Засгийн газраас жорлон хүртлэх 350км

1. Оршил

Яасан урт юм бэ гэж бодож байна уу? Уншихгүй ч байж болно. Гэхдээ миний 72 цаг дугуйгаар явж энд ирснийг бодвол гайгүй.

90-ээд оны сүүлээр уртаашаа 1кг ноолуур, 5000 төгрөгтэйгээр хот орж оюутан болохоор фургонд суув. 24 хүн нэг мал ачсан фургон замдаа 3 хоног эвдэрч Хархорин дээр ирлээ. Гурав хоногт таван мянган төгрөгөө яаж ч хэмнэсэн дуусах дөхөв. Хархориноос хот ойрхон гэхэд нь сүүлчийн мөнгөөрөө хоол авч идтэл машин ахиад хоёр хоног эвдрэв. Хүмүүст гэдэс гүйлгээд л гэнэ. Энийг уучих нам болгоно гээд надад эм өгнө. Эмээрээ хоолоод байгаа мэт. Эм ууж ааруул хүлхсээр хот орсон юмдаг.

Оюутны ширээнээсээ эхлээд дунд нь бага сага завсарласантайгаа 20 жил бизнесийн салбарт ажиллажээ. Туулж болох бүхнийг л гүйцээж. 20 жил дотроо бодож явсан зүйл маань хоолны газар хийх байв. 3 жилийн өмнө Англид очиж 20 жил тэнд ажиллаж хөдөлмөрлөсөн найз нар аа энэ бизнес дээр хамтрахыг санал болгов. Орон нутагт хийж болох бүхнийг хийж эрхэлсэн найздаа ч саналаа тавив. Товчхондоо зөвхөн өөрсдийн улаан гараараа хөдөлмөрлөсөн найзууд нэгдсэн. Ингээд бид бүхэн ковидын хүнд жилүүд, бараа материалын үнийн өсөлтийн шуурган дундуур нэгэн бүтээн байгуулалт хийсэн нь Гэр комплекс билээ. Багагүй дүнтэй бүтээн байгуулалт хийсний тал нь банкны зээл юм.

2. Үзэл санаа

Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн 00, хөгжлийн бэрхшээлтэй иргэний 00, хүүхэд хооллох хэсэг, хоёр давхартаа 40 хүний буудал гээд олон улсын замын үйлчилгээний төвийн стандарт руу бүхнээ дөхүүлэхийг хичээв. Нүүрс түлэхгүйгээр газан халаалт шийдэв. Буудалд хэн хэзээ ч усанд ороход халуун устай. 98%-ийн цэвэршүүлдэг хамгийн орчин үеийн бохирын септик тавив. 100 машин хангалттай зогсох талбайг асфальтаар хучлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүн, автобус, том машины зогсоолыг тэмдэгжүүлэв. Гал тогооны халуун ажиллагаа хоол хийх процесс бусдын нүдэн дээр ил. Ингээд бид шинэ хамт олон болж ажлаа эхэлсэн. Хүмүүс ажил хийх сонирхолгүй болсон энэ үед хэдэн сайхан залуучууд ирсэн. Хавар зуны туршид бүгд л хичээлээ. Бүгд л шинэ сорилттой тулсан. Мэргэжлийн чадварлаг ажилтан хаана хаанаа хомсдолтой цаг үед бид хэн нэгнийг цалингаар зодож албан байгууллагаас нь салгахыг хүсээгүй. Ингээд бид энэ зуны туршид сайн, муугаараа хэлүүлж анхны томхон ачааллынхаа ард гарсан билээ.

3. Хүндрэл

Анх бид рестораны хоол хийнэ гэж хаягаа тавьсан. Бүтэн 4 сар хүлээхэд тэр хоолнуудыг авч идэх хүн олдоогүй. Замын хүмүүс ямар нэгэн юмыг гялс идээд цаашаа хөдлөх сонирхолтой. Бид яаралтай өөрчлөлт хийж менюн дээрээ ажиллах шаардлага гарсан. Нэг хоолыг нэвтрүүлэхэд багадаа 14 хоногийн хугацаа орно. Бид нэг л мэдэхэд наадмын ачааллуудтай золгов. Гэрээний дагуу хаяг сольж өгөх ёстой газар маань утсаа салгаад алга болов. Бид яаж ч чадалгүй их ажилтай тулсан. 35 хоногийн оргил ачааллын үед 12 хоног тог тасарсан. 8 хоног цэвэр усны худаг, цэвэрлэх байгууламж үерт автсан. 50Квт-ын мотор худалдаж авч амь аргацаана.

Цэвэрлэх байгууламж үерт орлоо бие засах боломжгүй гэхэд л үүдэн дээр шээнэ. Бид хэн нэгний чинэрсэн давсгийн төлөө эзэнд нь загнуулна. Амтай болгон энийгээ янзлахгүй яасан юм гэж хараана. Хоёр хүн өдөрт 15 машин хог ачаад ч дийлэхгүй. Манайхыг яг хогийн цэг мэт санаж багаж, кабинаа суллаж байсан. Боловсон 00-д 3 хүн яс зогсоод ч цэвэрхэн байлгах боломжгүй. 00 руу хийсэн тамхины хайрцаг, даамсаг бусад бүхэл зүйл авах хайч хүртэл хийсэн. Аргаа ядахдаа "Эх хүн цэвэрлэдэг" гэсэн жендерийн алдаатай үг хаа сайгүй хадав. Энэ их олны хэл ам, дарамт, асуудал проблемийг тэсэхгүй зарим хүмүүс ажлаа шууд хаяад зугтсан. Буруутгаж чадаагүй.

4. Хоол

Хоол уу? Бас чадлаараа л хичээсэн. Алдсан, оносон олон ч юм бий. Манай ахлах Амараа өөрөө сайнаас нь цуглуулж ирсэн нарийн ногоог олонх нь иддэгүй. Өвс гэж үзэх нь олон. Манай ард түмний 80% нь мах, гурил, будаа л иддэг юм байна лээ. Мах. Үхрийн мах 18-22,000 төгрөг хүрч солиорч байхад бид үхрийн махаараа л хоолоо хийсэн. Бид хамгийн сайн будаа, хамгийн сайн гурил, хамгийн сайн бүтээгдэхүүн сонгодог. 70 хувь үхэр, 30 хувь хонины мах. Ясаа буцалгаж шөлөө хийдэг. Хараал идсэн дашидаг чинь хэзээ ч ашигладаггүй. Тог цахилгаан, хүнээсээ шалтгаалаад бид хоолны амтан дээр алдаж болно. Хэзээч муу мах, муу материал ашиглаж болохгүй гэсэн философитой. Нэр нь "Гэр" комплекс. Шулуухан хэлэхэд хямдхан тэмээ, ямааны махаар хоол хийснээ хонь, үхэр гэж бусдыг хуурч чадахгүй. Тэмээ, ямааны мах муу биш. Тэмээ, ямааны махандаа дуртай бүтэн аймгууд ч бий. Бид цаашдаа хийх бол зарлаж байгаад хийнэ.

Жишээлбэл, тэмээний махан бууз, ямааны махан хуушуур гэж байгаад хийнэ. Бусдыг хуурч ашиг олж лав чадахгүй. Гурван хөрөнгө оруулагч үүн дээр 100% санал нэгддэг нь сайхан.

5. Амьдрал дээр

Гэр комплекс ихэнхдээ алдагдалтай л яваа. Орлого сайнгүй байлаа гээд бид ажилласан хүмүүсийн цалингаас хасаж болохгүй. Хэн нэгний цалинг нэг хоногоор ч хоцроож болохгүй. Илүү орлого олъё гээд ямаа, тэмээр рүү орж болохгүй. Хот хоорондын автобусныхан, эрх бүхий дарга нарт нь хандаж үзсэн. Амаргүй юм билээ. Бид ямар авлига өгөх биш. 45 хүнтэй автобусны жолооч нэг газар хүмүүсээ хооллуулсан гэж бодьё. Тэндээсээ хүн бүрийн тоогоор 2-3 мянган төгрөг авдаг юм билээ. Энэ бүр тогтчихсон систем. Бид тэрийг өгөхгүй ээ гэдэг учраас манайд автобус зогсдоггүй юм. Энэ буруу хандлага энэ буруу жишгийг сөрөх л ёстой. Хэзээ ч тогтсон буруу юм руу эргэж хутгалдаж болохгүй. Шударга сайхан жолооч залуучууд хааяа зогсдог юм.

6. Жуулчин

Бид өнгөрсөн хавар романтик, сэтгэлгээгээр жуулчдад зориулсан гахай, тахиа хийсэн. Иддэггүй, авдаггүй юм билээ. МИАТ нь билетийн төлбөрөө, жуулчны компаниуд нь сервис ээ, кемпүүд нь хоногийн төлбөрөө авчихаж байгаа юм. Жуулчдыг авч яваа газар хаана хооллуулахаа бас л тохирчихсон. Аль эрт шийдчихсэн. Эртхэн яриагүй нь бидний алдаа л байх. Гэхдээ хандлагын хувьд нөгөө л надад хэдийг өгөх вэ гэсэн харц!!!

Бид энэ зун жуулчдын жорлон болсон. Жуулчдын компаниуд төлөвлөгөөндөө хамгийн цэвэрхэн нойлтой "Гэр комплекс"-т жуулчдаа бие засуулна гээд бичсэн. Бие засуулсан. Бохир эвдрэлтэй үед ч Монголын нэр төр нтр хэмээн загнаж, зандарч байгаад бие засуулсан.

Бид буудлын өрөөгөө өглөөний цайтай хүний 50 доллараар үнэлсэн. Цэвэрхэн цагаан хэрэглэл, тухтай ор, өрөөндөө халуун дүш гээд бүгд л байсан. Багагүй газруудад хандсан. Нөгөө л үйлчилгээ тааруу гэр, байгаль жорлонгоо л бараадах шив. Олон улсын сүлжээ аппуудаар л хэдэн хүн ирэв.

7. Манай зорилго

Бид цахилгаан машины цэнэглэгч суурьлуулна. 2030 он гэхэд дэлхий дээрх авто машины 80% нь цахилгаан болно гэж байхад манай улсад нефтийн үйлдвэрээс илүү эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй юм. Цахилгаан машин оруулж ирдэг Leaf Center, BYD Mongolia азруудад хандсан. Зарим нь нааштай л байна. Цахилгаан цэнэглэгч тавих талаар Бямбацогт Сандаг анхаарч өнө үү.

SKYtel, Unitel, mobicom сүлжээ сайжруулаад өгөөч ээ гэж аль хавар л бичиг өгсөн. Таг дүлий. Мобиком магадгүй гэх янзтай. Аян замдаа уужуу тайван яваа жуулчид, бусад хүмүүст зориулсан пивоны, хөгжмийн асар хийнэ. Орой бүр амьд тоглолт зохион байгуулна. Дугуй хийлэгч, сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан хэрэгслийн цэнэглэгчүүд тавьна. Эерэг хандлага, ирээдүй, зохистой хэрэглээ, сайн сайхны төлөө бидний төлөвлөсөн ажлуудад зөндөө бий.

8. ЗГ-аас зарласан хөдөөг чиглэсэн бодлогууд одоогоор бидэнд тусаагүй. Өнгөрсөн хавар ирээд явсан Байгаль орчны сайдын багийнхны гоё амлалтуудаас одоогоор юу ч хэрэгжээгүй. Манайхаар их олон том дарга нар хооллоод гарсан. Учирч буй бэрхшээл, цаашид юугаар дэмжвэл зүгээр вэ гэдэг юм. Яг тэгж хэлж байх үед нь за даа та нар ч худлаа даа л гэж бодогддог. Ер нь итгэхээ байсан. Зарим жуулчдын компанийн захирлууд хөтөчүүд бидэнд талархлаа илэрхийлсээн. Танайд л бие засуулж жуулчиддаа нүүр тахаллаа гэж. Эрхэм Oyunerdene Luvsannamsrai ерөнхий сайдаа, Бат-Өлзийн Бат-Эрдэнэ аялал жуулчлалын сайдаа!!!.

Манай дээр жуулчдаа авчирч бие засуулдаг салбарынхаан!!! Монголд ирсэн сая жуулчныг чинь цаашид үнэгүй бие засуулаад байж чадахгүй!!!

Энд ажиллаж байгаа хүмүүс цалингаа авч бид зээлээ төлөх ёстой. Монголын нүүр тахалж байна гээд бид субботник хийж чадахгүй. Зардлыг нь дийлэхгүй. Бохироо урсгаад, хогоо салхинд хийсгээд, нойлоо заваан байлгаад, ямаа, тэмээний махаар хоол хийвэл харин чадна. Тэгэхийг хүсэхгүй.

Төгсгөлийн үг

Замын үйлчилгээний төвийн ажилруу том компаниуд ордоггүй. Яагаад гэвэл тэд ашиггүй гэж үздэг. Хэл ам, хусам хоёрт дургүй. Зарим компани нь төрийн тендерээ, эзэд нь гишүүдээ дагаж явдаг. Цөөвөр чоно мэт давхидаг.

Уг нь 3,2 тэрбум төгрөгийг 30%-ийн хүүтэй хүүлээд байх боломж бидэнд байсан. Тэгээгүй. Манай Ерөнхий тогооч Амараа надтай үертэй ноцолдож байхдаа ахаа хоол зарах чинь ийм хэцүү юм уу гэж асууж билээ. Бид зөвхөн хоол зараагүй юм. Бид үзэл санаа, хандлага, эерэг зорилгоо санал болгож байгаа.

20 жилийн өмнөх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, хоёр найзынхаа 20 жилийн хөдөлмөрөөр нь хөрөнгө оруулалт хийлцэж, банкны зээл, хамт олныхоо өмнө хариуцлага хүлээх ёстой хүний хувьд надад бодох хэрэгцээ байсан юм. Энэ Ger Complex Mongolia гэдэг жорлон хүртэл Монгол улсын засгийн газрын ордноос 350км.

Та нэг хүрээд ирээч. Чи нэг яваач. Нэг л болохгүй байна. Засах юмнууд байна. Сайжруулах юмнууд байна. Өвлийн менюгээ гаргамаар байна, борцтой банштай цай хиймээр байна, борцтой лавшаа, цуйван хиймээр байна. Одоогоос борцоо бэлдэх хэрэгтэй. Үхрийн тойгны шөл, үхрийн хэлний салат, гүзээний салат гаргамаар байна. Яг л ээжийнх шиг атгын чинээ том буузыг үхрийн гуяны махаараа хиймээр байна. Монголынхоо хамаг гоё хоолыг энд л хиймээр байна гэх өлсгөлөн залуучууд намайг дуудсан юм аа.

Хамгийн чанартай материалаар, хамгийн хурднаараа, хамгийн оновчтрй порцтой хоол хийцгээеэ. Хоол бол уран бүтээл мөн биз. Мөн. Шагж ах аа та найз нөхдийнхөө юмыг рекламддаг шүү дээ. Бидэнд ирж нэг туслаач гэсэн юм. Үзэл санаа л бий.

Тэгээд би 350км дугуйгаар 3 хоног явахдаа ердөө үнэнээ л бичье гэж шийдсэн нь энэ. Төр түмний минь нүдэнд хүргээд өгөөрэй.

Эх сурвалж: Шагж Гэлэн