Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Таван "Ш" ажиллагааг зарласныг та бүхэн мэднэ. Хуулиудыг зөрчиж, төрийн албанд томилогдсон албан тушаалтнуудыг дөрөвдүгээр сарын 6-ны дотор чөлөөлж, тухайн сарын 10-ны дотор ЗГХЭГ-т хэрхэн яаж шийдвэрлэсэн талаарх мэдээлэл ирүүлэх учиртай. Ор үндэсгүй үүрэг өгч байгаа зүйл биш.

Төрийн албанд хууль зөрчиж томилогдсон 800 орчим албан хаагч бий талаар АТГ-аас мэдээлж байсан. Шүүр ажиллагааны хүрээнд эдгээр хүнийг ажлаас нь чөлөөлөх ажлыг хийнэ. 

Авлигын улмаас хураагдсан хөрөнгийг цаашид тулгамдсан асуудлаа шийдвэрлэх салбарт ашигладаг байх зохицуулалтыг хийгээч гэж иргэд шаардаж байна. УИХ-ын гишүүдийн олонх нь ч тухайн хураагдан байгаа хөрөнгийг нийгмийн хэрэгцээ шаардлагатай зүйлд зарцуулаач гэсэн саналыг хэлж байна.

Энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд хууль санаачлах шаардлага бий. Өнөөдрийн зохицуулалтаар хураагдсан мөнгө шууд төрийн санд ордог. Төрийн санд орсон мөнгийг өөр зориулалтаар ашиглах боломжгүй. Тэгэхээр тодорхой хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийнэ.

Гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд гадаад руу оргосонтой холбоотой "Шувуу ажиллагаа" хэрэгжүүлж байгаа. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүс олноор очиж оршин суугаад байгаад улс оронтой эрх зүйн харилцан туслалцааны яриа хэлэлцээрийг эхлүүлж байгаа.

Баялгийн сангийн хуулийн төслийг боловсруулж оруулж ирэхээр ажиллаж байна. Аялал жуулчлалын тухай хуулийг яаравчлан батлах шаардлагатай" хэмээв. 

Аялал жуулчлалтай холбоотойгоор "БНСУ-ын агаарын тээврийн компаниудтай яриа хэлэлцээр хийсэн. Үүний үндсэн дээр энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 1-ний хооронд БНСУ-руу хийх долоо хоногийн нислэг 70-80 нислэгийн давтамжтай болсон. Нэг ёсондоо өдөртөө 10 орчим онгоц нисэж байх юм. Энэхүү ажлын үр дүнд бид энэ онд нэг сая жуулчин хүлээж авна гэсэн тооцоолол байна.

Аялал жуулчлал, үйлчилгээний салбарт орж ирж ажиллах гадаадын ажиллах хүчинд тавигддаг төлбөрийг тодорхой хэмжээгээр хөнгөлөх журмыг баталсан" гэсэн юм. 

"Монголын иргэн бүр хувьцаа эзэмшигч байх ёстой"

Түүнчлэн "Гадаадын 16 орчим хөрөнгө оруулагч манай улсад үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсыг төлөөлж хийсэн гэрээ хэлцэлдээ үнэнч байна уу гэдэг асуудал яригддаг. Хуулийн байгууллага хөрөнгө оруулагч нарын эрх ашгийг хамгаалах тал дээр ажиллаж чадах уу гэдэг зүйл ч хөндөгддөг. 

"Петрочайна Дачин Тамсаг" компанийг шалгаж байгаа ажлын хэсгийн зүгээс тодорхой хэмжээнд гэрээнд тусгагдах ёстой зарим төрлийн татвар төлөлттэй холбоотой заалт орхигдсон гэсэн дүгнэлт гаргасан. 

Энэ асуудалтай холбоотойгоор БНХАУ-ын Элчин сайдын яамнаас миний нэр дээр бичиг ирсэн байна. Тус компанийн дансыг хаах шийдвэр гаргасан нь хэвийн үйл ажиллагаа явуулахад нөлөөлж байна гэдэг зүйлийг бичсэн байгаа юм" хэмээв. 

Монголын иргэн бүр хувьцаа эзэмшигч байх ёстой. Цаашид хүүхэд төрөхөд 1,072 хувьцаа эзэмшигчийн гэрчилгээг шууд олгодог болох хэрэгтэй. Насан өөд болоход уг хувьцаа эзэмших эрх нь зогсдог байдал руу явах нь зүйтэй гэсэн зөвлөгөөг мэргэжилтнүүд өгч байгаа. Жил бүр ногдол ашгаа тогтмол авч байх нөхцөл рүү орох нь зөв гэж үзэж байна" гэлээ.