А.Болормаа: Солонгост нас барсан дүүд маань зөвшөөрөлгүй задлан хийчихсэн бас цогцсыг нь таниулаагүй
2023/09/26
Солонгост дөрвөн бүлэг этгээд дүүг нь хөнөөсөн эсэх асуудлаар иргэн А.Болормаа Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Миний дүү 2016 онд хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-д ажиллахаар явсан. Гэвч гэрээний хугацаагаа дуусгаагүй байхдаа харлаж, Ким Мин Сог гэх захиралтай хүлэмжийн компанид гурван жил ажилласан. Тухайн хүлэмжийн компани эхлээд цалингаа өгч байгаад сүүлдээ больсон. Ийнхүү 2021 оны тавдугаар сарын 29-нд захирал цалингаа өгтөл ажилдаа явахгүй, гэртээ байна гэж надтай холбогдсон. Үүнээс хойш зургаадугаар сарын 8-н хүртэл холбоотой байсан.
Зургаадугаар сарын 9-өөс бидэнтэй огт холбогдоогүй. Ажилчдын өрөөндөө нас барсан байдалтай олдсон. Дүүгийн маань цогцост бидний зөвшөөрөлгүй задлан шинжилгээ хийсэн. Цогцсыг нь харж таниагүй учир дүүгийнхээ үхсэн эсэхийг үнэхээр мэдэх боломжгүй байгаа.
Би 2021 оны наймдугаар сарын 4-нд БНСУ-ыг зорьсон. Дүүгийнхээ үхлийн хэргийн үнэн зөв эсэхийг Солонгосын шүүхээр шийдүүлэхээр хоёр удаа явлаа. Монгол Улсын Элчин сайдын яаманд хүртэл очсон. Солонгост байж болох бүх газраар явсан. Дүүгийн маань хэргийг огт авч хэлэлцээгүй.
Солонгосын задлан шинжилгээний эмнэлэг дүүгийн чинь цогцос гээд задалсан эрхтний зураг үзүүлдэг. Их хэмжээний цус урссан байдалтай гэрт нь авсан зургийг үзүүлсэн. Солонгосын хүлэмжийн компани захирал дүүг маань гэрийнхээ хажууд байрлуулж байнга ажилд авч явдаг байсан.
Бидэнд 2021 оны зургаадугаар сарын 30-нд гэртээ нас барсан гэх бичгийг өгсөн. Миний дүү захирлаасаа 12 сая вон аваад гэртээ харихыг хүсэж байсан. Урьд нь солонгос захирал гурван хүнтэй нийлж дүүг маань зодсон байгаа юм. Би дүүгийнхээ төлөө очиж болох бүх хүнтэй уулзсан. Хэн ч намайг тоогоогүй.
Өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад таны зөвшөөрөлгүй задлан шинжилгээ хийх эрх байхгүй гэж хэлсэн. Гэтэл дүүг маань нас барсан гэж хэлэхдээ задлан шинжилгээ хийчихсэн байсан. Гадаад хэргийн яаманд очоод дүүгийнхээ цогцсыг авах гэтэл 70 сая төгрөг хэрэгтэй гэсэн. Та эхлээд визийн асуудлаа хөөцөлд гээд Солонгос руу явах боломжтой болсон.
Дүүгийнхээ цогцсыг оршуулахын тулд их мөнгө шаардлагатай байлаа. Солонгост амьдардаг нэг хүүхэнтэй итгэмжлэлийн гэрээ байгуулж дүүгээ чандарлуулахын тулд 4.5 сая вон шилжүүлсэн. Солонгосын цогцос чандарлуулах газраас дүүгийнхээ мэдээллийг хайхад олдоогүй. Би эхээсээ ганцаараа үлдсэн учир амьдрал үнэхээр хэцүү байна.
Би Солонгост очоод хоёр жил болоход ариун цэврийн өрөөнд цагдаад зодуулсан. Намайг Солонгосын нэг эмнэлэгт өрөөнд дагуулж ороод, орон дээр хэвтүүлж тариа тарьсан. Монголын Консулын газар руу ярихад огт хариу ирээгүй" хэмээн ярилаа.