Н.Арвинтариа: Гудамжинд эмэгтэй хүнд гар хүрсэн маргаан үүсгэчхээд "Худлаа юм аа" гэдэг нь нийгмийг хүчирхийлэлд дасал болгосон үйлдэл
2023/11/21
Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн захирал Н.Арвинтариатай ярилцлаа.
- Саяхан нийгмийн сүлжээнд олон нийтийн газарт нэгэн эр эмэгтэй хүнд гар хүрч, түүнийг нь болиулахыг оролдсон залуу руу муудалцаж байсан хоёр буцаж ноцсон бичлэг цацагдаж нэлээд хэлэлцэгдлээ. Гэтэл тэр бичлэгт гарсан үйл явдал зохион байгуулалттай болж таарлаа. Хүний эрхийн хамгаалагчид үүнийг яаж харсан бол?
- Тэр бичлэг нийгмийг хүчирхийлэлд дасал болгоход л хувь нэмрээ орууллаа гэж товч дүгнэж болно. Магадгүй тэр залуус нийгэмд сайн сайхан байдлыг бий болгохын тулд ийм үзэгдлийг жигшээсэй гэсэн агуулгаар хийсэн байж болох юм. Гэвч хүргэж байгаа арга нь буруу.
Учир нь нэгд олон нийтийн газарт хүчирхийллийг шууд илэрхий харуулж байгаа нь маш муу үр дагавартай. Хүүхэд дуурайна, залуус "Болдог юм байна" гэсэн хандлагатай болно.
Хоёрт дундуур нь орсон эрийг эмэгтэй нь цүнхээрээ цохиод авсан. Үүнийг харсан олон нийт "Тэнэг хүүхнүүд тэгдэг юм" гэсэн байр суурь илэрхийлж, хохирогчийг буруутгах хандлага руу орж байгаа юм.
Гэтэл бодит амьдрал дээр хохирогч эмэгтэй айдаст автдаг. Магадгүй энэ хүн намайг өмөөрөөд нөхрийг маань зодчихвол нөхрөөс ирэх дарамт хүчирхийлэл улам ихэснэ гэсэн айдас байдаг. Магадгүй тэр айдсыг харуулахыг оролдсон байж болох юм. Гэтэл эсрэгээрээ нийгмийн ихэнх хэсэг нь хохирогчийг буруутгаж, эмэгтэйчүүд чинь өөрсдөө болдоггүй юм гэсэн хандлагыг бий болгочхож байгаа юм.
Гуравт дахиад ийм хүчирхийлэл олон нийтийн дунд гарахад "Энэ чинь бичлэг хийсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа ч юм бил үү" гээд тоохгүй өнгөрөх нөхцөл байдлыг өөгшүүлж магадгүй.
- Эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөхөд "Энэ нөхөд тоглож байгаа байх" гэж тусламж үзүүлэхгүй өнгөрөх байдлыг бий болгочихлоо гэдгийг та хэллээ. Хүчирхийллийг өдөөсөн, харуулсан контент бүтээлд хяналт байдаггүйн нэг хэлбэр боллоо шүү дээ?
- Ер нь соёл урлагийн, зар сурталчилгааны байдлаар хүний эрхийг зөрчих явдал их гарч байна. Ялангуяа алдарт эх, дархан бэр ч гэдэг юм уу, эсвэл хошин шогоор дамжуулаад нийгэмд байгаа бурангуй үзлийг улам бэхжүүлж байна. Жишээ нь сүүлийн үеийн кинонууд хүчирхийллийн эсрэг гэсэн мөртлөө хүчирхийллийг нарийн харуулж, гэмт хэрэг үйлдэх аргыг нь тодорхой үзүүлээд байдаг болчихсон. Энэ бол "Ингэж болох юм байна, зодохгүй ч ийм маягаар дарамталж болох нь" гэдэг итгэл үнэмшлийг бий болгох эрсдэлтэй. Тиймээс ийм зүйлээс аль болох зайлсхийх, аливаа зүйлийг сурталчлах гэж байгаа бол эерэг талаас нь харуулж болно.
Саяын тохиолдолд хэрэв хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөл байдал бий боллоо гэхэд хэн нэгэн дундуур нь ороод анхаарлыг нь өөр тийш сарниулах ч юм уу "Хүүе ээ, та хоёр ийм нохой гүйж явахыг хараагүй биз дээ" гээд хөнгөн маягаар санаагаа харуулж болох байсан.
сүүлийн үеийн кинонууд хүчирхийллийн эсрэг гэсэн мөртлөө хүчирхийллийг нарийн харуулж, гэмт хэрэг үйлдэх аргыг нь тодорхой үзүүлээд байдаг болчихсон
Яах вэ, энэ кейсээс дэвшилттэй харагдсан нэг зүйл нь олон хүн хүчирхийлэл үйлдсэн залууг буруутгасан байсан. "Эмэгтэй хүнийг хүчирхийллээ, цагдаа дуудаач ээ" гээд. Хүмүүс энэ бол болохгүй зүйл гэдгийг мэдэж байна. Гэвч эргээд хүчирхийллийг дасал болгосон үйл явдал байлаа. Цаагуураа үүсэж байгаа хор уршиг ихтэй. Нэн ялангуяа олон нийтийн газарт үүнийг үзүүлж байгаа нь нийгэмд маш сөрөг үр дагавартай. Ийм хэрэг гарахад чимээгүй өнгөрөх магадлалыг улам нэмэгдүүлж мэднэ. Хүчирхийллийн дундуур ороод ерөөсөө хэрэггүй юм байна гэдэг мессэжийг өгчихлөө.
- Гэр бүлийн хохирогчид тусламж чухал. Тусламж үзүүлэх боломжтой хэсгийг үргээчхэв үү?
- Гэр бүлийн хүчирхийллийн хувьд хохирогч цагдаад хандах хүртлээ маш урт замыг туулдаг. Эхлээд аав ээждээ хандана. Хадам талдаа хандана. Ингэж хандахынхаа өмнө ч тодорхой хугацаанд нууна.
Засарчих юм болов уу гээд яваад байдаг. Дийлдэхээ байхаар хүмүүст ханддаг. Болохгүй бол лам багшид очно. Бүр болохгүй бол манайх шиг үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд руу хандана. Эцсийн шат нь цагдаа байдаг. Хохирогчдын туйлын хүсэл зорилго нь хүнээ засаад авчих юм сан, засарчих болов уу, хөндлөнгөөс хэн нэгэн хэлээд ухааруулаад өгөөсэй гэж харж найддаг.
Эцэст нь цагдаад очиж байна. Цагдаа тухайн хүнийг шалгадаг. Гэр бүлийн хүчирхийлэл мөн эсэх, нөхцөл байдал, аюулын зэргийг нь үнэлнэ. Хохирол учруулсан бол Зөрчлийн хуулиар, эсвэл удаа дараа давтагдсан бол Эрүүгийн хуулиар арга хэмжээ аваад яваад өгдөг. Гэтэл энэ нь тухайн гэр бүлд дарамт болоод эргээд ирдэг учраас түүнийг хүсэхгүй байгаа юм. Ингээд нуугаад яваад байдаг. Энэ байдал тойрог маягаар эргэлддэг.
Уураа хянаж чадахгүй гэр бүлийн хүчирхийлэл үйлдлээ, маргааш нь гэмшлээ. Ойлголоо, дахиж ингэхгүй гэж амлана. Тодорхой хугацаанд хуримтлагдаж эхэлнэ. Ингэж хуримтлагдаж байгаад дахиад тэсэрнэ. Энэ тойрог үргэлжлээд байдаг. Үргэлжлэх тусам тойргийн хэмжээ багасаад давтамж нь ойртож эхэлдэг. Тэр хэмжээгээр үхэл амьдралын зааг ойртоно. Хүчирхийлэл гэдэг гэр бүлийн ганц гишүүний асуудал биш, бүх хүнд хамаатай.
- Хохирогчид танайд ханддаг. Та бүхэн ямар тусламж үзүүлж байна?
- Манай байгууллагад өдөрт 5-7 хүн ирж тусламж үйлчилгээ авдаг. Хагас жилийн байдлаар 2,000 гаруй хүн ирсэн байна. Онлайнаар зөвлөгөө авч байна. Чатботод хандаж байна. Хандаж байгаа эмэгтэйчүүдийг харахаар сэтгэл зүйн хувьд маш хүнд дарамт авчихсан байдаг.
Сүүлийн үед дижитал орчин бий болсон учраас онлайнаар дарамтлах байдал нэмэгдсэн. Магадгүй араас нь мөрдөнө. Ухаалаг утастай учраас байнга "location" асаалттай явж байдаг. Эсвэл мөрдөх программ суулгачихсан байдаг ч юм уу. Нэг ёсондоо технологийн хөгжилтэй холбоотойгоор хүчирхийллийн хэлбэрүүд өөрчлөгдөж байна. Амиа хорлохоос өөр аргагүй болтол нь дарамталж байгаа тохиолдол ч байна.
Хохирогч манай төвд хандлаа гэхэд тэр хүн би эрсдэлтэй байна гэвэл бид төв дээрээ авчирч уулзаад үнэлгээ хийгээд шаардлагатай тохиолдолд хамгаалах байранд хүргэж өгдөг. Биедээ гэмтэлтэй байвал эмнэлгийн тусламжид холбоно. Аюулгүй байдлыг нь хангана. Хууль зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлнэ. Боловсролын үйлчилгээтэй ч холбодог. Сэтгэл зүйн зөвлөгөө, өгнө. Энэ бол манай үйлчилгээний суурь нь.
Мянга үйлчилгээ үзүүлээд сэтгэл зүй нь хэвээрээ бол дахиад хүчирхийлэлд өртдөг, түүнийгээ даван туулж чаддаггүй. Нийгмийн халамжийн үйлчилгээ ч бий. Хамтарсан багтай ч ажиллана.
- Хүчирхийллийн нөхцөл байдал манайд ямар байна вэ?
- Хүчирхийллийн нөхцөл байдал Монгол Улсад хүнд байгаа. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл хүнд нөхцөл байдалтай байна. 2016 оноос хойш гэр бүлийн хүчирхийллийн улмаас 100 хүн амь насаа алдсан. Маш олон хүн эрүүл мэндээрээ хохирсон. Энэ бол маш ноцтой судалгаа. Хүчирхийллийн 60 орчим хувь нь согтуугаар үйлдэгддэг.
Гэвч хүчирхийлэлтэй тэмцэж байгаа бодлого хүчирхийллийг таслан зогсоох, хариу арга хэмжээ авахад чиглээд байна. Урьдчилан сэргийлэх, олон нийтийн ойлголт мэдлэг хандлагыг дээшлүүлэх ажлууд ард хоцроод байгаа юм. Урьдчилан сэргийлэх ажил маш сайн явагдаж байж гэр бүлийн хүчирхийлэл буурна.
технологийн хөгжилтэй холбоотойгоор хүчирхийллийн хэлбэрүүд өөрчлөгдөж байна. Амиа хорлохоос өөр аргагүй болтол нь дарамталж байгаа тохиолдол ч байна
Урьдчилан сэргийлэх ажлыг өргөн хүрээний, тактиктай, олон байгууллагыг хамруулж явуулах ёстой юм. Жишээ нь, ААН байгууллагуудын хүүхэд хамгааллын бодлого ил байх, тэд тэр бодлогоо хэрэгжүүлдэг байхаас л эхэлнэ. Ажилчдаа гэр бүлтэйгээ өнгөрөөх цагийг бий болгох байдлаар байгууллага. хувь хүн, бодлого боловсруулагчид харж ажиллавал хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл буурна. Ажлын байрны бэлгийн дарамт, уур хилэнгээ хэрхэн барих тухай гээд яриа, сургалтууд хийх хэрэгтэй.
Түүнээс гадна гэрлэж байгаа хосуудад зориулсан сургалтууд дээр гэхэд "Та хоёр өөр өөр орчноос ирж байгаа хүмүүс, нэг гэр бүл болоод амьдарна. Ойлголцохгүй зүйлс гарна. Үүнийг ийм аргаар шийдэж болдог" гэх мэтээр мэдлэг мэдээллийг нь өгөх ёстой. Ерөнхий боловсролын сургуулиудад ч сурагчдад найз нөхөдтэйгөө яаж харьцах. уураа яаж хянах, хэрэв найз нөхөд чинь хүчирхийлэлд өртсөн байвал хаана, хэнд, яаж мэдээлэх вэ гээд жижиг гэлтгүй мэдлэг мэдээллүүдийг өгөөд явах ёстой.
Хүчирхийлэл дунд өссөн хүүхэд гэр бүл зохиогоод нөгөө л хүчирхийлэл үргэлжилдэг. Хүчирхийллийг даван туулж байгаа улс орнуудын туршлагыг харахаар олон байгууллага зэрэг хариу үйлдэл үзүүлдэг. Боловсролын байгууллага нь ийм бодлого явуулна, энэ бодлогыг эрүүл мэндийн байгууллага нь ингэж дэмжинэ. Хэвлэл мэдээлэл нь ингэж ажиллана гээд цогц төлөвлөгөөтэй, стратегитай явдаг. Ингэж байж үр дүнд хүрдэг.
- Эрчүүд танайд хандах уу?
- Хүчирхийлэл дотроо олон төрөл. Эрчүүдэд түгээмэл тохиолддог хүчирхийлэл бол нийгмээс чи гэр бүлээ авч явах ёстой, чи эр хүн учраас гэдэг тулгалтууд эрчүүдэд хүнд ачаа болж бууж ирдэг. Түүнийгээ барагтаа ярьдаггүй. Гаргахдаа уураар илэрхийлдэг. Ер нь аливаа зүйлийг эв зүйгээр шийдчих ёстой юм шүү гэдэг сургалт манайд байдаггүй. Уур гэдэг мэдрэмж шүү гэдгийг л ойлгуулчих ёстой. Үүнийг нуух шаардлагагүй. Гэр бүлтэйгээ, найз нөхөдтэйгөө ярилцах ёстой.
Манайд хандаж байгаа нийт үйлчлүүлэгчдийн 8-10 хувь нь эрэгтэйчүүд байдаг. Гэхдээ тэдний тодорхой хувь нь хамгаалах байранд ээжийгээ дагаж ирж байгаа 0-15 насны эрэгтэй хүүхдүүд ч орно. Эрчүүд ч бие дааж ирнэ. Тэдний ихэнх нь эдийн засгийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн байдаг. Бие махбодын хүчирхийлэлд өртсөн нь бараг үгүй. Ахмад настнуудад л ажиглагддаг.
- Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх энгийн үйлдэл юу байж болох вэ?
- Үүн дээр хүн бүхний оролцоо чухал. Хүүхэдтэйгээ эв зүйтэй харилцаж. гэр орондоо эерэг сайхан харилцааг бий болгох, хань ижилтэйгээ зөв харилцахаас эхэлмээр байгаа юм. Манайх үнэндээ ёс суртахууны хувьд уналтад орчхоод байна.
Ирээдүйдээ итгэх итгэл байхгүй болчихсон. Уг нь үнэхээр сайхан ирээдүй байж болно, түүнийг бүтээж чадна. Үүндээ итгэлтэй байх хэрэгтэй. Ерөөсөө болохгүй юм чинь, бүтэхгүй гэвэл хэзээ ч гоё сайхан зүйл харагдахгүй. Дэргэдээ байгаа зүйлийнхээ гоё сайхныг олж харж, амьдралаас сайн сайхан зүйлийг мэдрэх хэрэгтэй. Ядаж л хүнтэй инээгээд мэндлэхэд хүний сэтгэл тэнийдэг дээ.
Гэр бүл үүд харилцааны асуудал дээр учир дутагдалтай болчихсон. Бие биенийхээ үгийг хүлээж авдаггүй, хоорондоо ярилцдаггүй. Тэр нь хуримтлагдаж явсаар хүчирхийлэл болж гарч ирээд байдаг.
Ер нь хүчирхийллийн суурь шалтгаан эрх мэдлийн тэнцвэргүй байдалтай холбоотой. Эрх мэдлийн тэнцвэртэй байдлыг бий болгохын тулд эерэг харилцаа, бие биенээ харилцан хүндэтгэхээс эхэлнэ. Гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэргүүдийг жендерт суурилсан хүчирхийлэл буюу эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн төрлүүд гэж үздэг. Энэ дотроосоо түгээмэл нь гэр бүлийн хүчирхийлэл. Гэр бүлийн хүчирхийллийн 80 орчим хувь нь эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл байдаг. Энэ бол тэгш бус. тэнцвэргүй харилцаанаас үүдэлтэй.
Зочин · 2023/11/21
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh