БНСУ-ын “Daewoo” компанид үйлдвэрлэсэн гэх ногоон автобуснуудтай холбоотой дуулиан өнгөрсөн долоо хоногоос эхлэн дэгдсэн билээ. Үйл явдлын эхлэлийг хөөвөл "Тэнүүн Огоо" ХХК-ий удирдлага уг автобуснуудыг унаж, Улаанбаатарт авчирсан жолооч нарынхаа цалинг бүтнээр нь өгөхгүй луу унжсанаас анх эхэлсэн байдаг. Цалингаа голсон жолооч нар өөрсдийнхөө унаж ирсэн автобуснуудын өө, сэвийг харуулсан зургуудыг "Асуудалтай шүү!" гэсэн тайлбартайгаар сошиал медиад анх нийтэлсэн.

сонин mn

 

 

Улмаар энэ мэдээлэл ихээхэн түгэж, ХҮН намынхан сошиал медиад цуврал нийтлэл бэлтгэн, хэвлэлийн бага хурал хийсэн юм.

сонин mn

 

Нийслэлийн удирдлагууд хариуд нь уг автобуснуудыг Төв талбайд авчирч, олон нийтэд дэлгэн үзүүлсэн нь асуудлыг улам хурцатгасан юм. Учир нь уг автобусыг нүдээр үзсэн иргэдийн дийлэнхи нь энэ бол шинэ автобус биш капитал засварт орсон хуучин автобус байна гэж дүгнэж байв.

 

сонин mn

 

Өчигдөр 16.00 цагт Солонгосын "Zyle Daewoo" компаний Дэд Ерөнхийлөгч Тай Ва Ким  ба "Тэнүүн Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг нар  хэвлэлийн бага хурал хийн, уучлалт гуйхын сацуу "Монголоос захиалга өгөхөд  маш хурдан үйлдвэрлэсэн тул бид будаг гэх мэт жижиг алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ бол том алдаа биш. Монголын сошиалаар муу мэдээ явж байгааг би сонссон."Zyle Daewoo" компанийг дампуурсан гэж байгаа нь худал, бид хүчтэй хэвээр байгаа. Хэрэв хүсэх юм бол манай үйлдвэрт очиж болно. Мөн автобусны арлын дугаарыг шалгаж үзэхэд 30 жилийн өмнөх дугаар гарч ирсэн гэж байсан. Бид Солонгосын хуулийн дагуу ажилладаг. Иймээс энэ мэдээлэл худал. Мөн бидний автобусыг хуучин, капитал засварт орсон гэж байгаа нь үнэхээр худал мэдээлэл. Манай автобуснууд бол шинэ" гэж тайлбарласан юм.

 

сонин mn

 

Гэвч энэ нь иргэдийн итгэлийг төдий л төрүүлсэнгүй.

 

Энэ бүхэнтэй зэрэгцэн, Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ  ногоон автобустай холбоотой гүйлгээ бүрийг нягталж шалгах үүргийг АТГ-т өгсөн. АТГ ч хойшлуулшгүй ажиллагаа явуулан, “Тэнүүн Огоо” ХХК-ий Ерөнхий Захирал А.Ганхуяг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын төлөөлөл худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх, “Тэнүүн Огоо” ХХК-нд гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг албадан саатуулж, нийт 20 гаруй хүнээс тайлбар, мэдүүлэг аваад байна. Түүнчлэн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл ба УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар энэхүү нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлттэй холбоотой асуудлыг хэлэлцэх бөгөөд эх сурвалжийн өгүүлж буйгаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарыг шалгах нөхцөл байдал зайлшгүй үүсч байгаа аж.

Иймээс давын өмнө Ж.Сүхбаатарыг Монгол Улсын Сайдаас огцруулах ба мөн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудал ч яригдах нь гарцаагүй гэнэ. Гэхдээ энэ бол прокурорын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудал юм.

 

Э.Мягмар

sonin.mn