УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Газар эзэмших эрхээ дуудлага худалдаагаар худалдана гэж заажээ
2014/06/19
Засгийн газраас Газрын тухай багц хуулийг өргөн бариад байгаа билээ. Уг багц хуулийн Газрын тухай хууль ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа бөгөөд энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.
- МАН-ын бүлгээс Газрын тухай хуулийг эсэргүүцэж байгаа. Энэ талаар ярилцлагаа эхлэх нь зүйтэй байх?
-Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Газрын тухай хууль”-ийг гурван үндэслэлээр бид дэмжихгүй байгаа. Нэгд, энэ хуулийн төсөлд “Үндсэн хууль-”ийг зөрчсөн олон заалт орсон. Үндсэн хуулийн 6.5-д "Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно" гэж байгаа боловч Газрын тухай хуулийн төслийн 15.5-т “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмших эрхийг зөвхөн нээлттэй дуудлага худалдааны үндсэн дээр олгоно.” гэж оруулсан байна лээ. Энэ ямар утгатай заалт вэ гэхээр Үндсэн хуулийн дагуу гадныханд газраа зөвхөн ашиглуулж болно гэж заасан байхад Засгийн газрын энэ саналаар тэдэнд монголын газар нутгийн тодорхой хэсгийг эзэмшүүлнэ гэсэн үг. Бас болоогүй ээ, эзэмших эрхээ дуудлага худалдаагаар худалдана гэж заасан байгаа юм. Тэгэхээр гадаадын компанид Монголын газар нутгаа худалдах замаар эзэмшүүлнэ гэсэн үг юм. Газар эзэмших эрхийг 15-60 жилээр авч, нэмж 40 жилээр сунгаад 100 жилээр эзэмших эрхтэй болчихож байгаа юм. 100 жилийн эзэмших эрх гэдэг чин үндсэндээ өмчилж байгаа л гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ Засгийн газар чин Монгол нутгаа, газар шороогоо худалдъя гэдэг хууль оруулж ирсэн байгаа биз дээ. Үүнийг Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа болж ирсэн Ардын нам хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ.
Хоёрт, Газрын тухай хууль бол Үндсэн хуультай эн тэнцэхүйц хууль аа. Үнэхээр энэ хуулийг агуулгын хувьд шинэчлэх гэж байгаа бол ард иргэдээрээ хэлэлцэж, эрдэмтэн мэргэдийн саналыг тусган байж, улс төрийн ойлголцол, зөвшилцлийг бий болгож байж хийх ёстой.
Гуравт, бэлчээрийг өмчлүүлэхээр орж ирсэн байна лээ. Ингэсэн тохиолдолд дэлхийд Монгол гэж танигддаг нүүдлийн соёл иргэншил алга болно. Өвөр Монголын жишээ хангалттай гэж бодож байна.
- Хуулийн төслөөр гадаадын иргэнд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн аль нь нээлттэй байгаа вэ?
- Газрыг өмчлөх, эзэмших, ашиглах гэдэг нь гурван өөр ойлголт. Одоо хүчинтэй байгаа газрын тухай хууль болон Засгийн газраас өргөсөн хуулийн төсөлд энэ гурван ойлголтыг маш ойлгомжтой тодорхойлсон байгаа. Энгийнээр тайлбарлахад, газрыг өмчилнө гэдэг нь тухайн газрыг захиран зарцуулж болно гэсэн үг. Газрыг эзэмшинэ гэдэг нь өөрийн мэдэлд байлгана гэсэн үг. Газрыг ашиглана гэдэг нь тухайн газрыг ашиглаж, үр шимийг хүртэнэ гэсэн үг. Үндсэн хуулийн дээрх заалтын дагуу гадаадын иргэн ч бай, аж ахуйн нэгж ч бай зөвхөн ашиглаж болох зохицуулалттай. Одоо хүчинтэй байгаа хуулийн заалт бас Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ Газрын тухай хуулийн төсөлд газрыг гадаадын иргэнд зөвхөн ашиглуулахаар байгаа.
- Газрын тухай энэ хуулийн төслийн аль заалтыг хэрхэн өөрчилж, сайжруулах хэрэгтэй гэж та бодож байна?
- Газрын тухай хуулийг агуулгын хувьд шинэчлэх гэж байгаа бол ард иргэдээрээ хэлэлцэж, эрдэмтэн мэргэдийн саналыг тусган байж, улс төрийн ойлголцол, зөвшилцлийг бий болгож байж хийх ёстой. Яагаад вэ гэхээр аливаа улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын үндэс нь тухайн улсын нутаг дэвсгэр юм. Бас байгалийн асар их баялагтай орон. Иймд энэ хуулинд хөнгөн хийсвэр хандах эрх аль ч улс төрийн хүчинд байх ёсгүй гэж бодож байна.
- Газрын тухай хуулийг эсэргүүцэн хэсэг бүлэг хүмүүс хоёр удаа тайван жагсаал хийлээ. Та тэднийг дэмжиж байна уу?
- Дэмжиж байгаа, бүх талаар нь дэмжиж байгаа. Миний фэйсбүүк хуудас руу ороод миний байр суурийг харж болно, олон олон иргэд миний фэйсбүүкээр дамжуулан хандаж байна, бас гар утаснаасаа мессеж бичиж байгаа.
- Газрын тухай хуулийг эсэргүүцэж байгаа залуус УИХ-ын гишүүдэд “Газрын тухай хуулийг эргүүлэн тат” гэсэн мессежийг илгээж байгаа гэсэн. Таньд ийм мессеж их байна уу?
- Их ээ их. Мессеж болгонд нь хариу бичиж байгаа. Хоёр төрлийн мессеж ирдэг, төрөлд нь тааруулаад хоёр төрлийн хариулт өгч байна. Нэгд, буруутгасан өнгөтэй мессеж ирэхээр “Санаачилсан хүмүүст нь наад үгээ хэл” гэж хариу бичиж байх жишээтэй. Хоёрт, газрын хуулийг битгий дэмжээрэй гэсэнд нь “Миний Фэйсбүүк рүү орж үзээрэй, миний байр суурь маш тодорхой” гэсэн хариулт өгч байгаа.
- Өнгөрсөн хугацаанд хэр их мессежэнд дарагдав?
- Өчнөөн байгаа. Энийг хараа /мессеж үзүүлж, заримыг нь уншиж өгөв/.
- Ийм алдаатай хуулиа Засгийн газраас сурталчилж байгааг та ихэд эгдүүцэж байгаа харагдсан?
- Уучлаарай, шинэчлэлийн Засгийн газрын өргөн мэдүүлсэн Газрын тухай хууль Үндсэн хууль зөрчсөн байна аа, алдаагаа засъя гээд татаад авахын хооронд Ардын намын үед батлагдсан 2002 оны хуулинд бас гадныханд эзэмшүүлэх заалт байгаа гээд ичихгүй худлаа гүтгэж байна лээ. Газрын хуулийг эсэргүүцсэн хүмүүсийг шалгуулна гээд бас хэлээд авна лээ, сандарсандаа улаан хамгаалагчдаараа дамжуулан хүн гүтгэсэн, доромжилсон мэдээллийг твиттерээр тарааж байна лээ. Үнэнд гүйцэгдэнэ л дээ, тэд. Манай намын бүлэг энэ хуулиа татаж ав гээд хэлчихсэн л байгаа. Харж л байна.
- Газрын багц хуулинд Газар өмчлүүлэх тухай хууль багтсан. Энэ хуулийг харахаар 1990-д оны улаан, цэнхэр тасалбарын түүх давтагдах вий гэсэн айдас олон нийтэд байгаа?
- УИХ-ын хэсэг гишүүдийн санаачилсан Газар өмчлүүлэх тухай хуулийн төслийг бас уншсан. Энэ хуулийн төслөөр бол иргэдэд газрын сертификат олгоод, түүнийгээ “Газрын бирж” дээр зарахыг зөвшөөрөх юм байна лээ. Хүн амьдралын тодорхой шалтгаанаар газраа зарж болно, тэгэхээр тодорхой хугацааны дараа их хэмжээний газар цөөн хүнд ил далд байдлаар төвлөрөх магадлал үүснэ. Нөгөө алдарт их хувьчлалын үед цэнхэр, ягаан тасалбарыг иргэн бүрт жигд хувааж өгсөн, харин хэдхэн жилийн дараа Монголын аж ахуйн нэгжүүд цөөн хүний мэдэлд очсоныг бид сайн санаж байх ёстой.
- Олон улсад хилийн зурвас газарт ашигт малтмал олборлодог юм уу?
- Хилийн зурвас газарт ойртож ашигт малтмал олборлодог улсууд олон бий.
- Дархан цаазат, байгалийн эко системийг хангасан газарт ашигт малтмалын олборлолт явуулдаг улс байдаг уу?
- Яалаа гэж байхав. Тухайн улсын эко системийн тэнцэврийг хадгалж байдаг, онцгой үзэсгэлэнтэй газарт ашигт малтмал олборлох нь битгий хэл гар хүргүүлдэггүй.
- Цаг гарган ярилцсан таньд баярлалаа.
А.Баярмаа