Х.Тэмүүжин: Сурталчилгааны 14 хоногт танигдах гэж санал гуйж явдаг хүнийг улстөрч гэдэггүй
2024/01/03
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Энэ оны сонгууль тойрог болон намын жагсаалтаар явагдана. Тэр дундаа тойрог нь бүсчилсэн хэлбэрээр явахаар боллоо. Үүний давуу болон сул талыг хэрхэн харж байна вэ?
-Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна гээд шийдчихсэн. Намын жагсаалтаар 48 хүн, үлдсэн 78 нь тойргийн тогтолцоогоор явахаар Үндсэн хуульд нэмэлт оруулсан. Харин тойргийн систем дээр өмнө нь туршиж үзээгүй буюу илүү олон мандаттай, бүсчилсэн хэлбэрээр явуулахаар боллоо. Улаанбаатар хотын хувьд бүсчлэл нэг их явагдсангүй. Баянзүрх, Сонгинохайрхан хоёрыг жаахан томруулаад Чингэлтэй, Сүхбаатар гэсэн хоёр дүүргийг нэгтгэлээ. Улс орны хувьд бүсчилсэн сонгуулийн тогтолцоо цаашдаа тогтвортой хадгалагдаж чадвал гурван зүйл сайжрах байх гэсэн хүлээлт байна.
-Ямар гурван зүйл билээ?
–Нэгдүгээрт, жалга довны гэж ярьдаг, тодорхой нэг аймаг, сумыг хувьчилж авах шахам болчихоод түүндээ таарсан популизм хийгээд суугаад байдаг. Эсвэл худалдан авалт хийж өөрийгөө жижиг тойргоос байнга тогтвортойгоор эрх мэдэлтэй байлгадаг явдал багасах байх. Улс төрийн хувьд жалга довоос хальсан арай том сэдвүүд яригдана. Улстөрчид чинь олон нийтийн санаа бодлыг дагаж хөдөлж байдаг жижигхэн амьтад шүү дээ. Бүсийнхээ хэмжээний асуудлыг ярихгүй бол том тогоонд живнэ гэсэн айдас нь ноёлоод эхэлбэл Монгол Улсын хэмжээнд 3-4 аймгийг нэгтгэсэн төсвийн хуваарилалт, нийтлэг асуудал, ашиг сонирхлыг уясан улс төрийн бодлого гарч ирэх байх гэсэн хүлээлт байна. Хоёрдугаарт, хуучин сонгуулиар хувь хүмүүсийг хувь хүн төлөөлдөг байлаа. Тухайн хүний ааш аягаас хамаарч төлөөллийн зарчим хэрэгждэг. Ууртай, атгаг, эсхүл шуналтай байх юм бол тэр хүний л бодлого болж хувирдаг байсан. Харин бүсчлээд томруулчихаар нэг зүйл өөрчлөгдөнө. Тэр нь хувь хүмүүсээс давсан бүлэг, зохион байгуулалтын зарчим руу орох байх. Нэг тойрогт 10 мандаттай гэхээр ганцаараа мундаг байх боломжгүй болж эхэлнэ гэсэн үг. Ядаж дөрөв нь нийлж байж бүс нутгийнхаа хэмжээнд ажил хийх бололцоотой болно. Тэгэхээр ямар ч байсан багаараа, зохион байгуулалттай гэдэг үгийн ард сонгууль тогтвортой явах юм бол 1-2 сонгуулийн дараа институцээрээ гэдэг ойлголт явж эхэлнэ. Тиймээс ялалт, амжилт нь хувь хүнд хувьчлагддаг байсан улстөрчдийн ааш аяг багасаад хэн илүү зохион байгуулалттай, багаар ажиллаж чадсан, тогтвортой санах ойтой байгаа нь интитуцчлэгдэж, намууд төлөвших байх гэж харж байна. Намууд сахилга баттай, зохион байгуулалттай, хариуцлага өндөртэй болох болов уу.
Гуравдугаарт, манайх засаг захиргааны нэгжээрээ жижгэрч, бүх юм хаа гуяа раа хуваагдсан, бутархай хагархай цонх шиг болчихсон бодлого засаглал бүсийн хөгжил дээрээ тулгуурлан улс орны хэмжээний зав сар дундын бодлогууд гарч ца вууны үүрэг гүйцэтгэснээр нэгдмэл улсын шинж рүүгээ ойртох биз. Тэртээ 1996, 1998 оны үед бүсчилсэн хөгжлийн яриа их гарч байсан. Зөвлөлт маягийн хагархай цонхны бодлоготой, хэт жижгэрсэн нэгжтэй түүхий эдийн бааз байх уу. Эсвэл онцлогуудаа харсан бүсийн хөгжлийн бодлогыг гаргах уу гэдэг асуултад бодитой хариу, шийдэл ярина.
-Энэ сонгуулийн тойргийг бүсчлээд томсгосон. Гэтэл сурталчилгааны хоног нь 14. Мөн цаасан хэвлэл, сурталчилгааны материалынх нь хувь хэмжээг багасгасан. Энэ нь сонгогчдодоо өөрийгөө бүрэн таниулж, сурталчилгаагаа хийж чадахгүй байдал бий болно гэж үзэх хэсэг байна?
Тийм зүйл болох л байх. Гэхдээ нэг зарчим байгаа. Хэрэв урт хугацаандаа, цаад уг үндэстээ юу чухал вэ гэдгээ бодвол улс төр гэдэг чинь 14 хоногийн зүйл биш. Улс төр бол бодлогын болон үзэл санааны асуудал. Энэ улс орны одоогийн нөхцөл байдал чинь болж байгаа юм уу, болохгүй байгаа юм уу. Болоогүй гэж үзэж байгаа бол яаж өөрчлөх юм, юунд хүрэх юм. Ингэхийн тулд ямар зам, зарчмаар өөрчлөлт хийх вэ гэдгийг ярина. Энэ яриаг асуудлаа мэдэрсэн мэдсэн тэр цаг үе бүрдээ ярьж байх ёстой. Бодлого, үзэл санааг 14 хоногт таниулж угаасаа амжихгүй. Тийм болохоор улс төр гэдэг 14 хоногт танигдах гэж, санал гуйж яваа хүний яриа огт биш. Улстөрч асуудал байгаа, болохгүй байгаа тэр цэг, тэр цагаас эхлээд асуудлыг ингэж шийдэж, өөрчлөх хэрэгтэй гээд дуу хоолойгоо гаргаж, тэмцэж яваа процессыг хэлж байгаа. Энэ процесс өдөр бүр, жил, жилээр явагддаг. Зарим бодлого зөвхөн дөрвөн жилээр хэмжигдэхгүй. Гурван сар, эсвэл 12 жилийн дараа бодлогын үр дүн, нөлөө гарч болно. Тиймээс энэ бүхнээ тооцож улстөрчид улс төрөө хийж, бодлогоо амь оруулж байх ёстой. Харин манай улстөрчид, бодлого тодорхойлогч, үзэл санааны түүчээ, өөрчлөлт хийгч гэхээсээ илүү сонгуулийн хугацаанд сонгогчдоо худалдаж авдаг, өөрийгөө магтдаг, санал гуйдаг нөхөд байгаад байна. Сурталчилгааны 14 хоногоос бусад үед дарга байдаг, сонгогчдоосоо алс бай даг, асуудлаас хол байдаг улс төр бол зөв биш. Үүнийг өөрчлөх ёстой. Сонгуулийн үе гэдэг чинь иргэд саналаа өгч, сонголтоо хийхэд зориулсан техник ажиллагааны л өдөр. Харин сонголт бол жилийн өмнө, сарын өмнө хийгддэг. Өөрийнх нь итгэл үнэмшлийг нухчин дарж, шоронд хориод л байх юм бол тэр нь хэзээ болсон, тэр өдрөөс л сонголт хийгдчихсэн байдаг. Иргэд сонгуулийн өдөр ирж сонголтоо баталгаажуулдаг.
Б.ЭНХБАЯР УИХ-ЫН НЭРЭЭР ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ДААЛГАВАР ӨГӨХ БОЛЧИХООД БАЙНА
-Өнгөрсөн оны төгсгөлд Нүүрсний хулгайн асуудлаар сонсгол хийлээ. Тэгвэл цаашдаа яах ёстой юм бэ. Чи хулгайч, би хулгайч гээд өнгөрөх юм уу. Эсвэл яригдсан мэдээллүүд дээр тулгуурлан мөрдөн шалгах ажиллагаа явагдах уу?
Нээлттэй сонсгол хийсэн нь нэг том дэвшил. Өмнө нь үнэн, худлаа нь мэдэгдэхгүй, хувь хүмүүсийн хооронд ам дамжсан ярианууд явдаг байсан. Гэтэл ийм ярианууд албан ёсоор УИХ дээр, сонсголын хэлбэрээр гарч ирлээ. Шинжээчид, зарим албан тушаалтан, гэрчийн мэдүүлэг, баримт бичгүүдээр энэ бүхэн илэрлээ. Тэгэхээр одоо хов живийн байдлаар ярихгүй. Энэ бол албан ёсоор гарч ирсэн мэдээллүүд. Гэхдээ эрх баригчид хэдэн зүйлийг дутуу хийгээд байна. Парламентын нээлттэй сонсгол гэдэг бол мэдээлэл авахад зориулагдсан хэсэг. Авсан мэдээлэл дээрээ тулгуурлан дүн шинжилгээ хийж, бодлого гаргах ёстой. УИХ нь Монгол Улсын төрийн дээд эрх мэдлийг атгадаг, хууль тогтоодог, шийдвэр гаргадаг байгууллага. Тэгэхээр энэ институц чинь өөрөө ажлаа хийх ёстой. Хөгжлийн банкны сонсгол хийсэн. Үүнтэй холбоотойгоор шийдвэр гарсан уу. Ёстой нөгөө найз нөхөд буу халаад сууж байгаа юм шиг болоод дуусчихдаг бол энэ ажил ерөөсөө биш. Сонсголын ар дээр бодлого нь юу байсан. Алдаатай байсан бол зассан уу. Хууль, эрх зүйн орчин нь болхи байсан бол сайжруулсан уу. Засгийн газар гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд алдаа завхрал байсан бол түүнийг залруулах алхмууд хийсэн юм уу. Ядаж улс төрийн, захиргааны хариуцлага буруутай этгээдүүдэд тооцсон уу зэрэг бүх асуудлыг УИХ шийдэх, хянах, үүрэг даалгавар өгөх эрх мэдэлтэй байгууллага байхгүй юу. Ийм байгууллагын хувьд Хөгжлийн банкны болон Нүүрсний сонсголын дараа ямар шийдвэрүүд гарах юм бэ. Хууль зүйн байнгын хороо нь хуралдах уу, Засгийн газарт үүрэг чиглэл өгөх үү. Хуулийн орчин өөрчлөх үү. Нотлох баримтын хүрээнд гэмт хэргийн шинжтэй асуудал хөндөгдөж байгаа бол хуулийн байгууллагуудад шилжүүлэх үү гэсэн асуултууд одоо хүлээгдэж байна. Хөгжлийн банкны асуудал дээр дээрх зүйлс яригдсангүй. Сонссон, тэгээд л дуусчихсан. Дараа нь эрх мэдэл бүхий байгууллагууд нь ямар шийдвэр гаргасан. Ямар үйл ажиллагаа явуулсан гээд үзэхээр юу ч байхгүй. Мөн нээлттэй сонсгол зохион байгуулж байгаа бол сонсголын хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг чинь Засгийн газарт өөрт байгаа шүү дээ. Гэмт хэргийн шинжтэй мэдээлэл, үйлдэл, тэр тусмаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хангалттай их мэдээлэл ил боллоо. Яг үүний араас Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийнхээ хүрээнд ажил хийсэн үү. Түүнээс биш нээлттэй сонсгол боллоо гээд бүгд эрх мэдэлгүй иргэд шигээ хүлээгээд, хараад суудаг байж болохгүй. Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн хувьд яллах буюу прокурорын чиг үүргээс бусад нь Засгийн газарт бий. Дэлхийн улс орнуудад прокурорын чиг үүрэг нь ч гэсэн гүйцэтгэх эрх мэдлийн нэг хэсэг байдаг.
-Нээлттэй сонсголыг ХЗДХ-ийн сайд ахалсан нь зөрчил үүсгэж байгаа гэсэн яриа байсан?
Үүн дээр зөрчил гарч байгаа. Ер нь парламентын хяналт, шалгалтыг Засгийн газрыг төлөөлдөг хүн хийж болохгүй. Ард нь сонирхлын зөрчил үүсдэг. Парламент хяналт, шалгалтаа хийгээд Засгийн газарт үүрэг даалгавар өгөх ёстой. Гэтэл одоо ХЗДХ-ийн сайд нь өөрөө өөртөө даалгавар өгөх юм уу. Ийм асуудал үүснэ. Эрх мэдлийн хуваари лалтын чинь тэнцвэр энд алдагдаж байна. Засгийн газар манлайлаад УИХ-ын нээлттэй сонсголыг хийж, хулгайтай тэмцье гэж байгааг улс төрийн хувьд хүсэл эрмэлзэлтэй байна гэж харж болно. Гэхдээ яг үнэндээ Б.Энхбаяр гэдэг хүн УИХ-ын нэрээр өөрөө өөртөө даалгавар өгөх хэмжээний юм болох гээд байгаа юм. Үүнийхээ сонирхлын зөрчлийг яаж шийдэх вэ гэдэг хууль зүйн шийдэл олох л байх. Гэвч Монгол Улсад парламент гэж байгаа л юм бол Засгийн газартаа үүрэг чиглэл өгөхөөс өөр аргагүй. Өгөөд зогсохгүй ажлаа яаж хийж байгаад нь хяналт тавьж л таарна. УИХ-ын дарга Г.Занданшатар Засгийн газарт өгөх гэж байгаа үүрэг даалгавраа Хууль зүйн байнгын хороогоор хэрхэн гаргах вэ гэдгээ бодох ёстой. Энэ зургаахан сарын дотор эд нар энэ бүхнийг хийж чадахгүй байх л даа. Ядаж Хөгжлийн банкны асуудалд энэ бүхэн хийгдсэн бол өдийд ийм даалгавар өгөгдсөн, ингэж ажилласан гэдэг тайланг нь шаардаж, дахин сонсгол явуулж байх ёстой байсан юм. Түүнээс биш пиар маягаар олон нийтийн дунд пүү, паа болгочихоод хэн ч ажил хийдэггүй, мартчихдаг, хов ярианы сэдэв төдий болоод өнгөрчихдөг байж болохгүй. Ийм байвал гудамжинд иргэд хов ярих, Төрийн ордонд сонсгол нэрээр хов ярих хоёр ямар ч ялгаагүй.
-Мөрдөн шалгах ажиллагаа явуулах, шүүх дээр асуудлыг шийдэх дээр юу хэлэх вэ?
Ганцхан зүйлд нь үүрэг даалгавар өгч чадахгүй, бас болохгүй. Тэр нь шүүх эрх мэдэл. Түүнээс биш авлигатай тэмцэхийн тулд Хууль зүйн сайд дээрээ эрх мэдлийг яаж төвлөрүүлнэ үү. Авлигал, нүүрсний асуудалд зориулсан мөрдөн шалгах хэдэн ажлын хэсэг гаргах, тусгайлсан агентлаг байгуулах эсэх нь гүйцэтгэх эрх мэдлийн л асуудал. Харин шүүх дээр ирэхэд хүн бүр эрх тэгш. Тусгай шүүх байгуулахгүй. Авлигын хэрэг байна уу, хулгайн хэрэг байна уу гэдгээс үл хамааран нэг хуулийн зарчмаар шүүн таслах ажиллагаа явна. Ингэхийн тулд л эрх мэдлийг хуваарилж, шүүхийг бие даалгаж байгаа юм. Хууль тогтоох эрх мэдэл нь сонсголоо хийлээ, мэдээллийг ил болгож байна, асуудалгүй. Гүйцэтгэх эрх мэдэл нь гэмт хэрэгтэйгээ тэмцэж байна, асуудлыг мухарлах гэж оролдож байна. Шүүх эрх мэдэл нь аль нэг талд орохгүй, хөндлөнгийн бие даасан байдлаар гэм бурууг шийднэ. Энэ зарчмаа л бид мөрдүүлнэ. Түүнээс биш гэмт хэрэгтэй тэмцэж байгаа учраас бидэнд шүүх эрх мэдлийг өг. Бидний хүслээр шүүх эрх мэдэл ажиллаж байх ёстой. Бидний боогоод тавьсан хэргийг нүдээ аниад алхаа тогшоод яллаж бай гэж бодож байгаа бол эрх мэдэл хуваарилах зарчим, Үндсэн хуулийн гол үзэл санааг зөрчих хэмжээний санаачилга.
ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛДАГГҮЙ БОЛЪЁ ГЭДЭГ ХУУЛИЙГ Д.ДОРЛИГЖАВ ӨРГӨН БАРЬСАН
-Эрх баригчид авлигын бие даасан шүүх байгуулах тухай ярьж байсан шүү дээ?
Хоёр зүйлийг бид ялгаж, зааглаж харах ёстой. Нэгдүгээрт, авлигын дагнасан шүүх байгуулсан улс орнууд ямар улс байгааг харах хэрэгтэй. Ийм дагнасан шүүх байгуулсан улсуудыг харахад манайх жишиг болгоод, үлгэр дуурайл авах хэмжээний улсууд огт биш байна. Харин ч хөгжлөөрөө манай хойно явж байгаа, дээрээс нь нөгөө манай улстөрчид иргэдээ “улны” гэдэг шиг улсаа улны болгочихсон, өөрсдөдөө дүн тавьж авлигын дагнасан шүүх байгуулж, асуудлыг шийдэх гэж оролдсон зүйл анзаарагдаж байна. Гэвч харамсалтай нь бараг бүгд үр дүнд хүрээгүй байна. Харин ч эсрэгээрээ энэ нь авлигач улстөрчдийнх нь эрх мэдлээ хадгалж үлдэх хэрэгсэл болж хувирсан байна. Өөрөөр хэлбэл, эрх мэдэлтэй хэсэг нь түүнийгээ илүү удаан хадгалахын тулд өрсөлдөгчөө намнадаг зүйл болж. Тэгэхээр бид хууль засагладаг, хүний эрхийг хамгаалдаг улс болох гэж зорьж байгаа бол ийм сонголт хийж болохгүйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Авлигын шүүх байгуулъя гэдэг санаачилга гаргаж байгаа хүмүүс бол улс орноо бодит байдал дээр ийм хэмжээнд аваачлаа гэж өөрсдөдөө дүн тавьж байгаа хэрэг. Харин авлигатай тэмцэх гэж оролдож байгаа, хүний эрхийг хамгаалдаг, хуулийн засаглалыг тогтоох гэж хичээдэг улс орнууд авлигын дагнасан мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагыг байгуулж, мэргэшүүлээд, шүүхийг тусгайлан байгуулж болохгүй гэсэн зарчим барьж байна. Шүүх бол нийтлэг байх ёстой. Манай шүүгчид жирийн хулгайн хэрэг, авлигын хэрэг гээд алийг нь ч шийдэх ур чадвартай. Иргэдийг муу, дарга нарыг сайн шүүгч шүүнэ гэсэн тэнэг дүрэм зохиож болохгүй. Тусгай шүүхийн асуудал ярих бус шүүхийн процесс нь ямар ч хэргийг хүн хэлмэгдүүлэхгүй, хуулиас гадуур шийдэхгүй, хүний эрхийг хохироохгүй, нотлох баримтыг гээгдүүлэхгүй, ял завшуулахгүй, эрүүл саруул дүрмээр улс орнууд асуудлаа шийдэж байна. Түүнээс бус Засгийн газрын үгээр шийдвэр гаргаж байх ёстой, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд хэдхэн шүүгч, тодорхой зорилготой шүүх байх хэрэгтэй гэж ярихгүй байна. Харин мөрдөн шалгах чиг үүргээ яаж л бол яаж зохион байгуулаад үр ашигтай ажиллах нь гүйцэтгэх эрх мэдлийн эрх хэмжээний асуудал. Гол нь мөрдөн шалгах ажиллагаа нь хуулийн шаардлага л хангасан байх ёстой. Шүүх хуулийнхаа шаардлагыг л барина. Та нарын хэчнээн их төсөв мөнгө зарж, хэдэн хүнийг мэргэшүүлж, тусгай эрх өгөх чинь гол биш. Шүүх наадуулаас чинь ангид, бие даасан, хөндлөнгийн байж шударга ажиллана. Гэтэл манайхан эсрэгээр нь яваад байна. Мөрдөн шалгах байгууллага нь хүний эрхийг зөрчиж байна. Аль болох хорьж цагдах гэж оролдож, нотлогдоогүй зүйлийг хэвлэлээр сэвж байгаад нотолсон юм шиг олон нийтэд ойлгуулж, харлуулна. Өөрийг нь хорьж байгаад гэр бүлээр нь оролдож, нотлуулах гэж оролдоно. Голчлон вишинскийн арга гэх өөрөөр нь нотлуулж, өөрийг нь яллах аргаар шийдэх гэж зүтгэнэ. Ийм аргаар шийдэх гэж оролдохоор шүүх дээр очоод унана. Муу ч сайн ч шүүх нь ардчилсан хууль барьж ажиллаж байгаа шүү дээ. Хэчнээн муу шүүгч байсан ч гэсэн цагаан дээр хараар биччихсэн хуулийн заалтыг зөрчсөн байвал нүдээ аниад алхаа цохиж чадахгүй. Ийм байж дараа нь шүүх бидний хүслээр гэмт хэрэгтнүүдийг шийдэж өгөхгүй байна гэж яриад шүүхээ өөрийн болгож авах гэж оролдвол шударга ёс ерөөсөө биш. Энэ өнцгийг нь бид харах ёстой. Тэгэхээр Засгийн газар шүүх рүү дайрч байгаа гол цэг нь юу вэ гэхээр өөрсдийнхөө алдааг алдаа гэж үзэхгүй байна. Өөрсдийнхөө мөрдөн шалгах арга ажиллагааг хоцрогдсон гэж хүлээн зөвшөөрдөггүй. Цагдаа, мөрдөгчийн арга барилаа өөрчлөөгүйд л байна.
-Хуулийн сайд байх үедээ та салбартаа шинэчлэл хийх гэж нэлээд оролдсон. Одоо тэгвэл энэ салбар яг ямар байна вэ. Таны хүсч, зорьж байсан шинэчлэлүүд ер нь хийгдсэн үү?
Нэг нь ч хийгдээгүй шүү дээ. Хуулийн салбар тэр дундаа прокурор, мөрдөн шалгах байгууллага нь соц үеэрээ байгаа гэдгээ бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Салбарт өөрчлөлт хийх гэж оролдсон 2012-2015 оны хоорондын үйл явц бол яг бодитойгоор 10 хувь нь л үлдсэнээс 90 хувь нь бүрэн нурсан. Нураах ажлыг манай намынхан ч, МАН-ынхан ч хийсэн. Д.Дорлигжав гэдэг хүн Хууль зүйн сайд болсныхоо дараа хамгийн эхэнд Тахарын албыг татан буулгая гэдэг хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ чинь Тахарын албандаа биш юм. Гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоондоо байсан. Тиймээс гэрч, хохирогчийг хамгаалдаггүй болъё гэдэг хуулийг л өргөн барьсан хүн шүү дээ. Ийм санаачилга гэмт хэрэгтнүүдээс л гардаг юм. Цаад гэмт хэрэгтнүүд чинь өөрийнх нь хууль бус үйлдлийг гэрчлэх, өөрөөс нь болж хохирсон хүмүүсийн дуу хоолойг хорьчих юм бол хэн ч өөрийг нь гэмт хэрэгтэн гэж хэлэхгүй гэж харанхуйгаар итгэдэг байхгүй юу.
-Хуулийн салбарт хамгийн том шинэчлэл хаана хийгдэх ёстой вэ?
Хэдхэн шүүгчийг солиод юу ч өөрчлөгдөхгүй. Ядаж иргэдтэйгээ өдөр тутам уулзаж, эрх мэдлээрээ иргэдийнхээ эрх, эрх чөлөө рүү орж ирдэг тэр хэсгийнхээ зохицуулалтыг сайжруулж, засах ёстой. Цагдаа, прокурор, шүүгч, өмгөөлөгч бүгд цогцоороо өөрчлөгдөж байж сайжирна. Дээр нь эдгээр хүмүүсийн хэрэглэж байгаа хуулиудыг дахиад сайжруулах хэрэгтэй. Хуулийг сайжруулна гэдэг чинь хууль тогтоогчдынхаа чанарыг дээшлүүл гэсэн үг. Чанаргүй хууль тогтоох үйл явц явагдаад л байх юм бол хэчнээн сайн хүмүүс байсан ч хууль буруу учраас буруу л хэрэглэгдэнэ. Нөгөө талаасаа ямар ч сайн хууль байгаад хүн нь буруу бол буруу л хэрэглэнэ. Тэгэхээр өгөгдлүүд нь талбар дээрээ томоороо байж л байгаа. Мөн энэ салбарт байшин барилгаас эхлээд зөндөө асуудал бий. Шүүх хурал хийж байгаа танхимаа аваад үз. Шүүхийн байшингийн барилга 2013 онд эхэлсэн ч гэсэн одоо хүртэл дуусаагүй, 2015 оноос хойш хөрөнгө оруулалт огт нэмж тавиагүй сууж л байна. Тэгэхээр хуулийн салбарын шинэтгэл гэдэг хууль тогтоомж, арга барил, боловсрол мэдлэг, хувь хүн, дэд бүтцийг өөрчлөх гээд 10аад зүйлээс бүрдсэн цогц зүйл. Нэг, хоёрхон зүйлийг нь өөрчилсөн болж харагдаад үр дүн гарахгүй. Яг цаг шиг, бүх араа, эрэг шураг нь таарч байж зөв заана. Түүнээс биш ганц том арааг нь алтаар хийгээд ч нэмэргүй.
-Байцаалт авч болохгүй хүмүүсийн жагсаалт байдаг гэсэн. Үүн дээр аливаа гэмт хэргийг эрэн сурвалжилж, шүгэл үлээсэн сэтгүүлчийг энэ жагсаалтад нэмж оруулж болохгүй юу?
Сэтгүүлчдэд тусдаа тийм зүйл байхгүй. Харин Үндсэн хуулийн зарчим байгаа. Хүн өөрийнхөө эсрэг болон гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн том зарчим бий. Харин Зөвлөлт маягийн аргаар бол гэмт хэргийг нотлох хамгийн чухал нотлох баримт нь гэмт хэрэгтэн өөрөө гэж үздэг. Ингэж үздэг учраас тухайн хүнээр өөрөөр нь гэмт хэргийг нотлуулахын тулд зоддог, эрүүддэг, айлган сүрдүүлдэг, залилдаг юм. Тэгвэл соёлт хүн төрөлхтний нөгөө явсан арга зам нь болохоор хүнийг өөрөө өөрөөр нь гэмт хэргийг нь нотлуулна гэдэг хамгийн бүдүүлэг, зэрлэг, дундад зууны арга байна. Тийм учраас хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх ёстой гэсэн зарчим барьдаг. Хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй ээ гэж байхад заавал авах гээд цагдан хориод байх шаардлага байхгүй. Өөр нотлох баримт, гэрчүүдээр гэмт хэргийг нь нотлох ёстой юм. Мөн хүний хамгийн чухал, амин сүнс болсон зүйл нь гэр бүл. Тийм болохоор хүүхдээр нь, эхнэр нөхрөөр нь, ээж ааваар нь буруутгуулж болохгүй. Гэр бүлийнхээ, хайртай дотнын хүнээ өмгөөлснийх нь төлөө тэр хүмүүсийг яллаж болохгүй гэдэг зарчим үйлчилдэг. Эрүүгийн хуульд ч гэсэн энэ зарчим байгаа. Оросууд бол тэгдэг байсан. Үлгэр, домог шиг пропаганда хийдэг байлаа. Охин нь аавыгаа илчилж, улсын удирдагч, төр засагтаа үнэнч байгаагаа харуулсан домгийг хүртэл гаргаж ирж байсан. Харин ардчилсан улс оронд ийм зүйл байж огт болохгүй. Ардчилсан нийгэмд хүн өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Өөрийгөө өмгөөлөх эрх гэдэг бол шүүгчийн өмнө очоод би буруугүй гэх зүйл биш. Тухайн хүнийг хаана буруутгаж байна, тэнд өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Хэвлэлээр өөрийг нь буруутгаж байвал хэвлэлээр өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Ажлын байран дээр нь буруутгаж байвал тэр ажлын байран дээрээ өөрийгөө өмгөөлөх ёстой. Гэтэл өөрийгөө хэвлэлээр өмгөөлөхөөр хэргийн нууц задрууллаа гэдэг. Өөрсдөө болохоор хэвлэлээр дуртайгаа гүтгэж, доромжилчихоод өөрийгөө өмгөөлөөд ярилцлага өгөхөөр мөрдөн байцаах үйл ажиллагааны нууц задрууллаа гээд ялладаг байж болохгүй шүү дээ. Тиймээс өөрийгөө өмгөөлөх гэдэг бол хамаагүй өргөн ойлголт.
-Хууль зүйн туслалцаа авах эрх ч бий байх аа?
-Хүн мэдлэггүй, туршлагагүй байж болно. Хуулийн системд ороод явахад мөрдөгч, шинжээч, прокурор нь хамаагүй өндөр боловсролтой хүмүүс тэр хүнийг залилж, айлган сүрдүүлэх гээд янз бүрийн аргаар гэмт хэрэгтэн болгож магадгүй. Тийм учраас тэр хэмжээний мэдлэг, туршлагатай мэргэжилтнээс мэргэжлийн туслалцаа авах эрхтэй. Хууль зүйн туслалцаа авах гэж үүнийг хэлж байгаа юм. Хууль зүйн туслалцаа авахаар өширхдөг, туслалцаа үзүүллээ гэж хуульчийг нь буруутгадаг, өмгөөлөгчийг нь өмгөөлүүлэгчийнх нь эсрэг яллах гэрч болгож ашиглах гэж оролддог, зальддаг байж болохгүй. Энэ бол хамгийн чухал зарчим. Харин манайд хүнээ өмгөөлснийхөө төлөө тэр өмгөөлөгч ялтан болчих гээд байна шүү дээ. Өмгөөлөгч дээр нь гүйцэтгэх ажил явуулдаг, татварын хэрэг үүсгэдэг, худал мэдээлэл тараасан, мөрдөн байцаалтын нууц задалсан гэж яллах гэж оролддог байдал ажиглагдаж байна. Соёлт хүн төрөлхтөн бол өмгөөлөгчийн энэ эрхийг хамгийн чухалд тооцож, хувийн хуульчийг хамгаалдаг.
Мөрдөгч, прокурор нь мөрдөн байцаалтынхаа нууцыг хэвлэлээр гаргадаг. Өмгөөлөгч нь хүнээ өмгөөлөөд ярихаар болдоггүй. Өмгөөлж байгаа хүнийг нь харлуулж, гутаагаад байгаа бол тухайн өмгөөлөгч олон нийтэд зөв мэдээлэл өгөх үүрэгтэй шүү дээ. Мөрдөгч, прокурор нь хэвлэлээр ажлаа хийгээд байвал өмгөөлөгч нь зөрүүлээд хэвлэлээр ажлаа хийхээс өөр аргагүй. Мөн гэм нүглээ наминчилсан шашны санваартныг гэрчээр байцааж болохгүй гэсэн зарчим зарим улсуудад үйлчилдэг. Хүмүүс хийсэн гэм нүглээ бурханд хэлэх гэж оролдож, санваартанд ханддаг. Энэ гурваас өөрөөр бол байхгүй. Харин сэтгүүлчид эх сурвалжаа нууцлах эрх байгаа шүү. Эх сурвалжаа нууцална гэдэг чинь шүгэл үлээгчийг, хүний эрхийг хамгаалагчийг хамгаалж байгаа хэлбэр. Сэтгүүлчтэй холбоотой маргаан гарахад бусад улс орнууд танай улс гэрчээ хамгаалдаг уу гэсэн асуултыг л асуудаг. Эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүс, төр засаг, хамгийн хүчирхэг хүчний эсрэг мэдүүлэг өгөх гэж байгаа хүний тухай энд ярьж байна. Ийм механизм байгаа юм уу. Одоо хүчтэй байгаа Ерөнхийлөгчийн эсрэг мэдүүлэг өгөх хүнээ хамгаалж чаддаг тогтолцооны тухай яриад байгаа юм. Түүнээс биш даргын хамгаал гэснийг хамгаалж, алаад өг гэснийг нь алдаг бууны нохдын тухай яриагүй. Ийм системээ тавьж чадаагүй байж гэмт хэргээ нуун далдлах, гэрчийг устгах, нотлох баримтыг үгүй хийх гэж байгаа тогтолцооны үзүүрт гүйж, эх сурвалжийг ил болгох гэж байгаа юм биш биз дээ, мөрдөгч өө, прокурор оо. Ийм асуулт л тавьдаг.
ТАКТИКЫН НУУЦАА НЭГ СЭТГҮҮЛЧИД АЛДСАН БОЛ ТЭР БАЙГУУЛЛАГЫН Л ХОХЬ
-Манай улсын хэвлэлийн эрх чөлөө хэр байгаа вэ?
-Хэвлэлийн эрх чөлөө хоёр хүчин зүйлээс болоод маш эмзэг байгаа. Нэгдүгээрт, эрх мэдэл, нөлөөтэй хүмүүс төсвийн мөнгөөр хэвлэлийг худалдаж авч байна. Бид хаалтын гэрээ гэж хэлдэг. Яг хаалтын гэрээ гэсэн нэр томьёо байхгүй боловч бурууг нь амаа хамхиад, бусдад гоё харагдах зүйл дээр нь пиар хийгээд өгөөрэй л гэж байгаа хэрэг. Ингэхээр нөгөө чөлөөт хэвлэл маань улстөрчийн, эрх мэдэлтний пиарын хэрэгсэл болоод хувирчихдаг. Энэ чинь пропаганда. Социализм яг л ийм байсан. Нөгөө талаасаа мэргэжлийн үйл ажиллагаагаа зарж болдог гэдэг захиалгат сэтгүүл зүй байх юм бол энэ чинь ардчиллын хүчилтөрөгч болсон чөлөөт хэвлэл мэдээлэл огт биш. Эрх мэдэлтнүүд хэвлэл мэдээллийн хэрэгслийг хоточ бус бууны нохой болгох гэж оролддог, сэтгүүлчид нь хэвлэлийн эрх чөлөөг өөрсдийн хөлжих, орлого олох хэрэгсэл болгодог байдлаасаа салах хэрэгтэй.
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Тухайн сэтгүүлчийг буруутгаж байгаа олон л зүйл гарч байх шиг байна. Яг социализмын үеийн хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг шиг аргаар хандаж байна уу даа гэж харж байгаа. Сэтгүүлчид маань ч гэсэн сүүлдээ айдастай боллоо. Бид ийм хуучинсаг арга барилаасаа салах ёстой. Юу нь буруу, юу нь зөв гэдгийг ялгаж салгахгүйгээр урагшлахгүй. Би бол шуугианы араас шуугиан болж гүйх гэхээсээ илүү үйл явдлын цаана юу байна. Алдааг нь засах боломж, гажуудсан бодлогыг яаж өөрчлөх үү, шийдэл нь юу байж болох вэ гэдгийг харахыг эрмэлздэг хүн. Нэг талаасаа судлаач, нөгөө талаасаа бодлого тодорхойлогчын уураг тархиар асуудлыг харах гэж оролдож байна. Н.Өнөрцэцэгийг олон зүйлээр буруутгаж байгаа. Нэгдүгээрт, Найман ишигний хэрэг буюу Хэнтийн анхан шатны шүүхэд нөлөөлсөн гэсэн гомдлыг Шүүхийн ерөнхий зөвлөл гаргасан гэнэ. Тэгвэл шүүхэд нөлөөлөх гэсэн үйлдэл, үзэгдэл нь юу вэ. Эрүүгийн хууль дээр үүнийг яаж бичлээ. Олон улсад энэ төрлийн гэмт хэргийг ямар шинж, үйлдлүүдээр тодорхойлдог билээ гэдгийг бид хамгийн түрүүнд бодох ёстой. Шүүхэд нөлөөлөх гэдгийг дэлхий нийтээрээ маш олйгомжтойгоор тодорхойлсон нэг зүйл байна. Тэр нь тухайн хэрэг маргааныг шийдэж байгаа шүүгчтэй ямар нэгэн аргаар харилцаанд орсон эсэх. Утсаар ярих, и-мэйл бичих гэх мэт ямар нэг замаар харилцаанд орж айлгасан, нөлөөлсөн, дарамталсан, гуйсан байна уу гэдгийг хардаг. Гэтэл ийм зүйлийг сэтгүүлч Н.Өнөрцэцэг хийсэн үү, тэр нь баримттай юу гэдэг бол эхний асуулт. Харин ийм зүйл болоогүй зөвхөн нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн, бичсэн бол үүнийг шүүгчид нөлөөлсөн гэж ерөөсөө үздэггүй. Бид олон улсын жишгээс огт холдохгүй шүү дээ. Хоёрдугаарт, шүүхийн байр, танхимд хашгирах, лоозон барьж зогсох, бичлэг хийх зэрэг үйлдэл хийсэн үү. Барууны улс орнуудад шүүхийн гадаа лоозонгоо бариад жагсана уу, олуулаа ирж цуглана уу, цагаан хоолойгоор орилно уу ямар ч хамаагүй. Үүнийг шүүхэд нөлөөлсөн гэж үзэхгүй. Шүүхийн байшин дотор энэ үйлдлээ хийвэл харин шүүхэд нөлөөлсөн гэж үзнэ. Ялгаа байгаа биз. Гуравдугаарт, шүүхэд нөлөөлөхүйц албан тушаалтан албаны байр суурин дээрээс мэдэгдэл гаргахыг шүүхэд нөлөөлсөн гэж үзнэ. Төрийн бүх албан тушаалтан биш, шүүхэд нөлөөлөхүйц гэж тодорхой заасан. Сумын Засаг дарга, төрийн дундаж албан тушаалтан шүүхийн талаар ярихад нөлөөлсөн гэж үздэггүй. Харин шүүгч өөрт нь нөлөөлсөн гэж гомдол гаргасан тохиолдолд та ийм хэмжээний албан тушаалтны нөлөөнд үл автах этгээд. Яагаад тэр дунд шатны албан тушаалтны яриа танд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Таны хараат бус, бие даасан байдал, мэргэжлийн ур чадварт эргэлзэж байна гээд эсрэгээрээ тухайн шүүгчээс асуудаг. Нэг сэтгүүлчийн хэвлэлээр ярьж, сошиалд явж байгаа зүйлийг уншаад өөрөө яагаад нөлөөнд орсон юм. Ийм нөлөөллөөс ангид байх мэргэжилтэн, шүүгч байх хэмжээний хүн мөн үү гэдэг асуудлыг хөнддөг. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Хууль зүйн сайд, Их хурлын гишүүд албаны байр суурин дээрээсээ мэдээлэл хийвэл шүүхэд нөлөөлнө гэж үздэг. Яагаад гэхээр тэд хуулийг нь баталдаг, шүүгчийг томилдог. Цагдаа, тагнуулын даргыг ч гэсэн нөлөөлж болзошгүй этгээд гэж үзнэ. Магадгүй шүүгчийн хүүхэд дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаад нөлөөлж магадгүй. Ингээд харахаар Н.Өнөрцэцэг энэ гурван үйлдэлд хамаатаж байна уу.
-Сэтгүүлч энэ бүхнийг хийх албан тушаалтан, хүн мөн юм уу?
-Н.Өнөрцэцэг сэтгүүлч бол ямар ч байсан шүүхэд нөлөөлөхүйц албан тушаалтан биш. Шүүгчтэй харилцаа үүсгэсэнгүй, шүүхийн байранд элдэв асуудал гаргасан уу гээд хэмжихэд маш ойлгомжтой зүйл. Тухайн шүүгч нь нөлөөллийн мэдүүлэг бичиж, гомдол гаргасан уу гэдэг бас нэг асуудал. Эсвэл ийм зүйл байхгүйгээр хэн нэгэн хөндлөнгөөс харж байгаад асуудлыг явуулчихсан уу гэдэг дахиад процессын маягтай зүйл. Мөн мөрдөн байцаалтын нууцыг задалсан гэдэг ойлголтын тухай яриад байгаа. Тэгэхээр мөрдөн байцаалтын нууц гэж юу вэ, аль хүртэл хадгалагдах вэ. Түүнийг задлах субъект нь хэн бэ гэдгийг ярих ёстой. Анх 2015 онд Эрүүгийн хуулийг бичиж байхдаа энэ гурвыг яг барууны улсуудын стандартаар бичсэн юм. Харамсалтай нь үүнийг тэр Д.Дорлигжав гэдэг хүн эвдсэн. Сүүлд нь 2017 онд хуулийг батлахдаа МАН хэтэрхий ерөнхий утгатай тавьсан. Бусад улс орнуудад мөрдөн байцаалтын нууцад мөрдөн байцаалтын явцын бүх зүйлийг хамааруулдаггүй. Тухайн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллагын өөрийнх нь нууцлах зүйл гэж бий. Тэр байгууллага нууцлах үүргээ өөрсдөө хүлээдэг болохоос иргэдийн нуруунд үүрүүлдэггүй. Харин хуулиар мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэгт нэгдүгээр, нууцлагдсан гэрчийг хамруулдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл гэрч нууцлагдана. Яагаад шүүх хуралдааныг амаар явуулна гэж үг байдаг юм. Гэрч, хохирогч шүүх хуралд биеэр оролцдог. Түүнээс биш гэрчээ нуучихаад шүүх дээр Б гэдэг гэрч ингэж хэлсэн гэдэг дам байдлаар хүнийг буруутгаж болдоггүй. Мөн хүн мөрдөн байцаалтын бүхий л шатанд юунд, яагаад буруутгагдаж байгаагаа мэдэх эрхтэй. Түүнээс биш шүүх хурал дээр “Гэнэтийн бэлэг” барьж болохгүй. Хоёрдугаарт, манайхны ярьдагаар гүйцэтгэх ажиллагаагаар авагдсан нотлох баримт болон олж авсан арга зам нууцлагдана. Гэхдээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл л нууцална. Хууль зөрчиж авсан эсэхийг тухайн буруутгагдаж байгаа хүн мэдэх эрхтэй. Харин арга ажиллагаа бол байгууллагын тактикын нууц байдаг. Энэ нууцаа алдсан бол тэр байгууллагын л хохь. Харин нууцлагдсан гэрчийг сэтгүүлч олж мэдсэн ч ил гаргаж мэдээлж болохгүй гэдэг зарчим байгаа. Түүнээс биш мөрдөн байцаалтын нууц гэж бүгдийг хамруулаад, чи хэлж болохгүй гэдэг. Эргээд өөрийнх нь шалгагдаж байгаа хэрэгт ашиглах гэж оролдох юм бол байж болохгүй зүйл. Энэ бүхнийг соёлт хүн төрөлхтний нүдээр харах хэрэгтэй. Ингээд дотор нь задлаад үзвэл хууль юуг нь буруутгаж байгааг ялгаж, салгаж харах боломжтой болно. Асуудалд бодитой хандаж чадвал шударга ёсны үүднээс буруутгаж байна уу, эсвэл улс төрийн өшөө хонзон, захиа даалгавар, хэн нэгэн эрх мэдэлтний дургүйг хүргэсэн учраас энэ хүн цоожлогдож байна уу гэдгийг мэдэх боломжтой.
Л.ГАНТӨМӨР ГЭДЭГ ХҮН ЦАВУУНЫ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
-АН-ын дотоод асуудал хэр байгаа вэ. Нэг тугийн доор зангилагдаад сонгуульд ороход бэлэн болсон уу?-Нам дотор байгаа бүлэг, фракц, хувь хүмүүсийн хоорондын жижиг зөрчлийг хүч өгч дөвийлгөөд, сэдэв болгож ярилцаад л байх юм бол улам томроод л байна. Шаардлагагүй, ач холбогдолгүй мөртлөө хэт томорсон сэдэв чинь хамгийн чухал ач холбогдолтой зүйлийг шахаад олон нийтийн анхаарал, бодлогын гол талбараас гаргачихдаг. Ер нь жижиг хов жив бол намд зөв байгаагүй. Бидний өнгөрсөн үеийн хамгийн том алдаа энэ. Намын дарга нь хэн бэ гэдгээ мэдэхгүй, тамга тэмдэг нь хаана байгаагаа ойлгохгүй болтлоо хэрэлдэж, зөрчилдсөний гол шалтгаан нь жижиг асуудлыг амь оруулсан явдал. Тийм болохоор нүүр тулж уулзаагүй хэрнээ биесээ өрсөлдөгч намынхаа лидерүүдээс илүү үзэн яддаг, жийрхдэг, үл тоодог болтлоо галзуурцгаасан. Одоо бид АН-д олон нийтийн зүгээс ямар үүрэг даалгавар ирсэн бэ гэдгээ л харах ёстой. Үндсэндээ гурван даалгавар ирсэн. Нэгдүгээрт, гэдсэндээ хөлөө жийлцээд хэрэлдээд байдгаа болиоч ээ. Эвтэй байгаад, дарга цэргээ ойлгомжтой болгоод хаанаас нь ч харсан нэг нам, АН шиг болоодхооч гэж байгаа юм. Энэ даалгаврыг гүйцэлдүүлэхийн тулд Л.Гантөмөр гэдэг хүнд итгээд явж байна. Үндсэндээ намын дарга одоо цавууны үүрэг гүйцэтгэж байна. Биднийг нэг бүхэл болоод өгөөч гэсэн олон нийтийн хүлээлтэд хариу өгөхийн тулд эвлүүлэх гэж зүтгэж байгаа. Дотор нь мэдээж жижиг, сажиг зөрчил байх байлгүй. Энэ даалгавраа ямар ч байсан манай хүн сайн гүйцэтгээд явж байна. Хоёрдугаарт, олон нийт биднийг сөрөг хүчнийхээ ажлыг хий гэж байна. Энэ улс орон чинь зөв явж байна уу. Эрх баригчид улс орныг авч явж чадаж байгаа юу зэрэг олон асуулт асууж байна. Буруу явж байгааг нь зогсоох хүч чадал, бурууг нь буруу гээд хэлэх зориг та нарт байна уу. Энэ бүхэнд хариулах гээд харахаар манай намд сөрөг хүчнийхээ ажлыг хийж байгаа нь цөөдөөд байна. Нөгөө намтайгаа ноцолддог бядтай хэсэг энэ намд бараг алга. Гуравдугаарт, буруу эргэчихсэн цаг үеийг зогсоож, эрх баригчдын галзуурал, тэнэглэлд цэг тавих ёстой. Гэхдээ оронд нь танай намд ямар бодлого байна вэ гэж асууж байгаа. Болохгүй байна гээд чанга хашгирахыг хэн ч хийж чадна. Харин ингэж хийдэг юм гэж харуулахыг мэргэжилтнүүд, бодлоготой нам, үзэл санаатай хэсэг хийдэг. Эдгээр асуултад бид хариу өгөх ёстой. Чадна, чадахгүй гэдгээ хэлэх хэрэгтэй. Цаг хугацааны хувьд оройтоод байгаа юм биш үү гэдэг шүүмжлэлтэй би санал нэг байгаа.
-Танай намын удирдлагад гарсан хэнийг нь ч гэсэн өмнөх хоёр Ерөнхийлөгчтэй холбож, тэрний, энэний хүн гэж их ярих юм. Сүүлдээ эрх баригч намын хүн ч гэдэг боллоо. Үнэхээр энэ хоёр хүн өөрийн хүмүүсээрээ танай намыг талцуулаад, хагалан бутаргаад байдаг юм уу?
-Улс төрд яваа хүмүүсийг гурав хувааж харж болно. Зарим нь асуудлыг өөрийнхөө оюун ухаанаар бодож, эргэцүүлэхээсээ илүү хүн дагаж гүйдэг. Тэгэхээр тухайн хүнээрээ баримжаа хийдэг. Ингэж байгаа хүмүүс баримжаа хийж байгаа хүмүүс нь эвтэй байвал нийлж, салж байвал хоорондоо хэрэлддэг. Тэгвэл зарим хэсэг нь намын олонхоороо баримжаа хийдэг. Манай намын олонх, намын бүтэц хаана байна гэдгээр асуудалд ханддаг, сонголтоо гаргадаг. Гуравт нь үзэл санаагаар баримжаагаа гаргадаг төрлийн хүмүүс байна. Манай нам ийм үнэт зүйл, зарчим, үзэл баримтлалтай. Тийм болохоор энэ бодлогын төлөө явах ёстой гэдэг. Ийм гурван төрлийн хүмүүс улс төрд бужигнаж байна. Зарчмын хувьд нам гэдэг чинь үзэл санаан дээр нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Тийм учраас тэр намын олонх нь үзэл санаагаараа баримжаагаа гаргаж явах юм бол хүнээс болж хуваагдах ямар ч шаардлага байхгүй. Хоёр Ерөнхийлөгчийг даган хуваагдаж хүнээр баримжаа хийдэг хүмүүсийн хоорондын толхилцоон байж магадгүй. Гэхдээ энэ бол намын жижиг хэсэг. Түүнд ач холбогдол өгөөд, ярианы сэдэв болгоод байх хэрэггүй. Бидний санаа зовох зүйл бол манай нам өөрийн үзэл санаа, үнэт зүйл дээр байна уу. Баруун төвийн нам чинь хувь хүний эрх чөлөөг чухалчилдаг. Хувийн өмчийг хамгаалдаг, бизнесийн орчныг сайжруулдаг, төрийн оролцоог багасгах гэж оролддог. Иргэд нь илүү чинээлэг байх зарчмыг баримталдаг. Бидний гол харах зүйл чинь л энэ. МАН яагаад дарга шүтээд байдаг юм. Манай нам тэгвэл дундаж анги, иргэнээ л шүтэх ёстой. МАН даргадаа эрх мэдэл өгөх гэж оролддог бол манай нам иргэддээ бизнесээ өргөжүүлж, орлогоо нэмэгдүүлэх, мөрөөдлөө биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг. Эрх баригчид даргаа л хамгаалах гээд байдаг. Тэгвэл АН иргэнээ хамгаалах нь л чухал. МАН Тахарын албыг татан буулгаж, дотоодын цэрэг байгуулаад даргыг хамгаалах тогтолцоогоо бэхжүүлж байхад манай нам дотоодын цэргийг татан буулгаж, Тахарын албыг байгуулан гэрч, хохирогчоо хамгаалж, иргэнээ хамгаалах тогтолцоогоо л сайжруулдаг шүү дээ. Ерөөсөө гол ялгаа нь энэ. Энэ ялгаагаа мэдэж байгаа бол тэнд Х.Баттулга, Ц.Элбэгдоржийг дагаж гүйх сонирхолтой биш. Эрх баригчдаас ялгаатай байр суурин дээрээ хүчээ нэгтгэх нь илүү чухал. Нам байгаагийн утга учир чинь ердөө л энэ шүү дээ.
Зочин · 2024/01/04
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Ялгаа · 2024/01/04
Тэрбум төгрөгийн эмнэлгийн аппарат эвдэж улсыг хохироож ял завшчихаад хоосон цэцэрхээс өөр юмгүй өөрийгөө бас улс төрч гэчихжээ гол ялгаа нь энэ харин энэ л байх.
gg · 2024/01/03
өөөрөө ч их хуралын гишүүн байхдааа ч бужигнуулж бсандаа янхантай хүртэл яалцаад олигтой ч байгаагүй
Зочин · 2024/01/03
40DSH SEKSY ERD80955877
Зочин · 2024/01/03
S XN80955877