Өвөрхангай аймгийн Засаг дарга асанд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
2023/10/19
Энэ оны наймдугаар сарын 10-11-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт “Toyota” маркийн тээврийн хэрэгслийн жолооч “И” нь явган зорчигч 57 настай, эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон осол гарсан.
Дээрх үйлдэлд Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас иргэн “И”-д холбогдуулан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ оны наймдугаар сарын 29-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг аравдугаар сарын 18-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн болохыг ЦЕГ-аас мэдээлэв.
Хэргийн тухайд сануулахад уг ослыг гаргасан Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нь албан ажлаа хүлээлгэн өгч, талийгаачийн ар гэрийнхнээс дахин уучлалт гуйж байгааг өөрийн цахим хуудсаараа мэдэгдэж байсан юм.
Осол гаргагчид хуулийн дараах заалтуудыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэжээ.
27.10 дугаар зүйл. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих
1.Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.согтуурсан, мансуурсан үедээ;
2.2.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;
2.3.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж;
2.4.их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг:
4.1.согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн;
4.2.энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Зочин · 2023/10/19
SEKSDN XUSNII SEREL80955877
Зочин · 2023/10/19
AEKSDN80955877