Өвлийн хүйтэнтэй зэрэгцээд Нийслэл хотод болж бүтэж байгаа юм алга. Хэдэн төр барьж буй амьгүй албатууд нь амьдралд нийцэлтэй ганц ч шийвэр онож гаргасангүй. Гадаа -33 градусын хүйтэн байна. Иргэд нийтийн тээвэртээ багтахгүй чихэлдэж, үлдсэн хэд нь дараагийн автобус ирэхийг хүлээж даарч зогсоно.

Х.Нямбаатар “Нийслэлийн бүтэц, бүрэлдэхүүнийг нэн тэргүүнд өөрчлөх ёстой. Би гурван цаг гаруй хугацаанд Ерөнхий сайдаас нийслэлд авах арга хэмжээний талаар зөвлөгөө авсан. Би Б.Дэлгэрсайхан гишүүнтэй хоёр парламентад тохой зэрэгцэн сууж байна. Б.Дэлгэрсайхан бид хоёр  Засгийн газрын тэргүүний саналыг хүндэтгэлтэй хүлээж авсан. Засгийн газрын шийдвэрээр газар олголтыг зогсоочихсон байгаа. Худалдан авалттай холбоотой асуудлыг нэн тэргүүнд цэглэх ёстой. Давс мэт шорвог, гашуун шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлыг Бүрэн эрхт төлөөлөгчийн хэлбэрээр хийж болохгүй. Яам бүхэн нийслэлд онцгой ач холбогдол өгч аливаа асуудлыг нийслэлтэй уяж ажиллах ёстой” хэмээн хотын даргад яригдаж эхлэнгүүтээ ийн ярьсан байдаг. 

Тэр хотын даргын албан тушаалыг аваад гурван сарын ч нүүрийг үзээгүй байгаа түүний амьдралгүй шорвог шийдвэрт иргэд бухимдаж байна. Нийтийн тээврийг нэмэгдүүлэх ажлаа хийж гүйцэтгээгүй байж иргэдийг хүйтнээр...Нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэд аль намраас хойш их алхалтыг хийж ирсэн. Тэд автобусандаа багтаж сууж чадахгүй, хамгийн багадаа 30 минут хүлээнэ. Тэгээд дараагийн автобусандаа суух гэхээр бас л пиг дүүрэн хүнтэй ирнэ. Ингээд алхахаас өөр сонголтгүй үлдэж байлаа. Гэтэл өвлийн хүйтэнд яаж хэдэн автобусны буудал хүрнэ гэж алхах вэ? Хүний эрүүл мэнд цаашлаад амь нас эндвэл яах вэ?  

Дугаарын хязгаарлалтыг ирэх оны хоёрдугаар сарын 01-ны өдрийг хүртэл хэрэгжүүлнэ гэх шийдвэр үнэхээр цагаа олсонгүй ээ. Энэ бол түгжрэлийг бууруулах шийдэл биш. Сурагчдын амралт таарчихсан энэ цаг үед тэг зогсолт дахиж тохиохгүй нь ойлгомжтой байсан. Мөн шатахууны олдоц хэвийн болоогүй байгаа юм. Энэ үед гадаа такси олдохгүй байгаагаас гадна үйлчилгээнд явах шатахуунтай жолооч ч ховордсон.

Нийтийн тээврийн асуудлыг шийдэхээр тендер зарласан ч Хятад улсаас авахаар болсон.  Энэ талаараа, Тэрбээр "Хятад автобус төгс биш гэх юм. Хуулийн дагуу олон улсын нээлттэй тендер зарлахад хятад компаниуд оролцож байна.

Европоос автобус авах гээд үнийн санал авахад бидний багад явдаг байсан Чех улсын Каросо автобус өөр нэртэй болоод нэг тэрбум төгрөгийн үнэтэй болжээ. "Мерседес бенз" үйлдвэрийн нийтийн тээврийн автобус 1.2 тэрбум төгрөгийн үнэтэй байна.  "Мерседес бенз"-ийн нэг ширхэг автобус авах уу, Хятадын шинэ автобус таван ширхгийг авах уу гэдэг нь тендерийн хуулиар шууд шийдэгдэж байгаа юм" гэсэн. 

Өнөөдрийг хүртэл шийдэлд хүрээгүй байж иргэдийг нийтийн тээвэртээ багтахгүй хэцүү байгааг мэдэрсээр байж ингэж үй олноор нь багширалдуулж хувийн унааг нь хорих хэнд ашигтай байв. Нөгөөтэйгүүр, урин дулаан үед машины дугаарын хязгаарлалтаа хийгээд өвлийн ид хүйтэн тачигнасан үед хийх хэрэггүй байсан юм. Олон хүний амьдрал ахуй цаашлаад өрхийн орлого, санхүүд нөлөөлж байна. Үгүй ядаж нийтийн тээвэртээ багталцаад суугаад явчих хэмжээний үйлчилгээнд нэвтрүүлчихээд хорьж, цагдаж болоогүй юм уу?