ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…….……………

Ж.Нямсүрэн  гуай биднийг  тосч, гэртээ хүртэл замчлав. Замд тааралдсан хариугүй нурах шахсан бяцхан модон байшинг зааж, “Ж.Батмөнх гуай албанаасаа буугаад амьдарч байсан байшин” хэмээн сонирхууллаа. Төрийн тэргүүн явсан хүн гэхэд хэтэрхий даруухан, эгэл боргил амьдарч дээ гэсэн сэтгэгдэл төрнө. Хашааг нь буулгаж байхыг бодоход энэхүү жижигхэн модон байшингийн  сүүлийн төрхийг гэрэл зурагчин маань зургандаа буулгав бололтой.  Ж.Нямсүрэн гуай харин төрийн дээд албан тушаал хашиж яваагүй ч гэр бүлийн амьдралдаа тохь тухыг эрхэмлэдэг болох нь илэрхий.  Түүний амьдардаг хоёр давхар хаус алсын бараатай үзэгдэнэ.  Хэдийгээр  тэр дал гарч яваа ч Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх багшийн албатай. Насаараа багшилсан энэ эрхэм  наадмын өмнөхөн Ардын багш цол хүртсэн билээ.  Түүнтэй уулзахаар Бэлхийн аман дахь өргөө гэрт нь зочилсон нь энэ.  Тэднийх амар амгалангийн орон гэлтэй юм. Хашаанд нь 200 гаруй бут сөөг, жимсний мод, сарнай, цэцэгс, айраг өвс, элдэв нарийн ногоо ургадаг юм билээ. Байшингийн нөгөө хэсэгт хүргэнийх нь суудаг. Байшин нь даруухан ч нүнжиг ханхална. Архитекторч хүү, инженер, эдийн засагч мэргэжилтэй гэргий нарынх нь хамтын бүтээл аж.   Байшингийн гол түүхий эд хар модыг Хөвсгөлөөс авчруулсан учраас гэрийн эзэн үргэлж төрсөн нутгаа мэдэрч суудаг гэхэд болно. Хашаан дотор суулгасан хоёр бяцхан модыг гэрийн эзэд онцлов. Мөн л Хөвсгөл далайн эргээс ирсэн аж.

Ж.Нямсүрэн  Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас гаралтай. Наадмын өмнөхөн төрсөн нутгаа зорьж, Сэлэнгийн хөвөө орох гэж явтал Улаанбаатарт дуудагджээ.  Манай сургуулийн “Удирдах зөвлөлийн дарга, Р.Амаржаргал гишүүн “Хамгийн том шагнал авч байгаа хүн ирэх нь зүйтэй. Онгоцоор хурдан ир гэж хэл” гэсэн юм билээ. “Онгоц таарсангүй, машинаар “нүдээд” байлаа. Үүрээр ирээд, хувцсаа солиод, Төрийн ордонд очиж Ерөнхийлөгчөөсөө шагналаа гардаж авсан. Тэгээд тэр оройгоо нутаг руугаа буцсан хэмээн гэрийн эзэн хуучлав. Түүний төрсөн бууц  Хавчиг хэмээх өндөр ууланд байдаг.  Өндөрт мацахын тулд супер жолооч олж авдаг аж. Өндөрт явахад машиных нь урд цонхоор зам биш тэнгэр харагддаг учраас жолоочийн чадварыг шалгана. “Ер бусын сайхан зун боллоо.

Өндөр уулын сэрүүн газар ч өнгийн цэцэгс алаглаад, өвс ногоо  хөлөөр хөглөрөөд л. Нутаг орон ивээсэн юм байлгүй дээ, төр өндөр шагнал хайрлалаа” хэмээн Ж.Нямсүрэн гуай хуучлав. Төрсөн нутгийн цэцэг, навчсын тухай яриа нь хашаан дахь өвс ургамал руу шилжлээ. “Цэцэг ногоо арчилгаа ихтэй. Хэд хоног явах хооронд хашааны өвс ургачихаж. Наадмын өмнө хадсан юм шүү дээ. Хадсан өвсөө гаргаад тавьчихад өмнө нь таньж мэддэг айлууд малдаа өгөхөөр авчихдаг сан. Харин одоо хадсан өвс маань хог болох янзтай” гэж сууна.  Ардын багш хүртлээ 60 жил хөдөлмөрлөсөн хүн дээ.  1955 оноос хойш өнөөг хүртэл Санхүү эдийн засгийн техникум буюу өнөөгийн Санхүү эдийн засгийн дээд сургуультай амьдралаа холбожээ.

Гэргий Х.Оюун мөн л энэ сургуулийн “бүтээгдэхүүн”.  Хожим нь ЗХУ-д Украйны хуучин нийслэл Харьковт  инженер, эдийн засагч мэргэжлээр суралцаж, 1970   онд төгсжээ. “Лениний 100 жилийн ойгоор төгссөн” гээд  тухайн үедээ их л хөөрч байсан хэмээн гэргий нь ярив. Тэд их л залуудаа бие биеэ олжээ. Ж.Нямсүрэн гуай тэгэхэд Эвлэлийн хорооны дарга байж. Харин Х.Оюун техникумд элсээд удаагүй үе.”1958 оны  аравдугаар сарын 29 -Лениний Комсомолын төрсөн өдөр  концерт үзэхэд зэргэлдээ суудалд таарсан” гэж нөхөр нь танилцсан үеэ дурсав. 56 жил ханилан сууж, дөрвөн сайхан хүүхдийн аав, ээж болсон аж.  50 жил ханилсан хосууд “Алтан хурим”-ын  болзол хангадаг.  Хүүхдүүд нь “Алтан хуримыг чинь хийж өгье” хэмээн ятгасан ч Х.Оюун гуай “Бид хоёр залуудаа ч найр хурим хийж яваагүй улс” хэмээн дургүйлхжээ. Гэсэн ч “Алтан хурим”-ын өргөмжлөлийг нь хүүхдүүд нь  Гэрлэх ёслолын ордноос авчирч өгсөн байна лээ. Жаран жил ханилсан хосууд Очир эрдэнийн хурим  хийдэг гэсэн.

Ж.Нямсүрэн  дөрөвдүгээр анги төгсөөд, Санхүүгийн техникумын оюутан болсон гэхээр тухайн үеийн сургууль боловсролын систем их л түргэвчилсэн хэлбэртэй байж дээ. Мань эр арван насандаа сургуулийн босго алхсан. “Жаахан том болог. Эгчтэй нь хамт оруулъя” гэж эцэг эх нь шийдсэн юм билээ. Тухайн үед хүүхдээ сургуульд явуулахгүй байсан ч гайхах хэрэг биш байв. Дөрөвдүгээр анги төгсөх жил нь Санхүү эдийн засгийн техникумын хуваарь Хөвсгөлийн жижигхэн сургуульд ирсэн юм билээ. Ямар сургууль байдгийг нь мэдэхгүй ч ангийн багшийн зааснаар мэргэжлээ сонгожээ. Аав, ээж хоёр нь  ч “Улсынхаа нийслэлд очиж үзэх шиг сайхан юм хаа байхав” гэсэн аж. Техникум төгссөний дараа “Гайгүй төгссөн юм байна. Багш болгоно” гэцгээж.  Сангийн яамны сайдын тушаал гарч, сургуульдаа багшаар үлджээ. Оройгоор аравдугаар анги төгссөн гэнэ. “Нам олон нийтийн байгууллага хүчтэй байсан. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаас бусдыг нь  бараг хийлээ” гэж гэрийн эзэн наргиа болгов. Тэрбээр “Мэргэшсэн нягтлан бодогчдын инситут”-ийг үүсгэн байгуулагчдын нэг. Тус байгууллагын сайтад “Ж.Нямсүрэн багш ардын багш цол хүртлээ. Ийнхүү мэргэшсэн нягтлан бодогчдоос анх удаа ардын багш цолтон төрлөө” хэмээн бичсэн байна лээ. Ж.Нямсүрэн багш “Дэлхийн нягтлан бодогчдын чуулга уулзалт”-д хэдэнтээ оролцож явснаараа бахархдаг аж.

Багш нар түмний хүүхдийн төлөө зүтгэсээр өөрийнхөө хүүхдийг орхигдуулдаг гэдэг. Харин Ж.Нямсүрэн гуай халамжтай аав.

-Хоёр хүүхэд маань дээд сургуулиа Сүхбаатарын цалинтай төгссөн. Хүү Н.Шинэбаяр Москвад архитектурын дээд сургууль төгссөн. Ерэн он хүртэл Монголоос долоон хүн төгссөн сургууль хэмээн ээж нь бахархлаа. Анагаах ухааны их сургууль төгссөн сайхан охиноо алдчихсан. Бид хоёрын эдлэх ёстой лай ланчиг байсан юм байлгүй дээ гэж гэргий нь хоолой чичрүүлэн хэллээ. Бага охин Н.Шинэ-Өлзий нь Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгсөөд багшилж байгаа. Аавынхаа мэргэжлийг өвлөсөнд ээж нь сэтгэл хангалуун байдаг аж. Аавтайгаа хамтраад, “Нягтлан бодох бүртгэлийн үндэс”, “Ахисан шатны нягтлан бодох бүртгэл” ном гаргажээ. Аав, охин хоёр тус тусдаа ч олон ном бичсэн аж. “Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн. Гурав нь энх тунх, ач зээ, зээнцэр нийлсэн 22 ам бүл болоод байна” гэж гэрийн эзэн илтгэв. Хүүхдүүдээ багад нөхөр нь нийгмийн талын хичээлүүдэд тусалж, гэргий нь  орос хэл, математик, физикийн хичээлд туслах үүргийг өөртөө авчээ.

Х.Оюун ээж  бага насны гурван хүүхэдтэй болсон хойноо гадаадад сургуульд сурах хэцүүхэн шийдвэр гаргах хэрэгтэй болжээ.  Дээд сургуульд орохоор бэлтгэж, оройгоор аравдугаар анги төгсөж, конкурс өгсөн юм байж. Барилга, барилгын материалын үйлдвэрийн яам гадаадад хүнээ сургах төлөвлөгөөтэй байж. Конкурс өгсөн олон хүн гадаадын хуваариас “мултарч” цөөнгүй хуваарь суларчээ. “Шалгалтаа  амжилттай өгчээ. Гадаадад яв” хэмээх шаардлагыг  Х.Оюунд тавьжээ. Том хүүхэд нь дөрөв, бага нь хоёр нас хүрч байсан учраас “Би чадахгүй” гэв.  Ч.Зул сайд аргаа бараад “Хар нялхаараа яасан олон хүүхэд цувуулдаг  золиг вэ” гэсэн аж. Гэсэн ч цөхөрсөнгүй “Нөхөр сүүдэр чинь байна уу, аав ээж чинь байна уу, хадмууд чинь байгаа юу” хэмээн лавлажээ.  “Байгаа”  гэсэн хариу сонсоод “Гэрийнхэнтэйгээ ярь” гэж даалгасан аж.  Нөхөр нь “Хүмүүс  гадаадад сургуульд явах гээд  боломж  олдохгүй байхад  хүссэн сургуулиа сонгох боломж олдсон дээр нь сурвал яасан юм” гэж дуугарчээ.  Арай л цөөхөн жилтэйгээр нь Зөвлөлтөд сурахаар сонгосон байна.  “Таван жил Зөвлөлтөд хэцүү сурсан. Сургуулиа хаяад явчихвал хүүхдээ санаад ирж гэж хэлэхгүй, сурч чадахгүй хүрээд ирж л гэнэ хэмээн нэр хичээж, шүд зууж төгссөн” гэнэ.  Зуны амралтаар ирэхдээ хүүхдүүддээ хувцас урлана.  Ганц хүний цалингаар  дэлгүүрийн хувцас хунар авах боломж ч бага байж. Эрээн даавуу авч охиддоо даашинз “үйлдвэрлэж”, аавынх нь хуучин өмдийг эргүүлж тойруулж байгаад хүүдээ олон ч өмд оёж өгчээ.  Хоёр охиндоо  пальто ч хийгээд өгчихнө. Эхний жил өвлийн амралтаар ирэхэд  бага охин нь танихгүй бишүүрхэж гэнэ. Аавыгаа харамлаж, ээжийгээ орноосоо түлхээд “Чамд аав эвхдэг ор засч өгнө” гэсэн аж. Одоо тэр  охин Н.Шинэгэрэл нь 51 хүрсэн эмээ болсон.   Москвад Технологийн институт төгсөөд, өдгөө дөрөвдүгээр хороололд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээний “Мандухай Хатан” ХХК-ийг удирдан 24 дахь жилдээ амжилттай ажиллаж байгаа гэж аав нь магтлаа. “Би ч яахав ажил гээд явчихдаг. Хадам аав хүүхдүүдийг тасралтгүй асардаг байсан” гэж тэр тайлбарлав.  “Аав нь бүтэн сайнд  угаалга хийгээд, хүүхдүүдээ хөгжүүлэх гэж үзэсгэлэн үзүүлдэг байсан.  Хүүхдүүд үзсэн харсан юмаа зураад, надад зузаан гэгч нь захиа илгээдэг байлаа” хэмээн эзэгтэй хуучилсан. Аав нь хүүхдийнхээ зургийг “Хүүхдийн ертөнц” зургийн уралдаанд илгээдэг. Сэтгүүлд зураг нь  нийтлэгдсэн нь хүүд  урам өгчээ. Архитекторч болох  зам нь эндээс эхлэлтэй ч юм билүү.

Социализмын үеийн санхүүгийн хүн зах зээлд  зохицож өөрчлөгдөхөд хэцүү байсан эсэхийг лавлалаа. “Ерээд онд нийгэм өөрчлөгдөхөд манай сургууль Эдийн засгийн коллеж болж шинэчлэгдсэн. Хамгийн эхлээд зах зээлийн жаягаар ажиллах болсон. Нийгмийн байгууллага өөрчлөгдөхөд улсын сан хөмрөгийг барьж байгаа хүмүүсээ эхэнд бэлтгэдэг. 1921 онд хувьсгалын дараа Ардын засгийг бэхжүүлэхийн тулд санхүүгийн мэргэжилтнүүдийг бэлтгэхээр манай сургуулийг 1924 онд байгуулсан түүхтэй. Эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдөхөд дөрвөн жил коллеж нэртэй яваад, 1996 онд дээд сургууль болсон юм. Манай сургуулийн нэр солигдоод бүх юмыг шинээр үзэх хэрэгтэй болсон. Сангийн яам, ОУВС, Дэлхийн банктай хамтраад Санхүү, эдийн засгийн албыг шинэчлэн бэхжүүлэх төсөл хэрэгжүүлсэн.  Багшаас эхлээд ерөнхий  ахлах санхүүчдээ зах зээлд бэлтгэх ажил манай сургуульд төвлөрсөн дөө. Сургалтыг өдөр шөнөгүй хагас бүтэн сайнгүй хийдэг байсан. Ня-бо мэргэжилтнийг зах зээлд хөрвүүлэхэд  суурь мэдлэгтэй хүмүүс учраас цаг хэмнэж, шуурхай явсан хэрэг. 1992-1998 он хүртэл сургалтын ажил үргэлжилсэн.  Ном үзсэн багш нар орон нутагт  очиж, нябо санхүүчдийг зах зээлд бэлтгэх ажил өргөн хүрээтэй өрнөсөн” гэв.

“Өрх гэр ая тохитой амьдаръя гэвэл тооцоо хэрэгтэй. Бүх юмыг урьдаас харсан нарийн төлөвлөгөөтэй, байж айл гэр ч улс орон ч өөдтэй явна” гэж Ж.Нямсүрэн хэлсэн.

“Нарийн ногоогоо  үе шаттай тарихгүй бол зэрэг ургаад идэж барахгүй хөгширчихдөг. Энэ жил мөндөр цохиод, манай ногоо хэлмэгдсэн” гэж эзэгтэй хуучлав. Зөв буруу янз бүрээр тарьсаар цэцэрлэгч, ногоочны ажлаа эхэлсэн. “Дахиад нэг газар тохижуулбал их гоё болгоно доо” гэж сууна. Мод тариад худгаас ус зөөнө гэдэг бэрх ажил байж. Ач, зээ нар нь гар хөлийн үзүүрт гүйх насан дээрээ явсан учраас их хэрэг болжээ.  Харин охин нь “Ингэж их мод тарьж, буян хийж байгаа улсыг яалтай билээ” гээд  худаг гаргаж өгсөн гэлээ. Эдний хашаанд 200-гаад жимсний болоод гоёлын  мод 20 гаруй төрлийн нарийн ногоо, хүнсний ногоо ургадаг.  “Одоо эдийн засагч мэргэжил байхгүй. Өвс ургамал яаж тарих вэ гэж л анхаардаг болсон” гэж эзэгтэй наргиа болгов.

Эзэгтэй  өөрийн гараар тарьсан ногоогоор  салат хийж, биднийг дайлав. Эрүүл хоолыг эрхэмлэдэг нь ширээн дээрхээс илэрхий. Салатанд бууцай, яншуй, самар, үзэм хүртэл “цохиж” явна. Хоолны жорыг заримдаа зохиодог, энд тэнд идсэн юмнаасаа ч санаа авдаг гэж “ерөнхий тогооч” тайлбарлав. Салат онцгой амттай байсан нь тогоочийн сэтгэлээс гадна ногоогоо  хөх бууцаар бордсонтой ч холбоотой вий. Аарцандаа хүртэл хивэг, овъёос, арвайн гурил хольж, онцгой амт бий болгожээ. Зүгээр л баахан бууз жигнээд тавган дээр овоолчихсонгүй.  Хоёр том саран бууз,  чинжүү, нарийн ногоогоор амталсан жигнэсэн будаатай олгох нь сайхан санаа юм гээч. Муу хүн идсэнээ гэдэг.  Маханд хэмнэлттэй, эрүүл мэндэд тустай санагдсан учраас эзэгтэй нарт хэрэгтэй байх гээд идсэнээ тоочиж, “муу хүн” болов.

Монгол хүний  нас уртсах тутам ахмад настанд анхаарсан бодлого хэрэгцээтэй болно.  Тэтгэвэрт гарсны дараа  дахин суралцах, мэргэжил эзэмших, идэвхтэй  хэв маягаар амьдрахад нь ахмадаа дэмжих шаардлага тулгарч буй. Тиймээс ч гэр бүлийн хосуудын тэтгэвэрт гарснаас хойшхи амьдралын хэв маягийг сонирхов.  Ж.Нямсүрэн, Х.Оюун нар “2009 онд Америкт амьдарч байсан зээ хүү А.Мэнджаргал, А.Мэнд-Орших нарынхаа урилгаар очихдоо 92-той эмч урилгаар мэс засал хийдэг, эдлэн газартаа жимс, ногоо тарьдаг” тухай зурагтаар харсан нь тэдэнд “Газартайгаа харьцаж, жимс ногооны ажил эрхлэх” урам өгчээ. “Би наяд ойртож явна. Манай сургуулийн Удирдах зөвлөлд 80 гарсан, 90 хүрсэн хоёр хүн байдаг. Ахмад, залуу боловсон хүчнээ манай сургуулийн удирдлагууд хамтад нь авч явдаг юм.  2001 оноос хойш зөвлөх багш болоод гавьяат багш, Ардын багш болоод идэвхтэй залуу хүн шиг явна” гэж нөхөр нь дүгнэв.

Багадаа багш болох сон гэж хүсдэг байв уу хэмээн түүнээс сонирхлоо.

-Хөдөөгийн бөглүү нутгийн хүүхдэд  багш болох тухай ямар ч ойлголт байхгүй. Ерөөлөөр учирсан гэдэг шиг юм болсон. Арьс шир түүхий эдээ хуримтлуулж байгаад сумын хоршоонд тушаадаг байлаа.  Хоршооны ня-бо Ж.Арамжин  гоё хятад сампингаар тоо хийгээд, дүрдэг үзгээр монгол бичгээр урсган бичих нь их л гоё харагддаг. “Энэ хүн шиг сампин гэдэг юм сурах сан. Ингэж гоё бичих сэн” гэж бодогдоно. Хожим санхүүгийн сургуульд сампин, дүрдэг үзгийг жинхэнэ хэрэглэсэн дээ гэв. Үрээ танихгүй өнөр гэдэг шиг Ардын багшийн шавь нар асар олон буй за. Шавь нараасаа онцолж нэрлээч гэхэд “Улс орны санхүүг барьдаг сайхан сайхан хүмүүсийг алинийг нь хэлж барахав” гэнэ. Гэсэн ч  зохиолч Б.Догмид  Дорноговь аймгийн санхүүгийн хэлтэст 20-иод жил  ажилласан санхүүч гэдгийг онцлов. Ардын уран зохиолч цолтой ч тэр Санхүүгийн сургуулийн бүтээгдэхүүн. “Б.Догмид сэргэлэн, сүрхий хөдөлгөөнтэй хүүхэд байсан” гэнэ.  “Сангийн яамны сайд байсан А.Базархүүд хичээл орж байсан, сайн оюутан байсан”. “Номин Холдинг”-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан, “Өгөөж” ХХК-ийн захирал С.Түмэнгэрэл, гавьяат эдийн засагч Л.Дондог, Б.Осоргарав, Р.Батжаргал нар  манай сургуулийг төгссөн” гэлээ.

Ахмад санхүүч улс орны санхүүд ч анхаарал хандуулж  суудаг. “Чингэс бонд бодлогогүй ажил. Сангийн авдар хоёр болоод байна. Бондын мөнгө авсан нь буруу биш. Эртнээс бодсон төлөвлөсөн байх нь гарцаагүй хэрэгтэй. Манайхан эхэлж мөнгө аваад дараа нь зарцуулалтын тухай ярьж эхэлдэг” гэж байна. Өрхийн төсөвтөө харин онц дүн тавив.  “Манай хөгшин ня-бо эдийн засагч хүн, өр зээл огт гаргахгүй.  Өрхийн төсвөө бичдэг байлаа. Орлогоо тодорхойлоод, юунд зарахаа жагсаадаг. Мөнгө хүрэлцэхгүй бол зарим зардлаа хасна. Өр зээл тавьдаггүй, хүнээс огт мөнгө зээлж байгаагүй. Мөнгө ихтэйдээ биш бодлоготой, тооцоолдогтоо байгаа юм” гэж гэрийн эзэн тайлбарлав.  “Сангийн авдар нэг л байх учиртай. Эзэн олширвол үр дүнгүй зардал ихэснэ. Нэг гэрийн хоёр хүн дур дураараа зарвал үр дүнгүй” хэмээн өрхийн төсвөөрөө жишээ татав. Өрхийн төсвийг гэргий нь барьдаг.

Эднийд айл болоход нь гэргийнх нь аав нь авч өгсөн  хоёр арслантай авдар бий. Нарийн нандин юмаа хадгалдаг гэнэ.  Өдгөөгийн Дүрслэх урлагийн музей буюу тухайн үеийн Өндөр дэлгүүрээс авсан  сэрүүлэгтэй, бүжиглэдэг хүүхэнтэй герман  цаг нь өнөөг хүрч иржээ. “Саяхан аваад тавьсан юм мартагдаад байхад эднийгээ ерөөсөө мартдаггүй” гэж гэрийн эзэн онцлов. Хоёрдугаар давхартаа жижиг өрөөндөө Лхам бурхан, Ногоон дарь эх зэргийг залжээ. Эзэгтэйн ээжээс ирсэн өв хөрөнгө хээтэй авдрыг харуулав.   “Бидэнтэй хамт 60 жил боллоо, биднээс өмнө хэдэн жил болсныг мэдэхгүй” гэнэ. Монгол банкинд тушаагаагүй алтаа энд хадгалдаг гэж өвгөн наргиа болгов. Хананд буй баахан хүүхдийн зургийг гэргий нь заалаа. Сургуулиас нь төрсөн анхны гавьяат багш хэмээн Ж.Нямсүрэн гуайн төгссөн сургуулийг сумынхан нь түүний  нэрэмжит болгосон гэнэ. Нэрэмжит болгоод, нээлт хийж, бэсрэг наадам, математикийн олимпиад зохиож, хөөрхөн ажил өрнүүлсэн гэлээ.

Үүдэндээ Орос бас  Германаас авчирсан гүзээлзгэний модыг том шаазан саванд суулгачихаж, гадаа нь ойн гүзээлзгэнэ ч ургаж байна. Хашаанд байх сүүдрэвчиндээ намар ургацын баяр тэмдэглэж, шорлог хийж, шар айраг шимнэ. Хашаанд анхилуун үнэртэй агч мод, хус, тэхийн шээг байна. “Тэхийн шээгээр дарс хийхэд улсууд жигтэйхэн сонирхдог” гэж эзэгтэй хэлсэн.  Хавар хашаанаасаа халгай түүж, иднэ. Гишүүнэ буюу айраг өвсийг тармилжуулж,  варень хийдэг.  Гараар хийсэн хүлэмжиндээ артишок тарьж туршсан гээд эзэгтэйн ажил их. Сакура нь тавдугаар сард цэцэглэдэг.  Эзэгтэйн хадгалсан  элдэв навч эрүүл мэндийн цайны түүхий эд болно.

“Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэдэг.  Сайн сайхныг их л үзэх юм байна даа гэж гэрийн эзэн хэлсэн юм.   Ж.Нямсүрэн, Х.Оюун нарын алтаар үнэлэгдэх амьдралын тавин жил улирч, очир эрдэнийн өдрүүд нь дөтлөн айсуй.

Б.ЯНЖМАА

Гэрэл зургуудыг Б.БАТДОРЖ