Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. 

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрэхэд 67 сая ам.доллар дутуу байна. Одоо 3.9 тэрбум ам.доллар байна. Өнгөрсөн сараас 106 сая ам.доллароор нэмэгдсэн. Энэ нь цаашид төгрөгийн ханш тогтвортой байх нөхцөлийг баталгаажуулж өгч байна.

Эхний найман сарын байдлаар Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ 41 сая ам.долларт хүрсэн нь цар тахлын өмнөх үеэс 16 сая ам.доллароор нэмэгдсэн" гэлээ. 

ВИДЕО:

“Биржээр  нүүрс зарагдаж байсан бол нэмээд жонш, төмрийн хүдэр гаргах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Үүний бэлтгэл ажил хийгдсэн. Есдүгээр сардаа жонш, төмрийн хүдрийг биржээр борлуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн.

Дараагаар нь мөнгө, зэсийг биржээр оруулах бэлтгэл ажил хангах үүргийг Засгийн газраас өгсөн" гэв.

Мөн Монгол Улсын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд хэвийн байгааг нэмж онцолсон юм. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаас шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөлд өгөх санал, дүгнэлтийг гаргалаа.

2021 онд Шүүхийн тухай хууль батлагдаж, хоёр жил гаруй болж байна.

ШЕЗ-ийг Үндсэн хуулийн байгууллага хэмээн хуульчилж, олон нийтийн нээлттэй сонгон шалгаруулалтаар УИХ томилдог. ШЕЗ-өөс шүүгч нар сонгогддог. Шүүгч нарт хариуцлага тооцдог Шүүхийн сахилгын хороо гэдэг байгууллагыг улс төрийн албан тушаалтнаас хараат бус байдлаар байгуулсан. Энэ нь хууль зөрчсөн шүүгч нарыг чөлөөлдөг Үндсэн хуулийн байгууллага юм.

Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичигтэй болох зорилтыг шүүхийн тухай хуульд бичсэн учир уг баримт бичгийн төсөл бэлэн боллоо. Намрын чуулганаар хэлэлцэнэ.

Дэлхий нийтээрээ шүүн таслах ажиллагааг цахим болгож буйтай уялдуулж, уг тогтолцоог нэвтрүүлэх тухай тусгасан.

Шүүгч нарыг хөгжүүлэх, сургах, боловсон хүчний хүний нөөцийг бүрдүүлэх асуудлыг уг баримт бичигт тусгасан. Засгийн газраас Шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Шүүх эрх мэдлийн салбарын бүтцийн өөрчлөлтийг уг хуулиар хийхийг зорьж байгаа. Шүүхийн тогтолцоог өөрчилнө. ШШГЕГ-т бүтцийн өөрчлөлт хийх тухай Шүүх байгуулах тухай хуульд тусгана.

Иргэдийн шүүхэд итгэх итгэл, шударга ёсны хүсэмжийг нэмэгдүүлэхэд шүүх эрх мэдлийн шинэчлэлийг хийх зайлшгүй шаардлага тулгарч байгаа" хэмээн ярилаа.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Халзан Бүрэгтэй ордын талаар тогтоол гаргажээ. 

Тус тогтоолыг Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар танилцуулав. 

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Ховд аймгийн Мянгад сумын нутагт байрлах Халзан Бүрэгтэй ордод хамаарах хоёр тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хууль тогтоомжийн дагуу судалж орон нутгийн иргэдийн саналыг харгалзан шийдвэрлэж арга хэмжээ авахыг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар болон БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгалаа.

Халзан бүрэгтэй ордын хоёр тусгай зөвшөөрлийг "Mongolian National Rare Earth" ХХК эзэмшдэг. Тус компанийн 100 хувийн хувьцааг Худалдаа хөгжлийн банк эзэмшиж байна. Анх 2001, 2004 онд тусгай зөвшөөрлийг олгож байсан. 

268 сая тонн хүдэр, 1.2 сая тонн исэл буюу эцсийн бүтээгдэхүүний нөөцтэй юм. Монгол Улсын газрын ховор элементийн 30 гаруй хувь нь тус ордод хамаардаг. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас энэ дөрөвдүгээр сарын 29-ний өдөр дотоод хяналт шалгалт явуулж, тус уурхайн үйл ажиллагааг түр зогсоох тухай улсын байцаагчийн акт гарч байсан. Хэдийгээр акт тавигдсан ч үйл ажиллагаа нь явагдаж байсан учир Засгийн газраас тогтоол гаргалаа.

  1. Хайгуулын үеийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОАЖ-ын яамаар батлуулаагүй. Мянгад сумын Засаг дарга баталсан байгаа нь хууль зөрчсөн байна хэмээн Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам үзсэн. 
  2. Цөмийн энергийн тухай хуулийн дагуу цацрагт идэвхт ашигт малтмал үйл ажиллагааг эхлүүлэхдээ цацрагийн хяналтын улсын байцаагчийн зөвшөөрөл аваагүй. 
  3. Хайгуулын үйл ажиллагаанд шаардагдах усыг Ховд голоос зөөврөөр ашиглахаар аймгийн байгаль орчны газраас зөвшөөрөл авч гэрээ байгуулсан. Гэвч талбай дээр гүний ус ашигласан байх магадлалтай. 
  4. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газар ашиглах гэрээ байгуулаагүй. 
  5. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд орон нутагтай гэрээ байгуулаагүй гэсэн зөрчлүүд илэрсэн. 

Иргэдийн саналыг үндэслэн гээд үйл ажиллагаа чөлөөтэй явна гэсэн үг биш. Ордын үйл ажиллагаа зогссон үед Мянгад сумын иргэдийн саналыг авсны дараа Засгийн газарт танилцуулна. Тус ордын үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж зогсож байна.

Хэрэв дээрх дурдсан зөрчлүүдийг арилгаад, иргэд нь зөвшөөрвөл Халзан Бүрэгтэй ордын үйл ажиллагааг цааш нь явуулах боломжтой. Засгийн газрын өнөөдрийн шийдвэр нь ордыг улсын мэдэлд авах гэж байгаа гэсэн үг биш" хэмээн ярилаа.