УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Англи хэлийг дунд сургуульд нэгдүгээр ангиас нь заахаар боллоо” гэсэн пост оруулсан нь нийгмийн сэдэв боллоо.

Өчигдөржин нийгмийн сүлжээнд маргалдав. Яг ч тийм шийдвэрийг төрөөс гаргаагүйг салбарын сайд нь мэдэгдлээ. Гэхдээ л англи хэлийг нэгдүгээр ангиас нь заавал монгол хүүхэд биш болно, монгол хэл соёл устана, монгол үндэстэн мөхнө... энэ бүхний эхлэлийг Их хурлын гишүүн Ч.Ундрам тавилаа хэмээн зүхэв. Их хурлын гишүүн эмэгтэйн санаачилгаар мөхдөг монгол хэл соёл гэж ч юу байх вэ. Ер нь бол англи хэлийг нэгдүгээр ангиас нь заахыг эсэргүүцсэн дайралт бол мунхаглал юм гэдгийг шулуухан хэлье. Хүүхдээ монголоор нь үлдээхийн тулд та эхлээд гэрийнхээ зурагтын сувгуудыг хаах уу, гаргаж хаях уу. Гар утаснаасаа татгалзах уу... Тантай тангүй, ерөөсөө хэнээс ч хамааралгүйгээр интернэтээр, зурагтаар, гар утаснаасаа хүүхдүүд чинь англи хэл сурч байна. Та бидэнд түй ч хамаагүй явж байгаа үйлдэл энэ байх аа.

Ингэхээр англи хэлийг нэгдүгээр ангиас заах нь зөв, буруугийн асуудал хэлэлцээд байх нийгмийн сэдэв мөн үү. Завтай хүмүүсийн хоорондын хэрүүл байгаа биз. Малчны хотонд жаахан хүүхэд утсаар англи хэлээр хүүхэлдэйн кино үзээд сууж байна шүү дээ. Хоёр ойтой хүүхэд нь уйллаа, ээж нь гар утсаа өглөө, хүүхэд дуугүй боллоо. Өнөө бяцхан нөхөр жижигхэн гараараа утасны дэлгэц сурмаг гүйлгэж, англи хэл дээр дуртайгаа үзээд саатаж байна. Аав ээж нь ч учрыг гүйцэд мэдэхгүй үйлдлийг тэд утсан дээр хийж байна. “Манай энэ ийм сурмаг болчихсон, өөрөө юмаа олоод л үзчихдэг юм” гэх яриаг захын хөдөөний айлаас сонсоно. Шинэ үе ингэж өсч торниж байна. Тэд дэлхийтэй харьцаж байна. Харьцаж байгаа хэл нь англи хэл. Тэдний хил хязгааргүй болсон энэ үйлдэлд эцэг эх нь, бүр төр засаг нь, хууль нь оролцох, зохицуулах ямар ч боломжгүй болсон. Өнөөдрийн хүн төрөлхтний технологийн дэвшил өөрчлөлт монгол хүүхдүүдийг ийнхүү англи хэлтэй болгож байна. Бүр рефлексийн түвшинд. Ийм байхад элэнцэгийн чинь “Англи хэлийг нэгдүгээр ангиас заах нь зөв, буруу” вэ. Үүний төлөө нийгмээрээ нэг хэрэлдээд, маргалдаад байгаа нь үнэндээ онигоо юм. Мэтгэлцэх шаардлагагүй сэдэв гэж нийгэмд байдаг. Англи хэл бол Монголын нийгмийн залуу үед нэгэнт ухамсарлагдчихсан зүй тогтол. Хэнээс ч хамаарахгүй, шаардуулахгүйгээр интернэтээс, телевизээс, гар утаснаасаа, тэр бүү хэл гудамж талбайгаас, автобуснаас, сургуулийн орчноосоо англи хэлийг сурч байна. Англи бичиг соёлгүй газар орчныг Монголын хавтгайгаас олно гэхэд хэцүү. Баруун хязгаар, Алтайн цаадхи Ховдын Үенч суманд англи хэлээр хүүхэлдэй үзээд сууж байгаа нялх хүүхдийн нүдийг нь боогоод, уулын мухарт, жинхэнэ монгол хүн бол гээд хорих юм уу. Хамгийн хаалттай Монголын шоронгуудад хүртэл хавтгайд нь англи хэл зааж байгааг мэдэх үү...

Ийм тодорхой асуудлыг бид үгүйсгээд, шалчигнаад байх шаардлагагүй. Шинэ дэлхий ертөнцөд амьдрах үр хүүхдийн өмнөөс тэнэг юм ярих хэрэггүй. Тэд өөрсдийн үзэл бодол, үнэт зүйлээр өөрсдийнхөө цаг үед амьдарна. Та биднээс юу ч асуухгүй, юу ч заалгахгүй. Худлаа гайхуулж замд нь битгий саад хий. Дэлхийд гуравхан сая хүн ярьж бичдэг монгол хэлээр ирээдүйд үр хүүхдээ яаж сайхан амьдар гээд байгаа юм. Цаана чинь дэлхийн таван тэрбум нь англи хэлээр нэгдэн амьдарч байна. Хүн төрөлхтөн технологийн дэвшилт, ололт бүхэнтэй зөвхөн англи хэлээр танилцаж байна. Дэлхийн бүх судалгаа, тооцоолол англи хэлээр хийгдэж байна. Идэж байгаа хоол хүнс, эм бэлдмэл, анагаах ухааны сайн бүгдийг англи хэлээр олж авч байна. Дэлхийн сонгодогууд бүгд англи хэлээр бичигдэж, туурвигдаж байна. Нийгэмд эзлэх байр сууриа англи хэлээр олж авч байна. Дэлхийд сайхан монгол хэлтэй, сайхан монгол хүн гэж яваад хэн үр хүүхдийг чинь тоох юм. Хэлгүй, нүдгүй, хамгийн том хөрөнгө оруулалт энэ болно.

Ач холбогдол нь өндөр шүү дээ. Англи хэлийг үзэж эхэлсэн сүүлийн 30 жилд л монголчууд дэлхийтэй бодитой танилцсан юм. Шулуухан хэлэхэд англи хэл мэддэг болсоноор “Монголчууд бид өнөөдөр яг хэн юм. Дэлхийн аль багцаанд яваа юм. Бидэнд байгаа нөөц боломж хэр юм” гэдгээ харьцуулж, өөрсдийнхөө сайн, мууг мэддэг болсон. Энэ бол англи хэлний хязгааргүй хүч. Англи хэл сураагүй бол та бид өнөөдөр хэн байх вэ. Харанхуй харагдаж байгаа биз. Ийм болохоор бид Монголоороо байя гэвэл англи хэлийг багаас нь сургах хэрэгтэй. Тэгж байж бид дэлхийд Монголынхоо үнэ цэнийг мэдэрнэ. Монгол эх орондоо хайртай байна. Монгол Улс гэдэг чинь дэлхийгээс өөр юм байна шүү гэдгээ ойлгож, илүү ухаарна.

Өнөөдөр Монголын төр засаг, бодлого тодорхойлогчид англи хэлийг сургалтын хөтөлбөрт албан ёсоор оруулж, бага ангиас нь заана гэсэн шийдвэр гаргаж байгаа бол маш сайн байна. Өнөөдөр төр засгийн зүгээс гаргаж байгаа аливаа шийдвэрүүдэд нийгэм шүүмжлэлтэй хандаж байгаа. Зөв бурууг нь янз бүрээр ярьж, бичиж, шүүмжилж, зарим шийдвэрт нөлөөлж ч байгаа. Энэ хандлагаараа нэгдүгээр ангиас нь англи хэл заах дээр зөв, буруу гэцгээж байна. Үнэндээ УИХ-ын гишүүн Ч.Ундрамын бичсэн шиг нэгдүгээр ангиас нь англи хэл заах шийдвэрийг гаргаад баталсан ч юм алга. БСШУ-ны сайд Б.Энх-Амгалан албан ёсны тайлбараа хийж “Гуравдугаар ангиас нь англи хэл заах, тэр хүртэл бэлтгэл ажил, заах сургах багш, анги танхим, сургалтын хөтөлбөр, материалуудаа бэлдэх болно” гэсэн харагдана лээ. Шийдвэр бол ийм шатанд яваа юм байна. Үнэндээ Б.Энх-Амгалан сайдыг хурдал, түргэл гэмээр байна. Юун гуравдугаар ангиас нь заах вэ, Нэгдүгээр ангиас нь англи хэлийг заахаар хуульчил, сургалтын хөтөлбөртөө оруул гэж шахмаар байна. Гэвч яах вэ, ямар ч байсан гуравдугаар ангиас нь ч болтугай англи хэлийг заахаар төр засгийн шийдвэр гарсан нь сайшаалтай. Энэ бол ирээдүй хойчийн сайн сайхны төлөө, улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө гаргасан бодлогын сайн шийдвэр. Шүүмжлэх аргагүй зөв шийдвэр юм. Ийм сайн бодлогын шийдвэрүүдийн үр дүнд л ирээдүй хойч дэлхийтэй хөл нийлүүлэн алхана. Улс орон хөгжинө. Нобелийн шагналтнууд Монголоос төрнө. Дэлхийн зарим шийдвэрт Монголыг сонсодог болно. Үнэн хэрэгтээ өнөөдөр дэлхий Монголоос юуг ч асуухгүй байгаа шүү дээ. Бид л дотроо том, мундагаа гайхсан хүмүүс. Бодит үнэн, бидний байж байгаа царай энэ. Ирээдүй харин ийм биш байгаасай. Эхний алхам нь монголчууд нийтээрээ англи хэлтэй болох. Үүнд төрийн зөв бодлого, зоримог шийдвэр хамгийн чухал гэдгийг ойлгоцгооё.