ЗХЖШ: Талийгаач цэрэг хөндлөнгийн нөлөөтэй гэж бид хэлж чадахгүй
2023/11/13
Өнгөрөгч аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд нийслэл хотод энэ оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага болсон. Энэ удаагийн татлагаар "Мандах" их сургуулийн төгсөх курсийн оюутан Д нь Баянгол дүүргийн цэргийн штабаас /2023.10.20/ цэрэгт татагдаж, Зэвсэгт хүчний 326 дугаар ангид хуваарилагджээ.
Тус оюутан цэргийн ангидаа очоод 24 дэх хоног дээрээ нас барсан. Талийгаачийн ар гэр рүү цэргийн ангиас нь өнөөдөр /2023.11.13/ холбогдож "Хүү чинь унтаад сэрсэнгүй, ирж цогцсыг нь үз" гэжээ.
Зэвсэгт хүчний хуурай замын ерөнхий командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал "Өнгөрсөн шөнө буюу арваннэгдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Зэвсэгт хүчний 326 дугаар ангид харамсалтай хэрэг явдал гарлаа. Цэргийн албаа хааж байсан нэг байлдагч маань амь насаа алдлаа. Байлдагчийнхаа ар гэр, төрөл төрөгсөд ойр дотны хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье.
Гарсан хэрэг явдалтай холбоотойгоор дотоод хяналт шалгалтынхан ажиллаж, албаны хүрээнд энэ процессын талаар үнэн мөнийг тогтоохоор хичээж байгаа.
Өнөөдөр өглөө 06:30 цаг орчим командлалын жижүүр над руу ярьж, ийм харамсалтай явдал болсныг надад мэдэгдсэн. Өглөө бослогын команд өгөхөд талийгаач босохгүй байсан тул очиж үзлэг хийн, эмч, жижүүрийн бүрэлдэхүүн очиход амь насаа алдсан байдалтай байна. Иймд дараагийн шатны арга хэмжээ буюу эмнэлэг, цагдаа, бусад холбогдох албан тушаалтанд дуудлага мэдээлэл өгснөө хэлсэн. Тухайн үед шуурхай бүлэг томилсон.
Одоогоор мэдэгдэж буйгаар байлдагч маань бусдынхаа адилаар амрах дохио өгөхөд амарсан байна. Өглөө 06:00 цагт бослого эхэлдэг. Харин бослогын дохиогоор босохгүй байсан тул байлдагчийг амь насаа алдсаныг манай үүрэг гүйцэтгэгч, алба хаагч нар мэдсэн байна.
Зэвсэгт хүчний зүгээс талийгаачийн ар гэртэй холбогдсон. Үзлэг шалгалт тухайн анги дээр хийгдэж байгаа тул тийшээ оруулах боломжгүй байгаа. Цагдаагийн байгууллага ба Шүүх шинжилгээний газраас эцсийн дүгнэлтийг гаргана" гэв.