Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих нэрийн дор өргөн барьсан татварын өршөөл үзүүлэх хуулийн төсөл нь хөрөнгө орлогын мэдүүлгээ худал бөглөсөн, хөрөнгөө нуусан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн авлигачдыг өршөөхөд чиглэгдсэн гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна. Энэ хуулийн төсөлд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан хөрөнгө орлогоо 2014 оны долдугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл хугацаанд илчилсэн хувь хүн, хуулийн этгээдийг өршөөхөөр тусгажээ. Энэ нь Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчмыг алдагдуулж байна гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт онцоллоо. Тэрээр "Мөрөөрөө бизнес хийж яваа хүмүүс, олон өрхийн амьдралыг авч яваа бизнес эрхлэгчид шударгаар татвар төлснийхөө төлөө хохирдог байж болохгүй. Хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан нөхдийг өршөөнө гэсэн хуулийн төсөл оруулж ирсэн нь шударга ёсны зарчимд харшилж байна" гэлээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл нь аж ахуйн нэгж, иргэдэд зориулагдсан гэхээсээ илүүтэй хуулиа сахин биелүүлдэггүй, авлига авч хууль бусаар хөрөнгөжсөн цагаан захтнуудыг өөгшүүлсэн. Нөгөө талаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэх мэт хууль бус хөрөнгийг Монголд оруулж ирэх үүд хаалгыг нээх эрсдэлтэй. Мөн шударгаар эд хөрөнгөө бүртгүүлж татвараа төлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн урмыг хугалсан, хууль зөрчиж болдог, хуулиа биелүүлсэн нь хохирдог юм байна гэсэн ойлголтыг татвар төлөгчдөд бий болгож байна. Өөрөөр хэлбэл, "хуульчлагдсан авлигачид" болж хуулиар өршөөгдөх боломжийг олгож байна. Түүнчлэн нуусан хөрөнгөө ил болгосон тохиолдолд тухайн аж аж ахуйн нэгж, иргэн дээр шинэ мэдээллийн сан үүсгэж нууцлах бөгөөд дахин эрүүгийн хэрэг үүсгэхгүй, мөрдөж шалгахгүй юм байна. Мөн 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх тайлан, баланс, хөрөнгө орлогын мэдүүлэг, холбогдох мэдээллийг устгахаар заасныг МАН-ын бүлэг буруушааж байна.

Эл хуулийн төсөлд нууцлахаар заасан мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэхийг хориглоно гэж заасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Энэ тухай мэдээллийг ил болговол иргэнийг таван сая, аж ахуйн нэгж байгууллагыг 50 сая төгрөгөөр торгоно гэсэн заалт оруулсныг ч МАН-ын бүлэг дэмжихгүй гэлээ.

Мөн Газрын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан эрх баригч намын зүгээс хийсэн мэдээлэлд ч хариулт өглөө. Бүлгийн дарга С.Бямбацогт "Газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолын төлөө санаа зовж үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэд, төрийн бус байгууллага, тэр байтугай УИХ-ын гишүүдийг хэлсэн үгийнх нь төлөө хариуцлага тооцно, хууль хяналтын байгууллага шалгах ёстой гэж эрх баригчид айлган сүрдүүлж, дарамталж байгаа нь буруу" гээд МАН-ын бүлэг газар шорооныхоо төлөө дуугарч байгаа иргэн, төрийн бус байгууллагуудыг хамгаална гэдгээ илэрхийлэв.