Энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.

Нийгэм: Өвөлтэй зэрэгцээд саарал хот боллоо. Эрх баригчид утаа арилгах нэрээр идсэн мөнгө нь тоомшгүй их. Энэ нь багадсан уу? яасан дараагийн хийх ажлаа танилцуулж "Агаарын бохирдлын эсрэг 25.8 тэрбум төгрөг зарцуулна" хэмээн мэдэгдлээ. Саарал хотоор хэдэн ч тэрбумыг идэв, эрх баригчдын дараагийн ажилтай нь танилц᠎!

ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлалын харьяа 326 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч нас барсан харамсалтай явдал болсон. Тэгвэл энэхүү үйл явдалтай холбогдуулан ЗХЖШ-ын удирдлагууд зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор шийдвэрлэжээ. Хариуцсан цэргийн ангид нь хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдсан, өөрийн эрхэлсэн ажилдаа, хариуцлагагүй хандсан, цэргийн алба хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан тул Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч хурандаа Г.Отгонбаярыг ЗХЖШ-ын даргын шийдвэрээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.  Мөн эрхэлсэн ажил, албандаа хариуцлагагүй хандаж, харьяа цэргийн ангиудад нь сахилгын зөрчил гарч байгаа үндэслэлээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргалыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүргүүлжээ.Түүнчлэн үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Зэвсэгт хүчний 120 дугаар анги дээр Зэвсэгт хүчний Жанжин штабын ажлын хэсэг албаны шалгалтыг явуулж байгаа бөгөөд шалгалтын дүн гармагц тухайн ангийн албан тушаалтнуудад зохих арга хэмжээ авч ажиллахаар болсон гэв.

Нийгэмд нийтийн тээврээр зорчихдоо үнэгүй болно гэх шуум дэгдэж иргэдийг талцуулаад авсан. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нийтийн тээврийн шинэчлэлтийн талаар мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Ирэх нэгдүгээр сарын 1-ээс автобусаар үнэ төлбөргүй зорчдог иргэдийг бүртгэлжүүлнэ. Хүүхэд, ахмад настан, донор, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, цагдаагийн байгууллагын ажилтан гэх мэт иргэдийн картыг шинэчлэн олгох тухай яригдсан. Яг шийдвэр гаргасан зүйл байхгүй.

Зорчилтын хэмжээгээр автобус компаниудад санхүүжилт олгодог байхаар төлөвлөж байна. Мөн өдөрт хязгаарлалтгүйгээр 1000 мянган төгрөгөөр зорчдог байх тооцоолол хийж байгаа. Нийслэл хотын иргэдийн 20 орчим хувь нь автобусаар зорчиж байна гэсэн тооцоолол бий. Нэг өдрийн 1000 төгрөгөөр зорчдог байх тооцоо судалгаа хийж байна. Бүх картын төлбөрийн системийг ашигладаг байх асуудал яригдаж байна" гэлээ. 

Долоо хоногийн төгсгөлд нийгмийг цочирдуулсан үйл явдал боллоо. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 17 хүүхэд цагийн тариагаа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч ухаан алдсан нь олон эцэг, эхчүүдийн санаа сэтгэлийг чилээв. Яармагийн Эх, Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II Эмнэлэгт дөрвөн сартайгаас 12 насны нийт 17 хүүхэд өчигдөр 22.00 цагт тариа хийлгэсний дараагаас бөөлжиж, таталт өгч, улмаар ухаан алдан унасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус эмнэлгийн зүгээс эдгээр хүүхдүүдийн эрүүл мэндийг насанд хүртэл нь хариуцан хянаж ажиллахыг амлаад байна. Н.Цэгмид: 17 хүүхдийг насанд хүртэл нь манай эмнэлэг биеийн байдлыг нь хянахаар эцэг эхчүүдэд амлаад байна

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг "Найман ишигний хэрэг"-ийг сурвалжлах явцдаа шүүхийн байгууллагын нэр хүндэд халдсан хэмээн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс прокурорын байгууллагад гомдол гаргажээ. Хоёр хоногийн өмнө түүнийг гэрчээр дууджээ. Гэтэл өнөөдөр яллагдагчаар татах тогтоол хүргүүлэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын байгууллагын ажилтан Зариг.мн сайтын редакцад иржээ. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Намайг долоон үндэслэлээр шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж, гэрч байснаа шууд яллагдагч болчихлоо

Улстөр: Эрх баригчдын сонгууль угтсан маргалдаанаар, намуудын суудлын төлөөх тэмцэл үргэлжилдэг жамаараа явсаар байна. Гэрээ албан ёсоор бариад авсан АН-ынхан төвхнөх гэж багагүй л юм болж байна. Тэр нь дуусдаггүй. Олон “айл” нийлж нэг гэрт орсон болоод ч тэр үү, эв зүйгээ олох тал дээр учир дутагдалтай явж ирсэн. Юу үнэн, энэ үнэн шүү. 2012 онд арайхийж ялж, засаг барьчихаад жилийн дараа л хөлөө жийлцэж эхэлсэн. Засгаа унагаад, өөр юу юу ч боллоо доо. Тэгээд 2016 онд ялагдсан. Шалтгаан нь шуудайтай үхрийн эвэр шиг байдагтай нь л шууд холбоотой. Энэ нь одоо ч үргэлжилж байна. Уг нь 2023 он гарснаас хойш сүрхий хэлхэлдэж гүйж байгаад намаа босгоод авсан. Хэн нь АН-ын дараагийн дарга болох вэ?!

Дубайн гэрээнээс эхлээд нэг Ерөнхий сайд нь Засгийн газрынхаа танхимд танилцуулалгүй гаднын улсын компанийн гал тогоонд шийдвэрлэсэн. Өнөөдөр ард түмнийхээ нүүрийг харж чадахгүй зугтаж яваа Ч.Сайханбилэгийг эх оронд нь аваад ирэх аавын хүү улстөрд алга. Б.ЭНХБАЯР: Ч.Сайханбилэгийг авч ирэх гээд манай яам өчигдөр АНУ-ын АТГ-ын албаны хүмүүстэй уулзалт хийсэн

Эдийн засаг:  Өрхийн нийгэм,  эдийн  засгийн  судалгааны 2023 оны 3 дугаар улирлын дүнг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Өрхийн сарын дундаж нийт орлого, оны үнээр 2.2сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 431.5 (23.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 237.1 (11.8%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Үүнд цалин хөлсний орлого 365.8  (41.9%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.  Улсын дунджаар өрхийн сарын  дундаж  мөнгөн орлогод цалин хөлсний орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 6.3 нэгж хувиар, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл,  үйлчилгээний орлогын  эзлэх  хувь 0.1 нэгж хувиар нэмэгдэж, харин тэтгэвэр, тэтгэмжийн  орлогын  эзлэх  хувь 1.7 нэгж хувиар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн  орлогын  эзлэх хувь 2.5 нэгж  хувиар,бусад орлогын  эзлэх  хувь 2.2 нэгж хувиар буурсан байна. 500 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 56.7 мянгаар буурчээ.

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2023 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 500.0 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 56.7 мянгаар, 700.0-900.0  мянган  төгрөгийн  орлоготой  өрх 11.9 мянгаар, 900.0-1100.0  мянган төгрөгийн  орлоготой  өрх 25.5 мянгаар,  1.1-1.6  сая  төгрөгийн  орлоготой  өрх 7.9 мянгаар буурсан. Харин 500.0-700.0 мянган төгрөгийн орлоготой өрх 1.2 мянгаар, 1.6-2.1 сая төгрөгийн орлоготой өрх 5.0 мянгаар, 2.1-3.0 сая төгрөгийн орлоготой өрх 47.5 мянгаар, 3.0 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 96.0 мянгаар тус тус нэмэгдсэн байна.

61 компанийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд нэмж байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн. Тендерт орох эрхээ хязгаарлуулж, хар жагсаалтад орсон 61 компанийг зарлалаа

Соёл урлаг: Соёлын сайд Ч.Номин Британийн Парламентын Нийтийн танхимын Соёл, дижитал, спортын хорооны дарга Кэйролайн Диненажин болон Сүүдрийн Засгийн газрын Ази-Номохон далайн асуудал хариуцсан сайд Кэтрин Вэст нартай уулзаж, соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Энэхүү уулзалтын үеэр Соёлын сайд Ч.Номин Монгол Улсын Засгийн газраас соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих талаар баримталж буй бодлогоо танилцуулж, энэ хүрээнд Лондон хотноо “Монгол хаан” жүжиг тоглогдож буй талаар мэдээлэл өгч, цаашид кино урлагийн салбарт хамтран ажиллах нөөц бололцоо байгаа талаар ярилцлаа.

Мөн Лондонгийн Эзэн хааны Урлагийн академитай хамтран Монголын Эзэнт гүрний нөлөөгөөр бий болсон урлагийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргах асуудал болоод Кэмбрижийн их сургуультай Чингис хаан судлалыг хөгжүүлэх чиглэлээр судлаачдад олгох судалгааны грантыг шинээр бий болгох тухай санамж бичиг байгуулах гэж буй талаараа мэдээллээ.

Түүнчлэн Монгол Улсын Соёлын яамнаас хилийн чанадад хадгалагдаж буй соёлын өвөө буцаан авах, байнгын үзэсгэлэн гаргах болон чанартай хуулбарыг авахаар олон улстай хамтарч ажиллаж буйг дурдаад энэхүү асуудалд Британийн талтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Уулзалтаар яригдсан асуудал болоод соёлын харилцааг хөгжүүлэх чиглэлээр Британийн талаас хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Мөн  Сайд Кэтрин Монгол Улсад ойрын хугацаанд очихоор төлөвлөж буйгаа мэдээллээ.