А.Дугардорж: “Ногоон” шиг капитал автобус босгоход хамгийн үнэтэй нь 25 мянган ам.доллар болно
2023/10/13
Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл хийхээр энэ онд 384 автобус шинээр авна хэмээн нэгдүгээр сард Нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээлж байв. Ингээд энэ оны нэгдүгээр сараас эхлэн ээлж дараалан шинэ автобусууд оруулж ирсэн. Хамгийн сүүлд “Ногоон автобус”-ын дуулиан гараад байгаа.
Уг автобусуудыг өнгөрсөн есдүгээр сард оруулж ирээд олон нийтэд үзүүлсэн. Гэвч “Ногоон автобус” нь хуучин хэмээн холбогдох хүмүүсийг АТГ-аас шалгаж, заримыг нь цагдан хориод байгаа. Энэ талаар ч нэмэлт мэдээллүүд гарч, хэргийн материалууд нэмэгдэж буйг эх сурвалжууд үгүйлсээр байгаа юм. Өмнө нь манай сонин уг ногоон автобусыг Эрээн-Замын-Үүд боомтоор оруулж ирэхэд сошиал орчин хуучин хэмээн хамгийн эхний постыг оруулж байсан механикийн инженер Ч.Эрдэнэбатын ярилцлагыг хүргэж байсан. Тэрбээр ярилцлагадаа “Тухайн автобусууд 2003 онд үйлдвэрлэгдсэн эд ангиар тоноглогдсон. Би хашаандаа угсарчихсан юм шиг мэргэжлийн бус хүн харахад ч илт хуучин автобусууд. Арлын дугаарыг нь алхаар нүдээд цохьчихсон юм шиг дээрээс нь давхар цохьсон. Дулаалгад нь барилгын хөөс шахсан, Бүх эд ангийг хуучин гэдгийг мэдэгдүүлэхгүйн тулд хар будгаар шүршиж будсан” гэж байв. Тэгвэл хуучин автобусны эд анги, тоноглол хэдэн төгрөг болдог, 2003 онд үйлдвэрлэгдсэн эд ангиар тоноглосон капитал автобус хэдэн төгрөг болох тухай сурвалжиллаа.
Эхлээд ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн багш Д.Пүрэвдоржоос тодруулсан юм.
-“Ногоон автобус”-ны шуугианыг та сонссон байх. 2003 оны эд ангиар сэлбэсэн хуучин автобус хэдэн төгрөгт босох бол?
-Би механик эд ангийг хэрхэн тоноглох, түүнийг хэрхэн хөдөлгөх тухай онолын мэдлэг л заадаг учраас үнэ ханшийн талаар мэдээллийг мэдэхгүй байна. Манай сургуулийн зүгээс тухайн автобусуудыг шалгая гэж хүсэлт тавьсан. Гэвч удирдлагууд солигдсон, холбогдох хүмүүс нь алга гээд хариу ирэхгүй удаж байна. Тухайн автобусуудыг анх оруулж ирэхдээ евро-5 стандартынх гэж хэлсэн.
Манайд евро-5 стандартыг шалгадаг хяналтын багаж хэрэгсэл байдаггүй. Гэхдээ мэргэжлийнхний нүдээр харахад өөр байх гэв.
Ингээд адил төстэй компаниудын худалдан авах газрууд тоног төхөөрөмжөө хэдэн төгрөгт авдаг тухай тодруулав. Нийтийн тээврийн нэгэн компаниас тодруулахад “Сэлбэг хэрэгсэл гурван янзын үнэтэй байдаг. Хямд, дунд зэрэг, үнэтэй. Мэдээж үнээсээ шалтгаалсан чанар дагалдана. Хувийн хэвшлийн компаниудад орлого бага, төрөөс өгөх мөнгө ч бага. Тиймээс бид аль болох хямд сэлбэг хэрэгслээр автобусуудаа засаж тоноглодог” гэх хариултыг өглөө.
Цахилгаан автобус нийлүүлсэн БНХАУ-ын Нанжин хотод байрлах “Golden Dragon” компаниас Монгол Улсад нийлүүлсэн албан ёсны гэрээний үнийн дүн
Ингээд хувийн автобус үйлчилгээ эрхэлдэг жолооч А.Дугардоржтой ярилцлаа.
-Та хувийн автобус үйлчилгээ эрхлээд хэдэн жил болж байна вэ?
-Би анх нийтийн тээвэрт жолоо барьдаг байсан. Тэгээд актад гарсан автобусаасаа нэгийг аваад хувиараа орон нутагт тээврийн үйлчилгээ эрхлэх болсон. Эхэндээ зөвшөөрөл энэ тэрээ бүрдүүлэхэд жаахан явдал суудалтай хэцүү байсан. Сүүлдээ хувийн компанийн нэр дээр явдаг болсон болохоор явдал суудал бага болсон л доо.
-Та актад гарсан автобус авсан гэлээ. Тухайн автобусаа хэзээ авч байсан бэ?
-Би 2015 онд авсан. Бүх тоног төхөөрөмжийг нь урдаас оруулж ирээд сэлбэж зассан л даа.
-Та сүүлд гарсан ногоон автобусны дуулианыг дуулсан байх. Механик инженер хүн манай сонинд ярилцлага өгөхдөө 2003 онд үйлдвэрлэгдсэн эд ангиар тоноглосон автобус гээд байгаа. Тийм хуучин эд анги худалдаж авахад хэдэн төгрөг болох вэ?
-Нийтийн тээвэрт үйлчилгээ эрхэлж байгаа учраас сонсолгүй яахав. Улаанбаатар хотын иргэн бүр үүн дээр чих дэлдийлгээд буруутай этгээдүүдэд яаж хариуцлага тооцох тухай чих тавин хүлээж байгаа гэж итгэж байна. Би ч тэдгээр автобусыг талбай дээр үзүүлэхэд очиж үзсэн. Нэлээд оройхон очсон. Харваас хуучин юм билээ. Миний өөрөө угсарсан автобус шиг л юм байна лээ. Шинэ автобус хэзээ ч тэгж утаа хаяж асахгүй. Ер нь 2003 оны эд анги гэж зах зээл дээр бол байхгүй. Яахав хэрэв хүсвэл захиалгаар хийж өгдөг.
-Тэгвэл захиалгаар хийлгэхээр үнэтэй юу?
-Нөгөө гурван үнийн дүрэм үйлчилнэ л дээ. Мэдээж манайхан юм чинь хамгийн хямдаар нь хийлгэсэн байх.
-Автобусны эд ангиас хамгийн үнэтэй нь ямар эд анги байдаг вэ?
-Мотор, явах эд анги л хамгийн үнэтэй. Эдгээр нь нийлээд хуучин эд анги юм чинь хамгийн үнэтэйдээ 10 мянган ам.доллар л болно. За тэгээд бусад эд анги тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ бүгд нийлээд тийм хэмжээний капитал автобус босгоход хамгийн үнэтэй нь 25 мянган ам.доллар болно.
-Гэтэл тэдгээр автобусын нэг бүрийн үнэ нь 400 сая гээд байгаа шүү дээ?
-Тийм хэмжээний мөнгөөр дэлхийн стандартад нийцсэн хамгийн дээд зэрэглэлийн автобус хоёрыг авна. Та бүхэн олон улсын нэр бүхий худалдааны сайтуудаас ороод үзээрэй. Хамгийн сүүлийн үеийн дээд зэрэглэлийн автобус 69 мянган ам.доллараас эхэлж байгаа. Тэр нь электрон автобус шүү. Бусад улс манайх шиг нийслэл хотынхоо төвд дизель түлшээр явдаг автобус хэрэглэдэггүй. Цахилгаан тээвэр л хэрэглэдэг. Бидний хуучин автобусны хэрүүл дэлхийд аль хэдийнэ хоцрогдсон.
Нэг ширхэга втобуснаас 300 сая төгрөгийн“нугалаа” гаргасануу?
Ногоон автобусны дуулиан дуусаагүй байхад дахин автобусны “Цавчаа”-ны хэрэг мандаж байгаа аж. Тодруулбал, өмнөх онд буюу 2022 онд нийлүүлэгдсэн БНХАУ-ын Нанжин хотод байдаг Golden Dragon компаниас албан ёсоор нийлүүлсэн 160 цахилгаан автобусны нэг ширхгийн үнэ 105.000 ам.доллар буюу Монгол төгрөгөөр 367.5 сая төгрөгөөр орж ирсэн хэмээн тухайн үедээ мэдээлж байлаа. Уг цахилгаан автобусны бөөний үнэ 95 мянган ам.доллар байсан юм. Энэ хэргийн мөрөөр эх сурвалж холбогдон мэдээлэл өглөө. Түүний хэлж буйгаар манайх худалдан авалт хийхдээ цахилгаан автобусны жижиглэнгийн үнээр тооцсон. Үүнээс хэдэн төгрөгийн нугалаа гарсныг тооцъё. Нэг ширхэг цахилгаан автобусыг Монгол Улсад зарсан үнэ үүнд дараахи задаргаа орно. Засгийн газраас гааль, НӨАТ татвар тэглүүлж, монголчуудын дундын санд буюу төсөвт орох ёстой мөнгийг шамшигдуулсан. Тус автобусыг зарсан үнэ 667.5 сая төгрөг. Ширхгийн үнэ нь 367.5 сая төгрөг. Тэгэхээр 300 сая төгрөгийг нэг цахилгаан автобусны үнээс нугалаа гарган авсан байх магадлалтай. 160 ширхэг цахилгаан автобусыг 300 сая төгрөгт үржүүлэхэд 48 тэрбум төгрөг ор сураггүй болоод байна. Гааль, НӨАТ-ыг төлүүлсэн бол нэг ширхэг цахилгаан автобусны үнэ 817 сая төгрөг болох юм. Монголчуудын нийтийн сан буюу улсын төсөвт орох боломжтой 24 тэрбум төгрөгийг Засгийн газар гааль бүрдүүлэлт, НӨАТ-ыг гарган өгчээ. Тэгэхээр 160 ширхэг цахилгаан автобус нь 150 сая төгрөгийн гааль, НӨАТ-ын тэглэлт хийж, үүнээс 24 тэрбум төгрөг мөн л хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон аж. Зөвхөн 160 ширхэг цахилгаан автобусны худалдан авах төслөөс 72 тэрбум төгрөг хаачсан нь ор сураггүй гэсэн тооцоо гарч байна. Үүнд тус цахилгаан автобусыг нийлүүлсэн БНХАУ-ын Нанжин хотод байрлах “Golden Dragon” компаниас Монгол улсад нийлүүлэх албан ёсны гэрээний үнийн дүнг хавсаргаж байна.
С.ОТГОНБАЯР
бат · 2023/10/15
Чухамдаа Монголчуудын хөгжихгүй байгаа шалтгаан бодит зүйл үйлдвэрлэхгүй төрөөс төрсөн тэрбумтанууд болсонд л шүү дээ
Зочин · 2023/10/14
40DESH ER XUNTEI80955877
Зочин · 2023/10/13
Танайд захилж болох уу? 200-г захиалая.
Зочин · 2023/10/13
S XN80955877