“Давхар дээл” тайлах хуулийн төслийг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн ч чуулганы босго давж чадалгүй унасан. Тиймээс “давхар дээл”-ээ тайлж хаяна хэмээн “женко” Х.Баттулга өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн билээ.

Тэр ч утгаараа Х.Баттулга байр сууриндаа үнэнч зогсож, өөрийнхөө хүсэлтээр “давхар дээл”-ээ тайлсан юм. Харин орон гарсан Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдад хэний нэрийг дэвшүүлэх, хэнийг томилох, “давхар дээл”-тэй юу, дан дээлтэй юу хэмээн хэрэлдсэний эцэст Ш.Түвдэндоржийг дайрсаар байгаад томилчихлоо. 
     Ш.Түвдэндорж бол АН-ын МоАХ фракцид харъяалагддаг нөхөр. Тодруулбал, Х.Баттулгын бүлэглэлд багтдаг гэсэн үг. Тэрээр сайдыг томилох эсэх асуудал хэлэлцэх үед "Намайг МоАХ фракц сайд болохыг 100 хувь дэмжсэн” хэмээж суусан. Харин яг Ш.Түвдэндоржийг ийн хэлж суудаг өдөр Х.Баттулга “Би хувьдаа Ш.Түвдэндоржийн асуудлыг дэмжихгүй. Тэгээд ч МоАХ хэлэлцэж дэмжсэн юм алга” хэмээсэн ярилцлага өгсөн байв. Ш.Түвдэндоржийн хувьд бараг Х.Баттулгын ярилцагыг уншиж суунгаа “МоАХ намайг дэмжсэн” гэж худал хэлсэн болов уу. Фракцийнх нь тэргүүн ийн хэлж байхад тэрээр сайд болох гэж ихэд улайрч байгаа нь үүгээр харагдсан. Түүний сайд болох гэсэн улайрал нь хүмүүст их л инээдтэй санагдсан нь мэдээжийн хэрэг. Тэр ч бүү хэл түүнийг Н.Алтанхуягтай томоохон тохироо хийсэн гэх мэдээлэл ч гараад амжсан. 
      Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар фракцийнхантайгаа ч хэлэлцсэн зүйлгүй шууд Н.Алтанхуягийн буюу “алтангадас”-чуудад өөрөө гүйгээд очсон Ш.Түвдэндоржид фракцийнхан нь хариуцлага тооцох нь. Тэрээр өнгөрөгч хугацаанд МоАХ-ны нэрээр олон удаа өндөр дээд албан тушаалд очсон байтал цагаа тулахаар бүлэглэлийнхээ нөхдийг үл тоон өөр фракци бараадсан гэж үзэж байна. 
     Учир нь тэрээр 1999-2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БХ-ын сайд, 2003-2008 онд МоАХ-ны дарга, 2004-2006 онд ЗГХЭГ-ын дэд дарга, 2005-2006 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2006-2012 онд МоАХ-ны гүйцэтгэх захирал, 2010-2012 онд Ардчилсан намын Нийслэлийн даргын албыг тус тус хашиж байгаад 2012 оны Улсын Их Хурлын сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар  Хуульзүйн байнгын хорооны даргаар томилогдон ажиллаж байсан нөхөр. Сайд даргын сэнтийд залрахаас эхлээд УИХ-д орж ирэхдээ хүртэл жагсаалтад дээгүүр эрэмбэ эдэлсэн нь Х.Баттулга нарын хүчин зүтгэл юм байх. 
      Энэ бүх албан тушаалын томилгоо нь МоАХ хэмээх фракцийн ач гавьяа гэж үзэж байгаа учраас тэд Ш.Түвдэндоржийг фракцаасаа хөөх тухай яриа дэгдээлээ. Магадгүй, Ш.Түвдэндоржийн албан тушаалын шунал нь ийнхүү улстөрийнх карьерийг ч дуусгаж байж болох юм. Яагаад гэхээр тэрээр Н.Алтанхуягтай тохироо хийж “алтангадас”-чуудыг бараадаж ирсэн. Үнэн хэрэгтээ Н.Алтанхуягийн Засгийн газар “дээсэн дөрөөн дээр дэнжигнэж” байгаа. Ямар сайндаа л арга ядсан засаглагчид “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн аян” зарлаж амь тариа хийж суухав дээ. Энэ Засгийн газрын 100 хоногийн нас гараанаас гарчихсан. Амь тавих цаг нь хаяанд байхад ийм шийдэл гаргаж байгаа нь алсын хараагүй л зүйл. Мэдээжийн хэрэг, Н.Алтанхуягийн Засгийн газар буулаа л бол дараагийн Засгийн газар МоАХ фракциас бүрдэж таарна. Тэр цагт Ш.Түвдэндорж эргээд МоАХ-ны хатавчинд суухаас өөр замгүй. Уг нь сайдын суудалд улайраагүй бол МоАХ фракцийн хойморт сууж, Засгийн газарт өндөр эрэмбэ нэр хүндтэй эдлэх байв. 
       Зөвхөн үүгээр ч зогсохгүй, 2016 оны сонгуулиар ч тэр ямар нэгэн фракцийн хойморт сууж чадахгүй. Өөрсдийгөө яая гэж байгаа “алтангадас”-чууд нэгэн цагт өөрсдөөс нь илүү эрэмбэ эдэлж сайд болчихсон түүнийг хялайж харна. МоАХ-гоо эргээд бараадсан ч тэд хүлээж авахгүй. Авлаа ч босгоны шороо мэт үзэгдэнэ. Тэгэхээр мань эр нэг тойрог олж аваад “өвдөг шороодох” нь гарцаагүй. Ингээд л “намайг луйвардсан” хэмээн Д.Нямхүү шиг 2020 оны сонгууль хүртэл яншаад дуусч байгаа хэрэг. Энэ бүгдээс харж байхад Ш.Түвдэндорж  улстөрийнхөө карьерийг суудлын шуналаас болж бүр мөсөн унагаж байх шиг. 

С.Баяр