ИХЭНХ НУТГААР ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ЭРС ХҮЙТРЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА

Завхан аймаг, Их-Уул сум. Цэцүүх багийн нутагт Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа / Тосонцэнгэл сумын төвөөс зүүн урд зүгт 90 км, сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/-д цас орсны улмаас авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж автомашин зорчих боломжгүй болсон дуудлагыг 11.01-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид 90 км замыг туулан 19:20 цагт очиж замын цасыг хусаж, шороо асган 4 цаг 41 минут ажиллаж нийт 9 автомашин, 10 зорчигчийг даваанаас аюулгүй буулгасан.

Улаанбаатар хот, Багануур дүүрэг. 3 дугаар хорооны “Хэрлэн” авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны баруун талд Багануур дүүрэг явах чиглэлд авто замын өгсүүр хэсэгт цас орж хальтиргаа үүссэний улмаас том оврын 6 автомашин замын хөдөлгөөн хаасан гэсэн дуудлагыг 11.01-ний өдрийн 21:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн хэлтсийн орлогч, хошууч С.Мөнхсайханаар ахлуулсан алба хаагчид 17 км замыг туулан 22:15 цагт очиход Истана загварын автомашин, Норд Бенз ND4210 загварын түлшний Цистер автомашин, Бенз ND1310 загварын түлшний Цистер автомашин 1 талын урсгал зам хаасан байдалтай байсныг 02 цаг 30 минут ажиллаж татан гаргасан.

Хэнтий аймаг, Цэнхэрмандал сум. Багануур дүүргээс зүүн урд зүгт 22 км-т Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын чиглэлд зорчиж явсан Бонго загварын автомашин /3 том хүн, 2 хүүхэд/ цасанд суусан тухай дуудлагыг 11.02-ны өдрийн 01:59 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 22 км замыг туулан очиход иргэн Н/37 настай, эмэгтэй, Багануур дүүргийн харьяат/, Г/25 настай, эрэгтэй, Налайх дүүргийн харьяат/, Б/23 настай, эрэгтэй, Хэнтий аймгийн харьяат/, А 4 настай, эрэгтэй/, Г/9 сартай, эмэгтэй/ нар нь “Бонго” загварын автомашинтай цасанд суусан байсныг татан гаргаж Багануур дүүрэгт хүргэсэн.