Монгол-Японы эмнэлэг рүү дроноор цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэв
2023/11/15
Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь болох 1.6 сая хүн Улаанбаатар хотод амьдардаг. Хотын замын хөдөлгөөнд 685,000 тээврийн хэрэгсэл оролцож 9-13 км цаг хурдтай зорчиж, хөдөлгөөн удааширч, түгжрэл үүсэж байгаа нь эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн хүртээмж, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.
Европын Холбооны 2022 онд нийтэлсэн Гамшгийн үеийн шуурхай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах загвар зөвлөмжид дурдсанаар цус, цусан бүтээгдэхүүний хангамж хүртээмжийн зураглалыг тодорхойлох нэн чухал шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг.
Иймд Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв(ЦССҮТ) Нарлаг-Улаанбаатар Ротари клубтэй хамтран 2020 онд анх удаа Монголд дрон ашиглан цус цусан бүтээгдэхүүн тээвэрлэхээр туршилт судалгааны ажлыг эхлүүлж байжээ.
Улмаар 2023 оны есдүгээр сарын 28-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан "Mongolia New Smart Logistics Symposium 2023"-ын үеэр Монгол болон Япон улсын 10 байгууллага, ЦССҮТ, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг болон бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамтран санамж бичиг байгуулж, дрон ашиглан хүргэлт хийх үйлчилгээг Монголд бий болгох төслийг эхлүүлсэн байна.
Уг төслийн хүрээнд 2023 оны энэ сарын 13-ны өдөр ЦССҮТ-өөс АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хооронд нийт 4.8 км зайд AirTruck буюу тусгай ложистикийн дрон ашиглан цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэх анхны нислэг хийжээ. Энэхүү AirTruck тусгай ложистикийн дрон нь таван кг буюу 15 нэгж цус, цусан бүтээгдэхүүнийг цагт 36 км хурдтайгаар 10 минутад зорилтод газраа хүрэх боломжтой аж.