Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн соёлын өвийн хадгалалт хамгаалалт, засвар үйлчилгээ, орчин нөхцөл, шинээр барих сан хөмрөг, лабораторийн талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Энэхүү байгууллага байгуулагдаад 115, музей болоод 85 жил болж байна. Манайх төвийн халаалт, төвлөрсөн шугамд холбогдоогүй. Гүнийн худгаар ундны болон хэрэглээний усаа хангадаг. Манайх 20 ажилтантай үйлчилгээний байгууллага.

Музейг төвийн халаалтад холбож болох эсэх талаар мэргэжлийн байгууллагад хандсан. Халаалт тавихын тулд дулаан алдалтыг нь арилгах хэрэгтэй гэсэн. Сүмийн урдуур өрлөг өрөөд, пин барина гэсэн үг. Айл биш үзвэр үйлчилгээний газар болохоор үзэгчдэд үргэлж үүд хаалга дэлгэх учир дулаан алдалтыг алга болгох боломжгүй. Тиймээс халаалт тавихгүйгээр үр хойчдоо өдгөө байгаа өнгө төрхөөр нь өвлүүлэх тухай ажиллаж байна" хэмээв. 

зураг

 

Харин шинэ сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхимын тухайд "Намайг энэхүү байгууллагын захирлаар 2010 онд ажиллаж эхлэхэд тухайн музей кадастрын зураггүй, гэрчилгээгүй явж ирсэн байсан. Манай музейн дөрвөн газрыг дөрвөн иргэн, хуулийн этгээд өөрийн эзэмшилд авч, кадастр, гэрчилгээтэй болж, зарим нь барилга байгууламж барьсан. 13 жилийн турш музейн ажил хийхээс гадна тухайн газруудыг буцааж авчрах ажлыг манай хамт олон хийсэн. Гурван шатны шүүх дээр таван маргааныг эцэслэн шийдүүлж, музей газраа эргүүлж авсан. Хамгийн анхны газраа баталгаажуулж авсан.

Музей авто зогсоолтой байх ёстой. Музейн стандартыг дэлхийн жишигт нийцүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Манай байгууллагын хойно сүндэрлэж буй Ядам сүмийг АНУ-ын санхүүжилтээр 200 мянган ам.доллароор сэргээн засварлаж байгаа. Олон улсын анхааралд музей маань хүрсэн. Өнөөдөр яригдаж байгаа сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхим Засгийн газрын хөтөлбөрт орсон. 

Ус агаар байхгүй бол хүн амьдарч чадахгүйтэй адил музей үзэсгэлэнгийн сан хөрмөгийн өрөөгүйгээр оршин тогтнох боломжгүй. Музейд халаалт тавьж болохгүй гэж байгаа учраас хүмүүс үзэсгэлэнгийн танхимд орж дулаацаад, эрдэм шинжилгээний бүтээлтэй танилцаж, боловсролын хөтөлбөрт хамрагдах юм" гэдгийг хэллээ. 

зураг

 

Харин ажилтнуудын нийгмийн асуудлын талаар "115 жилийн өмнө эсгий гуталтай лам нар ном хурж байсан сүмд 21 дүгээр зуунд хүмүүс эсгий гуталтай ажиллаж байна. Манай ажилтнууд эрүүл мэндийн асуудалтай болсон. Бөөр, эмэгтэйчүүдийн өвчнөөр өвдөж байна. Сүүлийн жилүүдэд бид гуурсан хоолойн өвчтэй болсон. Халаалтгүй учраас үргэлж хуурай өрөөнд байрлаж ажилладаг. Монгол гэрээр оффис хийдэг. Архивын бичиг хэргээ агуулах сав байхгүй. Баримтуудынхаа дунд багтаж ядаад ажилладаг. Гадаа гарч зүлэг ногоо зулгаадаг. 

"Цалин сонсоод музейд ажиллах хүн ирэхгүй байгаа"

580 мянган төгрөгийн цалин авч ажиллаж байгаа хүмүүс. Өнөөдөр бид сүмээ нээж чадахгүй хэмжээнд хүрлээ. Ажилтан олдохгүй байна. Ирсэн хүн нь цалин сонсоод ирэхгүй байгаа. 

Музейн үзмэр харгалзагч нар хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллаж байна. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандахад хортой нөхцөл гэж тооцохгүй гэсэн. Хүн ажиллах стандартыг хэд дахин зөрчсөн хүнд нөхцөлд бид ажиллаж байна"  гэлээ.