Л.Насанцэнгэл: Нийгэм хөгжих тусам сэтгэцийн тулгамдсан асуудал нэмэгддэг
2023/10/13
“Сэтгэцийн эрүүл мэнд-2023” олон улсын эрдэм шинжилгээний хурал Монголын Хүүхдийн Ордонд үргэлжилж байна. Энэ үеэр монголчуудын сэтгэцийн эрүүл мэндийн талаар Анагаах ухааны доктор, профессор Л.Насанцэнгэл мэдээлэл өгөв.
Тэрбээр "Монгол Улсын хэмжээнд сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаа хамгийн сүүлд 2013 онд хийгдэж байсан. Тус судалгааг гүйцэтгэхдээ Монгол орны 11 аймаг, нийслэлийн тодорхой дүүргийн хүн амыг хамруулсан юм.
Зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаанаас харахад насанд хүрэгчдийн
- 17.1 хувь нь нойргүйдэлтэй
- 11.7 хувь нь биед нь байнга зовуурь шаналгаа илэрдэг
- 6.2 хувь нь архинд донтох эмгэгтэй
- зургаан хувь нь сэтгэл гутралтай
Түүнчлэн мэдрэл, сэтгэцийн архаг ядаргаа 16.2 хувьтай, сэтгэл түгшилт 18.5 хувьтай гарсан байдаг. Нийгмийн хөгжилтэй зэрэгцэн иргэдийн дунд маш олон асуудал тулгамддаг. Бид бүхний сонссон, уншсан, харсан сөрөг мэдээлэл ямар хэмжээнд байна төдий чинээ стресст автдаг, тайван бус болдог. Нийт хүн амын 70 гаруй хувь нь сэтгэцийн хувьд эрүүл гэж үзэж байгаа бол 25 орчим хувь нь тулгамдсан асуудалтай. Иймд сэтгэлээ тайван байлгах, ажлаа сайтар төлөвлөх, өөрт онц ач холбогдолгүй сөрөг мэдээллээс зайлсхийхийг сэтгэцийн эмч нар зөвлөж байна. Үүний зэрэгцээ нойргүйдэх нь сэтгэцийн эмгэг, архаг ядаргааны суурь болдог" хэмээв.
Мөн "ДЭМБ-ын үзсэнээр нийгэм хөгжих тусам сэтгэцийн эмгэг, сэтгэцийн тулгамдсан асуудал дагаад нэмэгддэг. Өмнө нь дэлгэцийн донтолт, зан үйлийн эмгэг, мансуурах дон харьцангуй бага байсан. Харин өнөөдөр нийгмийн хөгжлийг дагаад дээрх сөрөг үзэгдэл ч өсөж байгаа.
Жишээлбэл 1984-1994 онд манай эрдэмтэн, судлаачдын баг хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн судалгааг хийж байсан. Улмаар 2013 онд СЭМҮТ-ээс Монгол Улсын хэмжээнд зонхилон тохиолдох сэтгэцийн эрүүл мэндийн тархалтын судалгааг дахин хийсэн. Дээрх хоёр судалгааны үр дүнг харьцуулбал стрессийн шалтгаантай эмгэг 10 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Түрүүн дурдсан нойргүйдэл, архаг ядаргаа, сэтгэл гутрал, сэтгэлийн түгшүүр зэрэг нь стрессийн шалтгаантай эмгэг. Тодруулбал 20 орчим жилийн зайтай хийгдсэн хоёр судалгааг харьцуулахад архинд донтох эмгэг насанд хүрэгчдийн дунд 40 дахин өссөн тоо гарсан" гэлээ.