Аялал жуулчлалын улирал ирж, гаднынхан манай улсад аль хэдийн хөл тавьжээ. Гэвч монголыг зорин ирсэн жуулчдад үзүүлж харуулах үзвэр үйлчилгээ, тэдний мөнгийг салгачих оновчтой газрууд ховор.

Бүх л бүтэн Соёл спорт аялал жуулчлалын яам гэх сүржин нэртэй яам байгаад ч нэмэр алга. Учир нь аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого дутагдалтай гэсэн үг.

 

Өнгөрсөн онд манай улс 417 мянга 815 жуулчин хүлээж авсан бөгөөд 2015 онд жуулчдын тоог нэг саяд хүрнэ гэсэн судалгаа гарчээ. Судалгааг харахад жуулчдын тоо өснө гэсэн найдвар тээсэн нь харагдаж байна.  Гэвч сүүлийн нэг жилийн хугацаанд жуулчдын тоо 22 хувиар буурсан байх юм. Арга ч үгүй биз. Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай улсын эдийн засаг элгээрээ хэвтэж байгаа бөгөөд гаднаас жуулчид авах тал дээр толгойгоо гашилгах сөхөө байсангүй. Сөхөрсөн эдийн засгаа хэрхэн босгох вэ гэсэн шүдний өвчин эрх баригчдын дунд бий болж ханцуй шамлан ажилдаа орсон. Ийнхүү түчигнэж байх зуур аль хэдийн жуулчдын “сезон” эхэлсэн харагдана. Мэдээж жуулчдыг татах улиг болсон хөтөлбөрийг салбар хариуцсан яамнаас баталж тэрэнд нь дасал болсон мэт аялал жуулчлалын компаниуд хөтөлбөрийг тоть мэт давтах нь гарцаагүй.

 

Уг нь бол Монгол улс аялал жуулчлалаар мөнгө олох хангалттай боломж  бий. Манай оронд байгаль, нийгмийн үзвэр аль аль нь хангалттай байгаа ч сүүлийн үед жуулчлал зогсонги байдалд ороод байгаа нь нууц биш. Аялал жуулчлал эрхэлж байгаа компаниуд шинэ санаа, маршрут гаргахгүй бол жуулчид уйдаад, дахиж ирэхээс халширч эхэлсэн нь ажиглагдах болжээ. Нэг ирсэн хүн дахин явъя, өөр шинэ сонин юм үзье гэж бодоод ирнэ. Нөгөө л Элсэн тасархай, Ёлын ам, Эрдэнэзуудаа дахин дахин очно. Өвөрхангайд хоёр хоног, Өмнөговьд хоёр хоног, Улаанбаатарт Ардын дуу бүж гийн концерт үзнэ. Их дэлгүүрт ноолуур худалдаж аваад ядарснаа гайхаад харьцгаана. Ингэж байж яаж хүний сэтгэлийг татах билээ.

 

Мэдээж хэрэг хамаг буруу маршрутдаа байгаа юм биш. Эх орныхоо түүх соёл, байгалийн баялгийг тайлбарлаад явахын зэрэгцээ элдэв дутагдлыг нь аргалаад өнгөрөөж чадах ёстой хүн бол хөтөч. Манайд хөтчийг үндэсний болон тусгай аяллын хөтөч гэж ангилж, зэрэг гардуулдаг гэнэ. Нэг үеэ бодвол их, дээд сургуульд бэлтгэгдсэн мэргэшсэн хөтөч нар ихэсч байгаа ч чанарын төвшин хангахгүй л байна. Хүссэн болгон хөтөч болохгүй, хэлтэй бүхэн хөтөч хийж чадахгүй. Хөтөч гэдэг хэл ус, нийгэм соёл, түүхийн өндөр мэдлэгтэй байхын зэрэгцээ хүн чанар, хариуцлагатай байх ёстой. Авч яваа хэдэн хүнээ өвчин зовлон тусахад нь туслах, хөдөө хээр гал, усыг нь бэлтгэх гээд л хүн чанарын асуудал зөндөө гарна. Хөтөч сайн байвал үзэж харах юмаар маруухан манай оронд тэд дахиад ирэх сэтгэгдэл төрж ч болно.

 

Түүнчлэн монголын зам харилцаа хамгийн эрсдэл ихтэй, үүний дээр бие засах газрын асуудал маш хүндхэн байдаг талаар аялаад буцсан гадныхан ярьдаг аж.  Иймд олон жуулчин авахын тулд 00-н асуудлыг боловсноор шийдэх хэрэгтэй.  Салбар яамны зүгээс жилийн жилд энэ асуудалд анхаарлаа хандуулна хэмээн онцлон ярьдаг ч нүдэнд харагдсан зүйл одоогоор алга. Нийслэлийн хаа нэгэн газарт байрлах “City toilet” гэсэн боловсон “00” үзэгддэг.  Хөдөө орон нутгаар жуулчид аялахад модон жорлон хамгийн их асуудал дагуулдаг байна. Нэгэн хачирхалтай жишээ дурдахад монголд жуулчид ирэхгүй байгаагийн томоохон гурван шалтгааны нэгд  “Модон жорлон” багтдаг байна.

Б.Цацрал