-Их, бага ууснаас үл хамаарч гэмт хэрэгт тооцно гэхээр эсэргүүцээд эхэллээ-

Нэг шөнийн дотор 500-600 согтуу жолооч саатуулагддаг. Гэхдээ үүнийг Тээврийн цагдаагийн албанаас шалгалт хийж байж илрүүлж байгаа юм. Тэрнээс хараа хяналтгүй орхивол согтуурсан үедээ жолоо барьж буй тэд хэний ч амь насыг авч одохгүй гэх баталгаа байхгүй. 

Хамгийн сүүлийн жишээ татахад, Есдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас есдүгээр сарын 30-ны өдрийн 08:00 цагийн хооронд нийслэл болон 21 аймгийн Цагдаагийн газар, хэлтсийн Замын цагдаагийн хэлтэс, тасгаас хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалтыг хоёр ээлжээр зохион байгуулсан юм. Уг  хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 577, эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 240, эрэн сурвалжлагдаж байсан 39 хүн, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл 21, зөрчил гаргасан 3868 зөрчлийг тус тус илрүүлсэн. 

Та дээрх тоог уншаад 577 согтуу хүн бидний амь насанд заналхийлж буй гэдэг талаас нь бодож үзэж чадав уу? Өнөөдөр таныг биш юмаа гэхэд маргааш та тэдний золиос болохыг үгүйсгэхгүй. Хуулийг нь чангалаад өгье хэмээн шинэхэн Хууль зүйн сайд нь мэдэгдлээ. Гэтэл сүх далайтал үхэр амар гэгчээр шоронжсон орон болох нь гэж сүржигнээд хуулиа батлаагүй байхад бархираад эхлэв.  Та л уусныхаа дараа жолооны ард суухгүй бол таныг хүчээр шоронд суулгаж, ял эдлүүлэхгүй гэдгийг ойлго.

Их, бага ууснаас үл хамааран согтуу жолооны ард суусан л бол гэмт хэрэгт тооцож 1-5 жилийн ялаар шийтгэнэ гэсэн юм. Одоогоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг зөрчил гэж үзэж байгаа. Цаашид согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцно. Өөрөөр хэлбэл, энэ зөрчил биш гэмт хэрэг болно гэсэн үг. Ямар хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэснээс үл хамаарч, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон л бол гэмт хэрэгтэн болно хэмээн ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдэгдсэн юм.

-Засардаггүй монголчуудыг хуулиар нь хазаарлаж, охидоо хамгаалъя-

Улсын хэмжээнд насанд хүрээгүй бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэргүүдийн тоо буурахгүй байгаа. Хамгийн сүүлийн жишээ, 12 настай охины хэрэг нийгмийг цочролд оруулсан. Энэ хэргээс ч өмнө аймшигт хэргүүд гарсаар байсан ч бид чихгүй мэт дүлий оргиж сууцгааж байсан гэсэн үг. Насанд хүрээгүй хүүхэд хохирсон бэлгийн хүчирхийлэл 2020 онд 9, 2021 онд 24, 2022 онд 11 удаа бүртгэгдсэн бол 2023 он гарсаар Цагдаагийн газарт 2, ГБХЗХГ-т 5 бүртгэгджээ. Гэмт хэрэг үйлдэгчдийн 30 хувийг төрөл садан, үеэл, 26.2 хувийг эцэг эхийн танил гэгдэх хүмүүс, 16 хувийг хохирогчийн өөрийн найз нөхөд нь эзэлж байгаа юм.

Судалгаагаар улсын хэмжээнд 2018 оноос хойш нийт 3119 таксины жолооч гэмт хэрэгт холбогджээ. Үүний 133 нь хүний амь нас, эрүүл мэндэд халдсан гэмт хэрэг байна. Мөн 60 таксины жолооч хүчингийн гэмт хэрэг үйлджээ. Тэгвэл нийслэл Улаанбаатар хотод 2940 таксины жолооч гэмт хэрэгт холбогджээ. Иргэдийн хувьд зөвшөөрөлгүй таксинд эд зүйлээ мартах орхих, цаашлаад Эрүүгийн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол их байгаа юм.  Тэгвэл одоо хуулийг нь чангалаад өгье. 

Баянхонгор аймгийн иргэн, 5 охинтой аав:  Би Баянхонгор аймгийн харьяат, таван охинтой, нэг хүүтэй малчин хүн. Манай Галуут сумын иргэн 2021 онд хүүхдээ хүчирхийлээд сая 2023 онд шүүх хурлаар 15 жилийн ял авсан. энэ хэрэг дээр ажиллаж байсан прокурор, шүүгч нь авлига авсан. Би энэ талаар шүгэл үлээж сахилгын хороонд мэдэгдсэн. Гэтэл тэр сахилгын хорооны дарга нь тэр хэрэг дээр ажилласан шүүгчтэй дунд сургуулийн найзууд байсан. Гомдлыг маань шийдэхгүй харин ч эсрэгээрээ шүүгчээ хамгаалаад өнгөрсөн. Одоо миний цүнхэнд хууль зөрчсөн байгууллага, шүүгч, прокуруудын мэдээлэл, баримт байна. Хууль хэрэгжсэн бол тэр охин өнөөдөр амьд байх байсан. Энэ төрлийн гэмт хэрэгтэнд 25 жилийн ял өгөөч ээ.

Гэмт хэрэг хийсэн хүний мэдээлэл, зураг хөргийг нь ил болгох хэрэгтэй. Зарим хүний эрх хамгаалагч гэх хүмүүс үүнийг эсэргүүцэж буйг хараад гайхсан. Мөн хүүхэд хүчирхийлсэн хүнийг хэзээ ч өршөөхгүй,  хугацаанаас өмнө магадлангаар гаргахгүй байхыг хуульчлах хэрэгтэй байна гэв.

 

-Хуулийн хүрээнд Эрүүгийн хуулийн төсөл, Гэр бүлийн хуулийн шинэчилсэн найруулга, Гэр бүлийн шүүх байгуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэхлэх тухай хуулийн төслүүдэд өөрчлөлт орно-

- Бага насны хүүхэд алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 20 жилийг нэмэгдүүлж 30 жил болгох болгох.  өршөөл үзүүлэхгүй

- Бага насны хүүхэд алах, хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй. Хорих ялыг хугацаанаас нь өмнө суллахгүй. 

- Бага насны хүүхэд гэдэг насны ангиллыг 14 байсныг 16 нас болгож нэмэгдүүлэх. Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байсан бүх гэмт хэргийн ялын бодлого чангарна. 

- 14-16 насны хүүхдийг алах гэмт хэрэгт 8-15 жилийн ял оногдуулдаг байсан бол 12-25 жил болон бүх насаар хорих.

- Хүчиндэх гэмт хэрэгт 5-12 жил байгааг 12-25 жил болгон нэмэгдүүлж, бүх насаар хорих

- Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт  1-5 жил ял оногдуулдаг байсан бол 2-8 жил болж нэмэгдүүлэх, тэнсэхгүй 

- Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт 2-8 жил ялтай байсан бол 12-20 болон бүх насаар нь хорих болж чангаруулж байна. 

- Хүчиндэх гэмт хэргийг ялгамжтайгаар хуульд оруулсан. Хүчээр бэлгийн харьцаанд оруулах хэргийг хүнд ангилалд оруулж, 2-8 жилийн ял оногдуулж, гэмт хэрэгтнийг тэнсэхгүй.

- 16 насанд хүрээгүй хүүхдийг жирэмсэн болгосон, хүчиндсэн гэмт хэрэгт 8-15 жил байгааг 12-15 жил болгон нэмэгдүүлж, бүх насаар нь хорих болж чангаруулна. 

- Мөрдөн шалгах гэмт ажиллагааны нууцыг задруулсан алба хаагчдад 1-5 жилийн хорих ял оногдуулна. 

- Согтуугаар жолоо барьсан тохиолдлыг гэмт хэрэгт тооцно. Ямар хэмжээний согтууруулах ундаа үл хэрэглэснээс хамаараад гэмт хэрэгт тооцно. 1-5 жилийн ял оногдуулна.

- Манай улс жилд дунджаар 30-33 мянган тээврийн хэрэгсэл барьсан зөрчил гардаг. Түүнчлэн манай улсад 26 мянган гэмт хэрэг гардаг. Тэгэхээр жилд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо эрс нэмэгдэнэ гэсэн үг. 

- Гэр бүлийн шүүхийг нийслэлд байгуулна. Хүүхэд гэр бүлийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх маргаан, хүчирхийллийг дагнан шийддэг шүүх байна. Иргэний хэргээр жилдээ 80 гаруй мянган маргаан шийдэгдэж байна.  Үүний 10 орчим хувь нь гэр бүлийн маргаан байна. 

- Гэр бүл, эцэг эхийн үүрэг, хариуцлагыг сайжруулна. Салсан ч тусдаа амьдарч байгаа эцэг эхийн хариуцлагыг чангатгаж, тэтгэмжтэй холбоотой бодлогыг чангатгана.  Тухайн этгээдийн орлогын хэмжээнээс хамаарч тэтгэмж төлдөг болно.