үүргээ өнгөрсөн хугацаанд хангалттай биелүүлж чадсангүй.

Засгийн газар 2013 онд улсын нэгдсэн төсвийн 6,177 их наяд төгрөгөөс гадна “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, “Чингис бонд”, Хөгжлийн банкны санхүүжилтэд 13 их наяд гаруй төгрөг зарцуулсан. Зарцуулсан мөнгө, авсан өр зээлийнхээ хэмжээгээр улсын эдийн засаг өөдлөн сэргэж, ард түмний амьдрал дэвжин дээшлэх ёстой байтал харин ч эсрэгээрээ уруудан доошилж байна. Эдийн засгийн алдаатай бодлогын уршгаар үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш 30 гаруй хувиар суларч, түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрэв. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 30-70 хувь өсч, үнэ дээшээ болж, амьдрал доошоо боллоо. Банкны системийн чанаргүй зээлийн хэмжээ 612 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оныхоос 2.4 дахин өссөн зэрэг үндэслэлээр УИХ дахь МАН-ын бүлгээс өргөх бичгийг өргөн барьсан билээ.

Засгийн газрын гишүүнийг огцруулах тогтоолын төслийг өргөн барьсан бүлгийн саналын дагуу өчигдөр Эдийн засгийн байнгын хороо  хуралдаж Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх байсан боловч АН-ын бүлэг хойшлуулах горимын санал гаргалаа.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах шаардлага нь бүдүүлэг, хүний нэр төрд халдсан асуудлыг хэт гуйвуулсан өнгө аястай байна. Жишээ нь, улсын өр, төсвийн алдагдал зэрэгт алдаатай тоог дурджээ. Тиймээс бид шаадлагыг үндэслэлтэй эсэхийг мэдэхээр холбогдох газрууд нь албан бичиг явуулсан. Хариу нь ирээгүй байна. Уг асуудлыг зайлшгүй нягталж, шалгах шаардлагатай. Тиймээс хурлыг хойшлуулах горимын санал гаргаж байна" гэлээ.  Уг горимын саналаар санал хураахад 14 гишүүний 10 дэмжсэнээр уг асуудлыг хойшлуулсан юм.

Өмнө нь эл асуудлыг хэлэлцэх үеэр ирц бүрдэхгүй, өвчтэй эсхүл АН нягтлах шаардлагатай байна гэсээр хойшлуулж байсан.

УИХ-ын дэгийн тухай хуулиар бол Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-д өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах хүсэлтийг тавдугаар сарын 29-ний өдөр МАН-аас өргөн барьсан. УИХ-ын дэгийн дагуу Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг долоо хоногийн дотор авч хэлэлцэх ёстой боловч АН ирцээ бүрдүүлээгүй, мөн Н.Батбаяр сайд өвчтэй байсан гэсэн шалтгаанаар хоёр ч удаа хойшлуулсан юм. Гэтэл өчигдөр мөн адил хойшлуулаад авсан нь тэднийг цаг хожих гэсэн арга мэх хэмээн хардах гишүүд ч байлаа.

Гэхдээ хууль тогтоодог байгууллага нь хуулиа зөрчиж, хуулиа биелүүлэхгүй цаг хожих гэсэн арга нь олон таалагдахгүй гэдгийг АН-ын бодож үзээгүй бололтой.

Н.Батбаяр сайдыг  их "аз"-тай нэгэн гээд хэлчихэж буруутах юу байхав.

 

Х.Даваа