Баянгол дүүргийн Ардчилсан намаас "Өрийн дарамтгүй Монгол" хэлэлцүүлгийг Баянгол Дүүрэгт зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 1, 3, 26, 25, 28, 4, 24, 27,12, 14, 34 дүгээр хороонд уг хэлэлцүүлэг зохион байгуулагдав.

Хэлэлцүүлэгт Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, ҮБХ-ны гишүүн Л.Нарантуяа, БГД-ийн Ардчилсан намын дарга Н.Болдбаатар, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар оролцож Баянгол дүүргийн  иргэд, намын гишүүдтэй уулзаж тулгамдаж буй асуудлууд, амьжиргааны түвшин, төрөөс үзүүлж буй үйчилгээний тэгш хүртээмжтэй байдлын талаар санал авч Ардчилсан намын 2024 оны мөрийн хөтөлбөрт тусгахаар ажиллаж буй юм.

 

Уулзалтын үеэр С.Эрдэнэ: "Манай Баянгол дүүрэг бол далайд гарцгүй гэдэг шиг дөрвөн дүүргийн дунд байдаг. Хөдөө нутаг байдаггүй. 2900 гаруй га газар нутагтай. Ийм жижиг газар дээр 60 гаруй мянган өрх, 260 мянга орчим хүн амьдарч байна. 40 мянга орчим том жижиг нийлсэн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. 3000 га гэдэг бол дунд зэргийн тариалангийн газрын эргэлтийн хэмжээ юм. Ийм жижиг талбай дээр маш олуулаа оршин сууж байна. Гэтэл газар олдохгүй байгаа ч гэсэн бидний зүгээс ахмадууддаа, хүүхдүүддээ зориулсан бүтээн байгуулалт хийх гэж зорьсон.

 

 

Тэрэлжид нэг ээлжиндээ 365 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий зуслан бариад, хүлээлгэж өгөөд явсан. Одоо болтол ашиглалтанд ороогүй. Архичдын үүр болоод л байж байна. Эхлүүлсэн, бүтээх гэж байсан зүйлийг нь ийм байдлаар балгас болгоод хаячихдаг.

 

 

Эхлүүлээд бий болгосон зүйлийг нь ч нураагаад хаячихдаг. 2012 онд Баянголд дүүргийн АН дүүргийн ИТХ-д олонхи болж байхад Баянгол биш "Баянхог" дүүрэг байсан шүү дээ. Тохижилт үйлчилгээний компани ч байхгүй байсан. Тэгээд цоо шинээр тохижилт үйлчилгээний компани байгуулж, хамгийн сайн, хүчтэй тоног төхөөрөмжүүдээр хангаж шилдэг тохижилт үйлчилгээний компани бий болгож чадсан.

 

 

Гэтэл одоо нөгөө тоног төхөөрөмжүүд бүгд эвдрээд, эзэнгүй болчихсон. Хог ачилт нь нэг дахин буурчихсан. Гэр хороолол, орон сууцнууд хогондоо дарагдчихсан.

 

 

Ийм л байдалтай байна. Энэ бүхэн юунаас болсон бэ? Энэ бол засаглалын хямрал, эрх мэдлийн хувиарлалт буруу байсан гэдгийн, эрх мэдэл авсан хүмүүсийн хариуцлагагүй байсны үр дүн гарч байгаа асуудал. Одоо иргэд яаж энэ бүхнийг засах вэ? гэдэг хариултыг хайж байна. Ерөөсөө эрх мэдлийн хуваарилалтыг шинэчлэх хэрэгтэй. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гэдэг шиг завсаргүйгээр эрх мэдэл дээр сууж, бүхнийг өөрсдийн хэмжээнд л хардаг хүмүүсийг зөөлөн олбог дээрээс нь буулгаад амьдрал дунд оруулах хэрэгтэй. Тэд энд ирж байж л энэ бүхнийг ойлгоно. Тэр зөөлөн суудал дээр суугаад ойлгохгүй ээ. " гэв.