Баярын ширээ засахад өргөн хэрэглэдэг бараа, бүтээгдэхүүний үнэ 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар 2020 оны жилийн дундаж үетэй харьцуулахад 53.8 хувиар өсчээ. Улаанбаатар хотод 2023 оны арванхоёрдугаар сарын 18-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өмнөх сараас 1.1 хувь, өмнөх долоо хоногоос 0.8 хувиар тус тус өссөн байна.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны арваннэгдүгээр сарын үзүүлэлтийг ҮСХ-ноос өнгөрсөн долоо хоногт /2023.12.15/ танилцуулсан. Энэ үеэр Мөнгө, санхүү үйлчилгээний статистикийн хэлтсийн дарга Л.Энхбаатар статистик мэдээлэл танилцуулахдаа "Энэ оны арваннэгдүгээр сард инфляци 8.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 5.9 нэгж хувиар буурсан байна. Өмнөх жилийн эцсээс 7.5 хувиар, өмнөх сараас 0.8 хувиар өссөн байна. Инфляцийн түвшин дэх нөлөөллийг авч үзвэл 8.6 хувь гарсны 3.6 нэгж хувь нь ундаа, усны бараа, 0.9 нэгж нь хувцас, бөс бараа, гутлын бүлэг, 0.5 хувь нь эм тариа, эмнэлгийн үйлчилгээ, 0.8 нэгж хувь нь боловсролын үйлчилгээний өсөлт голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа үйлчилгээний сагсанд 410 төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг судалдаг. Үүнээс 221 нь импортын бараа бүтээгдэхүүн байгаа бөгөөд нийт жингийн 46 хувийг эзэлж байна.

Импортын барааны үнэ 36 хувиар өссөн нь инфляцид 3.1 нэгж хувиар нөлөөлсөн байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2023 оны гуравдугаар улирлын байдлаар 50.4 мянган аж ахуйн нэгж байгууллагын 768 мянган ажилчид хамрагдсан. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн аж ахуйн нэгж байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 3.6 хувиар өссөн. Өмнөх улирлаас 0.7 хувиар өссөн. Ажиллагсадын тоо өмнөх оны мөн үеэс 1.7 хувь, өмнөх улирлаас 1.4 хувиар өссөн байна. НДЕГ-ын тайланд хамрагдсан 768 мянган ажилчдын нэг сарын дундаж цалин 1.6 сая төгрөгт хүрсэн байна. Голч цалин өмнөх оны мөн үеэс 399 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 121.2 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2023 оны гуравдугаар улиралд хоёр сая төгрөг болж, өмнөх оноос 431.6 мянга, өмнөх улирлаас 119.3 төгрөгөөр тус тус нэмэгдсэн" гэдгийг хэлж байв.