Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид хоригдон ял эдэлж буй Д.Мөнх-Эрдэнэ эмнэлэгт хэвтжээ. Учир нь тус хорих ангид SWAT гэсэн бичиг бүхий хувцастай хүмүүс очиж, хоригдлуудыг дэглэж, бороохойдож, зодсон гэх мэдээлэл цахим орчинд тараад буй билээ. Тэгвэл энэ асуудлаар ШШГЕГ-аас дараах тайлбарыг өгсөн юм. 

​​​​​​​

Тодруулбал, Д.Мөнх-Эрдэнийн эрх ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй бөгөөд дээрх мэдээлэл бодит бус ташаа мэдээлэл байна. Прокурорын болон Хүний эрхийн байгууллага хяналт тавин ажиллаж байна. Мөн ШШГЕГ-аас чиг үүргийнхээ хүрээнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол явуулж ажилладаг хэмээжээ. 

Д.Мөнх-Эрдэнийг өнгөрсөн есдүгээр сард хорих ангийн удирдлагын зүгээс шийтгэж, уулзалтыг хориглосон байсанд аймгийн шүүхийн байгууллагаас цуцалсан. Мөн өөрийнх нь болон өмгөөлөгчдийнх нь хяналтын шатны шүүхэд хандсан хүсэлтийг хэлэлцэх боломжгүй хэмээн хүлээж аваагүй юм.

Хэргийг сануулахад, Д.Мөнх-Эрдэнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад хахууль өгсөн гэх хэрэгт буруутган анхан шатны шүүхээс гурван жил 10 сарын хорих ял, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандахад оноосон ялыг нэг жил 10 сарын хорих ял болгосон.