УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томилох тухай асуудлыг өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдаанаар хэлэлцсэн.

УИХ-ын гишүүд тухайн өдөр чуулганаар хэлэлцэх байсан бусад асуудлаа хойш тавиад өдөржин шахам энэ асуудлыг хэлэлцсэний эцэст 17:00 цагийн үед санал хураалт явуулсан юм. Улмаар санал хураалтад оролцсон 40 гишүүний 34 нь зөвшөөрч, зургаа нь татгалзсанаар Ш.Түвдэндоржийг ҮХАА-н сайдаар томилохоор болсон. 

    Ийнхүү ҮХАА-н сайдын суудалд суухаар сэтгэл шулуудаж, УИХ-ын гишүүнээс татгалзахад хүртэл бэлэн хэмээн мэдэгдээд байсан Ш.Түвдэндорж санасандаа хүрсэн билээ. Ингээд тухайн өдрийнхөө орой 20:00 цагийн үед Ерөнхий сайдаас ҮХАА-н сайдын тамга тэмдгээ гардаж авав. Энэ бүхнээс харахад тэрбээр сайд болохоор нэлээд яарч байсан бололтой. Тиймдээ ч хором, мөч бүрийг дэмий өнгөрүүлэхийг хүсээгүй аж. Магадгүй гишүүдийн өдөржин хэлэлцэж, хэрэлдсэн нь түүнд төвөгтэй санагдаж, хурдхан санал хураалт болоосой гэж ханцуйдаа залбирч суусан ч юм бил үү хэн мэдлээ. 

    Харин одоо бол түүний цаг явж эхэлсэн. Түүнд хоёр жилийн хугацаа бий. Үндсэндээ энэ хоёр жилийг хэрхэн үр ашигтай өнгөрөөх, үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт юу хийх нь вэ гэсэн хүлээлт хүлээлт үүсч байгаа гэсэн үг. Мэдээж дардан замаар сайдын суудалд суучихаагүй түүнд хаягласан маш олон асуулт, эсэргүүцэл байсныг цаг явж  эхэлсэн энэ үед эргэн сануулах нь зүйтэй биз ээ. Тэгж гэмээ нь хоёр жилийн дараа түүний хэр үр дүнтэй ажиллав, хэнээс ам асуухаар байна вэ гэдгийг уншигчид, ард түмэн санаж байх юм. 
Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Уянга “Улс төрийн хямралыг хамгийн түрүүнд давах хэрэгтэй байна. Х.Баттулга сайд огцроогүй харин өөрийн ёс суртахууны хэмжээнд ажлаа өгсөн. Хэн нэгний ёс суртахын дагуу өгсөн тушаалаа ёс суртахуунгүйгээр томилох гэж байгаа юм. Нэр дэвшигч  өөрөө ёс суртахууны ямар шийдэлтэй байгаа вэ. Давхар дээлтэй байх ёсгүй гэдэг саналыг дэмжиж байгаа учир энэ асуудлыг дэмжиж чадахгүй байна.” 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Давхар дээлтэй байхыг болих хэрэгтэй гэсэн санаа л  явагдаж байна шүү дээ. Заавал УИХ-ын гишүүний тавина гэж хэлээд байна. Энэ асуудлыг ойлгоход хэцүү болоод байна. УИХ-ын гишүүн гэдгийг доогуур үнэлээд байгаа юм шиг логикийн зөрчилтэй асуудал байгаа юм. Ерөнхийлөгч хүртэл энэ асуудлын хувьд татгалзаж байгаа нь ойлгомжтой цаг үеэ мэдэрсэн биш бил үү.” 
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Давхар дээл, дан дээл гэж ярьж байна. Өмнөх сайд нь давхар дээлийг тайлж  байхад дараагийн сайд нь араас нь давхиж ороод ирээд байгаа ойлгохгүй байна. Байнгын хорооны дарга гэдэг том албан тушаал ер нь хэн нь сайд болох нь чухал биш юм. Харин бид УИХ-аас эхлээд ёс суртахууны үлгэр дурайлаа үзүүлэх хэрэгтэй юм. АН боловсон хүчингүй болсон юм уу. 30 хүн дотроос нэг хүн гараагүй юм уу. Одоо газар тариалангийн бодлого алга, монгол мал хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажил алга. Яамны ажилд бүрэн цагаа зарцуулах хүнийг томилох хэрэгтэй байгаа болохоос.” 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “УИХ-ын гишүүд сайд томилох,  огцруулах болохоор бүгдээрээ ороод ирдэг. Харин санал асуудал хөндөхөөр гараад явдаг. Хэн нэгэн сайд орж байвал ард түмний асуудал хамаагүй болсон уу.” 
УИХ-ын гишүүн  Х.Болорчулуун “Ш.Түвдэндорж гишүүн та мэргэжлийн бус байж болно. Гэхдээ та хөдөө орон нутгийн амьдралыг хэр мэдэх вэ. Энэ салбарыг өөрийн болгоход хугацаа шаардагдана.” 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Ерөнхийлөгч том төрөөс ухаалаг төр рүү шилжих  асуудлыг улс орныхоо өмнө дэвшүүлэн тавьж УИХ-ын гишүүдэд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан.” 
 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу