2024 оны хавар сонгууль болно гэдгийг хэн хүнгүй мэдэж буй. Тэгвэл төсвийг  тойргийнхоо усалгаа болгох вий гэж хардаж байснаар болж байгаа бололтой. Тодруулбал, Сонгуулиар ахмадуудын саналыг авахын тулд тэтгэврийг их, багаас нь хамаарахгүйгээр бүх хүмүүст 100 мянган төгрөгөөр нэмэх саналыг МАН-ын бүлгийн гишүүд дуу нэгтэйгээр дэмжив.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "2024 оны төсвийг бэлтгэсэн талаар төсвийн ажлын хэсгийн саналыг сонссон. Төсөвтэй холбоотой ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. Нийт 17 гишүүний бүрэлдэхүүнтэй. Хэд хэдэн зарчмын чиглэлийн зарчмын өөрчлөлт хийхээр төлөвлөж байна.

Орлогыг нэмэгдүүлж, төсвийн тэнцлийг сайжруулах ёстой. 2024 оны төсвийн алдагдлыг Засгийн газар өргөн барихдаа дотоодын нийт бүтээгдэхүүний 2,8 хувийн алдагдалтай байхаар орж ирсэн. Ажлын хэсэг дээр ярьж байгаад нийт 590 тэрбум төгрөг байхаар буюу төсвийн алдагдлыг хоёр хувь болгож бууруулах боломжтой гэж үзсэн. 2024 оны төсвийг өргөн барихдаа Засгийн газар нийгмийн даатгалын сан буюу тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 10 хувь нэмэгдүүлэх төсөл орж ирсэн. Бага тэтгэвэр авагчдын хувьд 10 хувь гэдэг 55 мянган төгрөг. Тиймээс нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Бүлэг хэлэлцээд ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх шаардлагатай гэж үзлээ" гэсэн юм.

Тус намынхан тэтгэврийг зөрүүг итгэлцүүрээр бодож, арилгана гэсэн нь ийнхүү лөөлөй болж орхив. Засгийн газар өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд ахмад настны тэтгэврийг итгэлцүүрээр бодон, мөн 10 хувиар нэмэгдүүлсэн ч дарга, удирдах албан тушаал хашиж явсных нь тэтгэвэр 300.000-400.000 төгрөгөөр өссөн. Харин хар ажил хийж явсных нь 50.000-70.000 төгрөгөөр л өссөн. Түүнийгээ тэтгэврийн зөрүүг арилгасан гэж салбарын яам нь тайлбарлаж олон ахмадууд гомдон хэвлэлийн бага хурал хүртэл зарлаж тэдний буруу тогтолцоо жишиг тогтоож буй талаар шүүмжлээд авсан билээ. Энэхүү гомдлын нулимс нь хатаагүй байхад бүгдийн 100 мянган төгрөгөөр ижил нэмнэ гэдэг нь хэр нийцтэй вэ?

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 400 гаруй мянган ахмад тэтгэвэр авч байгаагаас 70 гаруй хувь нь 550-600 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг гэсэн статистик тоо баримт бий. 

“Таны хөдөлмөрлөлсөн жил 35 жил ч, бага цалинг төрөөс авч байсан тул итгэлцүүрээр 7100 төгрөгөөр нэмэгдсэн нь зөв. Дээр нь 10 хувийн нэмэгдэл орж ирээд 560 мянган төгрөг авах нь зөв байна. Бодолтод зөрүү алга” гэдэг тайлбарыг өгөөд л өөрсдийгөө тэтгэврийн зөрүү арилгасан баатар болгосон. Гэвч бодит амьдрал дээр дахин бүгдийн нийтээр нь 100 мянган төгрөгөөр нэмчихвэл ахин тэтгэврийн зөрүү гарах нь гарцаагүй. Гэтэл үүнийг үл ойшоож байгаа нь харамсалтай.