Улсын начин Ө.Батзул: Үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авахгүй гэж ярьж болохгүй шүү
2023/11/15
Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, үндэсний бөхийн “Нэгдэл” клубийн тамирчин, Монгол Улсын начин Өлзийсайханы Батзултай ярилцлаа.
-Таны тухайд их багаасаа спортын замыг сонгосон юм билээ. Үүнд юу нөлөөлөв?
-Би Эрдэнэт хотод өссөн. Жаахан хүү байхдаа л бөх болно гэж боддог байлаа. Ингээд 2008 онд чөлөөт бөхийн секцэд явж анх спорттой танилцаж байв. Манайх олимпын аваргатай болсон жил шүү дээ. Энэ түүхэн үйл явдал намайг спортын заал руу хөтөлсөн болов уу. Чөлөөт бөхийн бэлтгэлд явсан эхний жилүүдэд ч үеийнхэнтэйгээ тоглож гүйлдээд л өнгөрсөн. Ингэж явахдаа хөдөлгөөний эв, дүй сууж өнөөдрийн Батзулын суурь тавигдаж байсан юм билээ.
-Спорт гэх энэ том талбарт байр сууриа олох гэж хэдэн жилийг зарцуулав. Хэр их хөдөлмөрлөв дөө?
-Төсөөлж байснаас ч хэцүү байсан шүү. Бэртэл гэмтлээс авахуулаад олон арван саадыг туулж энд ирсэн. Бөхийн чөлөөт барилдаанаар хичээллээд л шууд амжилт гаргаагүй. 5-6 жилийн хөдөлмөрлөсний үр дүнд Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний 96 кг-ын жинд өрсөлдөж мөнгөн медаль зүүж байлаа. Хэдийгээр шигшээ барилдаанд ялагдсан ч тухайн тэмцээнээс их урам зориг авсан. Үүнээс өмнө бол бэлтгэлдээ сайтар базаагаад тэмцээнд ордог ч хараахан медалийн тавцанд зогсож чадахгүй л ялагдаад байв. Хамт бэлтгэл хийдэг нөхөд маань бэлтгэлдээ ирэх нь цөөрөөд, ерөнхийдөө чөлөөт бөхөөс хөндийрч байсан л даа. Өдөржин бэлтгэл хийгээд л цүнхтэй хувцсаа дааж ядаад гэртээ харина. Харих замд үеийн залуус маань шоудаад явж байх нь бий. Тэднийг хараад “Би илүү хөдөлмөрлөж байна. Үр дүн нь гарна аа” гэж өөртөө хэлж хурцлаад цааш алхдаг байлаа. Амжилт гаргахгүй байлаа ч би спортоос холдож чадахгүй юм билээ. Үнэнхүү барилдах дур сонирхолтой болохоор тэр. Ерөнхийдөө хорт зуршлаас хол байж өөрийгөө бүтээсэн гэж хэлж болно.
-Насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж эхэлсэн нь хэдий үеэс вэ?
-Залуучуудын Улсын аваргаас медаль зүүснийхээ дараа насанд хүрэгчидтэй үзэж болох нь гэх итгэл төрж байлаа. Ингээд 2016 онд насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж анхны хүрэл медалиа зүүж байв. Чөлөөт бөхийн дэвжээнд гарснаас хойш бүтэн найман жилийн дараа УАШТ-ээс зөвхөн хүрэл медаль зүүж байв. Чөлөөт бөх бол хүнээс ийм л хэмжээний хичээл зүтгэл, тууштай байдал шаарддаг спорт.
-Тэр жил та үндэсний бөхийн сайчуудтай тулж медаль зүүсэн байх аа.
-Жаахан хүүхэд насанд хүрэгчдийн ангилал руу ороод ирсэн чинь хүмүүс гайхаад л хараад байж билээ. Миний жинд Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын заан Б.Бат-Өлзий гээд үндэсний бөхийн сайчууд хүч үзэж байв. Медалийн төлөө шийдвэрлэх барилдаанд энэ хоёр мундгийг хожиж насанд хүрэгчдийн ангиллаас анхны медалиа зүүж байсан түүхтэй. Ингээд л олон улсан өрсөлдөх боломжоо олж харсан даа. Төд удалгүй 2017 оноос үндэсний шигшээ багийн гишүүн болсон. Энэ үеэс хойш олон улсын тэмцээнээс 13 медаль хүртсэн байна. Тивийн аварга шалгаруулах тэмцээний шигшээд гурван удаа шалгарч барилдсан байна. Харин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө гарч барилдаад шагналт байр эзэлсэн.
–Шигшээ багт орох үеэсээ та үндэсний бөхөөр давхар хичээллэж эхэлсэн бил үү?
-Тийм. Үндэсний бөх чөлөөт бөх хоорондоо шүтэлцээтэй гэж боддог юм. Их спортын хурд тэсрэлт үндэсний бөхөд чухал. Үндэсний бөхийн зогсолт, тэвчээр ч их спортод хэрэгтэй. Ийм үүднээс давхар үндэсний бөхөөрөө барилдаж эхэлсэн юм. Улсын харцага Н.Золбоо ахыгаа дагаж бэлтгэл хийнэ. Ингэж яваад л үндэсний бөхдөө илүү дур, сонирхолтой болчихсон. Анх Бүх цэргийн баяр наадамд шөвгөрч Цэргийн харцага болж байлаа. Тэр үед Улсын начин Б.Даваа-Очир, өсөх идэр начин Б.Эрдэнэхүү гээд бөхчүүдийг давж цол ахисан. Одоо эргээд харахад тэд маань бүгд улсын цолны болзол биелүүлсэн байна. Сайн бөхчүүдтэй сайхан барилдаж л цол авч гэж боддог юм.
-Таны тухайд Эрдэнэт хотынхоо баяр наадамд түрүүлж Аймгийн хурц арслан цолны болзол биелүүлсэн шүү дээ. Орхон аймагт ч олон газраас хүчтэн чуулж, том наадам болдог доо.
-Тийм шүү. Би Эрдэнэт хотын унаган хүүхэд. Эрдэнэт үйлдвэрийн харьяа “Энэрэл” асрамжийн газарт өссөн. 1996 онд хоёр настай байхдаа л эгчийнхээ хамт очиж 18 нас хүрээд өрх тусгаарласан. Өссөн нутгийнхаа наадамд түрүүлж зон олноо баясгана гэдэг үнэхээр сайхан. Үгээр илэрхийлэх аргагүй, тийм сайхан мэдрэмж төрдөг. Би чинь 2020 болон 2021 онуудад Орхон аймгийн баяр наадамд түрүүлж Аймгийн хурц арслан цол хүртсэн. Энэ хүртэл мөн ч их бэрхшээлийг давж ард гарсан. Тэр бүр хүнийг хатуужуулж, илүү хурцалж байдаг юм билээ.
-Орхон аймгаас төрсөн анхны улсын цолтой бөх нь та шүү дээ. Улсын цол хүртсэн наадмынхаа талаар эргээд нэг дурсвал?
-Наадмын дэвжээнд төрсөн нутгийнхаа нэрийг дуурсгах нь миний нэг зорилго байв. Бүр багын мөрөөдөл минь ч гэж хэлж болно. Энэ нь Ардын хувьсгалын 100, 101 жилийн тэгш ойгоор биеллээ олсон. Үндэсний бөхийн дэвжээн дэх миний амжилт Улсын харцага Н.Золбоотой салшгүй холбоотой. Ямар ч үед ахаасаа л зөвлөгөө аваад л барилддаг. Улсын цол авчихаад туг тойрч байхад ээж минь л бодогдоод байлаа. Хүүгээ хараад бахархаж байгаа болов уу гэж санагдаад байв. Ээжийгээ бага болов ч баярлууллаа гэж бодохоор сэтгэл дүүрээд мөн ч байсан байсан шүү.
-Зургаагийн даваанд Н.Золбоотой таарч барилдсан шүү дээ. Ах, дүү хоёрын дунд ямар барилдаан болов?
-Бид хамт бэлтгэл хийдэг. Сүүлд нь харамсахааргүй сайхан барилдаад л өвдөг шороодсон. Одоогоор миний тухайд үндэсний бөхдөө төвлөрч бэлтгэл сургуулилалтаа базааж байна. Цаашид ч үндэсний бөхөөрөө дагнаж барилдана. Жингийн ялгаа гарч жаахан бярдуулчих гээд байх юм. Хүчний үзүүлэлтдээ анхаарч байгаа. Би энд хүрсэн амжилтдаа ханаагүй. Миний нас залуу байна. Формоо бариад цаашаа явахад цолоо ахиулж болох байх. Тууштай хөдөлмөрийн үр дүн заавал гардаг шүү дээ.
-Таны тухайд цаашид үндэсний бөхөөрөө дагнаж барилдаад явах нь гэж ойлголоо. Үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авна, авахгүй гэх асуудал маргаан дагуулаад байна л даа. Та ямар байр суурьтай байдаг вэ?
-Допингийн хэрэглээг сул тавьж хэрхэвч болохгүй. Үүнд хатуу байр суурьтай байдаг. Допинг гэх энэ зүйлийг яагаад дэлхий нийтээрээ эсэргүүцэж байна вэ. Хор хөнөөл нь батлагдсан болохоор л тэр. Энэ талаар суртал ухуулгын ажлыг илүү хийх хэрэгтэй гэж хардаг. Энэ цагт барилдаж байгаа бөхчүүд нийтээрээ допинг хэрэглээд эхэлбэл 10, 20 жилийн дараа хэн барилдах вэ, бидний үр хүүхэд л энэ их өв соёлыг цаашид тээж, түгээн дэлгэрүүлж явах учиртай. Допинг хэрэглэсэн хүн бөх барилдах хэмжээний эрүүл чийрэг хүүхэд төрүүлэх боломжгүй. Хамгийн энгийн хор хөнөөл нь ийм. Амжилтын төлөө эрүүл мэндээ золиосолж допингийн төрлийн бодис хэрэглэх нь том эрсдэл дагуулдаг. Допингийн шинжилгээг сул тавина гэж ярьж болохгүй шүү.
–Допингийн шинжилгээг шударга авч чадаж байгаа эсэх нь хардлага дагуулдаг. Таны тухайд олон улсын тэмцээнд оролцох үедээ нэг биш удаа шинжилгээнд хамрагдсан байх. Манайхаас ямар ялгаатай байна вэ?
-Олон улсын тэмцээнд оролцох бүрдээ л допингийн шинжилгээнд хамрагддаг. Шинжилгээний хариу нь тэр дороо гардаг. Харин манайд бүтэн сарын дараа допингийн шинжилгээний хариу нь ил болох юм. Тухайн тамирчны шинжилгээний дээжийг хаана хадгалдаг юм, яаж зөөвөрлөдөг юм, энэ нь стандартын шаардлага хангадаг юм уу гээд олон асуудал бий. Допингийн эсрэг үндэсний байгууллага ил тод нээлттэй ажиллавал энэ их хардлага хаанаас гарч ирэх вэ. Эхлээд энэ асуудлаа цэгцлээд допингийн шинжилгээг аль болох олон удаагийн давтамжтай аваад явах нь зөв гэж боддог.
О.ДАШ
нэргүй · 2023/11/15
үндэсний бөх спортын төрөл биш гэж үзэж допинг авахгүй болж байна уу
Зочин · 2023/11/15
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh