Жил бүрийн есдүгээр сарын 15-наас айл өрхүүдийн халаалтыг холбодог. Энэ жилийн тухайд дулааны шугамын засвар, шинэчлэлүүд хийгдэж дуусжээ.

"УБДС" ТӨХК-ийн Үйлчилгээ хариуцсан хэлтэс "2023 оны есдүгээр сарын 15-наас орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааныг залгана. Дулааны шугам, засвар шинэчлэл, хөрөнгө оруулалттай уялдуулж дулаан нь холбогдохгүй газрууд байхгүй. ААН, байгууллагуудын хувьд 10 дугаар сарын 1-нээс дулаанд холбогддог. Байгууллагууд бүгд дулааны тоолууртай байдаг тул хүйтэн байвал есдүгээр сарын 20-ноос УБДС ТӨХК-д мэдэгдэж, дулаанаа холбуулж болно.

Нийслэлийн хэмжээнд 16 байршилд дулааны шугамын өргөтгөл, шинэчлэл хийсэн. Дэлхийн банкны санхүүжилтээр 7, УБДС ТӨХК-ийн хөрөнгөөр 5, улсын төсвийн хөрөнгөөр 3 байршилд засвар хийсэн. Төлөвлөсөн ажлууд бүрэн хийгдэж, өвлийн улиралд дулааны шугамын найдвартай ажиллагааг хангасан. Ямар нэг гэмтэл гарахгүй бол сайн өвөлжинө гэсэн зорилготой байна. ЕСБХБ-ны санхүүжилтээр хоёр байршилд шугамын шинэчлэл хийгдэж байна. Энэ нь дараа жилд дуусах юм, халаалт холбоход нөлөөлөхгүй.

"Амгалан" ДЦС нь Улаанбаатар хотын зүүн хэсгийг буюу зүүн дөрвөн замаас цааших хэрэглэгчийн дулааныг хангадаг. Уг станцын зуухыг өргөтгөх ажил дөрөвдүгээр сард эхэлсэн. Одоо үргэлжилж байна. Тодруулбал 300 Ккал/цагийн хүчин чадлыг 100 Ккал/цагаар нэмэгдүүлж, 400 Ккал/цаг болгох юм. Ингэснээр дулаан хангамж сайжрах, шинээр баригдах барилгуудыг дулаанаар хангах хүчин чадалтай болно. Өргөтгөлийн ажил энэ онд дуусна" гэсэн мэдээллийг өглөө.