Жинхэнэ жанжин тулааны талбар дээр цэргүүдээ орхиж явдаггүй гэдэг. Харин Монголын улс төрд энэ зарчим яг эсрэгээрээ үйлчилдэг.  Тодруулбал ямар нэг хулгай, луйвар, хууль бус үйл ажиллагаа нь илчлэгдэх аваас Монголын улс төрчид, өндөр албан тушаалтнууд гагцхүү өөрийн багийн үүрэг гүйцэтгэгч-дунд шатны дарга нараа зольдог зүй тогтолтой.

Ногоон автобустай холбоотой хэргээр АТГ 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаагаа АТГ зарласан билээ.

 

Тодруулбал Нийслэлийн Засаг Даргын орлогч асан Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Засаг Даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ,НЗДТГ-ын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мишээлт, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Г. Энхтайван, НХААГ-ын Худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх, НХААГ-ын мэргэжилтэн А.Нарангэрэл, Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын дарга С.Жавхлантбаатар, ННТГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Б.Баярмаа, ННТГ-ын Зорчигч тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дөлгөөн,

ННТГ-ын Техник технологийн хэлтсийн дарга Б.Мөнхболд, ННТГ-ын Техникийн хяналтын үзлэгийн инженер Б.Алтаншагай, ННТГ-ын Техникийн технологийн хэлтсийн Нийтийн тээврийн Цахилгаан хангамж хариуцсан инженер Д.Цогтбадрах, Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын тээврийн бодлого төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Хонгорзул, Нийслэлийн тээврийн газрын Хөрөнгө оруулалт гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Л.Солонго, Нийтийн тээврийн улсын байцаагч О.Сүхбаатар, Хотын стандарт хяналтын газрын авто тээврийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Хадбаатар, Хотын стандарт хяналтын газрын Тээврийн хяналтын улсын байцаагч У.Энхтөр, ЗТНОНӨААТҮГ-ын Техникийн хэлтсийн дарга О.Лувсандагва нарын төрийн албан хаагчид мөнөөх "Тэнүүн Огоо" компани болон Солонгосын нөхдийн хамт яллагдагчаар татагдсан юм.

 

Практик дээр олон тэрбумаар хэмжигдэх үнийн дүнтэй тендерийг тухайн асуудал хариуцсан сайд буюу төсвийн ерөнхийлөн захирагч нь, мөн шууд удирдлага буюу Нийслэлийн Засаг Дарга нь огт оролцохгүйгээр ямар нэг мэргэжилтэн Солонго, Хонгорзул дур мэдээд шалгаруулдаггүй гэдгийг адгийн усан тэнэг ч мэднэ.

 

Нийслэлийн холбогдох албан тушаалтнууд ногоон автобусны хэрэгт шалгагдаж буй л бол Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар ч мөн л шалгагдах ёстой.

Харамсалтай нь тэд уг хэрэгт яллагдагчаар татагдсангүй. Өөрөөр хэлбэл Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар "цэргүүдээ" золиосолж, өөрсдөө "уснаас хуурай гарах нь" тодорхой болжээ гэсэн үг.

 

Э.Мягмар